Улаанбаатарыг удирдах баатрын баг бэлэн үү?
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үнэмлэхүй олонх буюу 70 хувь нь болох 26 суудлыг Ардчилсан нам сонгуулиар авч, түүхэндээ анх удаа Улаанбаатар хотыг удирдах эрхийг авлаа. Ардчилсан нам өөрийн бодлогыг олонхийн байр сууринаас дангаар хэрэгжүүлэх ийм таатай бололцоог УИХ-д ч авч байгаагүй гэхэд болно. Нөгөө талаас нийслэлийг удирдах эрх түүхэнд анх удаа МАН-аас өөр хүчний гарт шилжиж буй нь энэ юм.
Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь төвлөрөн суурьшсан нийслэлийн амьдралыг тодорхойлох бодлого одоо Ардчилсан намаас 70 байтугай 100 хувь хамаарахаар болж байна. Тэр тусмаа УИХ-д дангаараа олонх болж чадаагүй тус намын шархыг нөхөх, дундуурыг нь дүүргэх өндөр хариуцлага нийслэлийн эрх баригчдын нуруун дээр бууж байна. Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жилд Э.Бат-Үүл баатрын багийнхан нийслэлийг хэр удирдахаас шууд хамаарч, дараагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан нам амжилт үзүүлэх эсэх нь шийдэгдэх болно.
НИТХ дахь Ардчилсан намын байр суурь, цаашид бие даасан бодлогоо зөв хэрэгжүүлж чадах эсэх нь зөвхөн өөрсдийнх нь гарт байгаа бол УИХ-д олж авсан Ардчилсан намын байрлал өрсөлдөгчдийн тоглолтоос хамааран хаашаа ч эргэж мэдэхээр эрсдэлтэй юм. Чухам ийм л учраас тогтвортой ажиллах бололцоогоо Ардчилсан намын олонх бүхий НИТХ энэ удаад бүрэн ашиглаж, намынхаа цаашдын хувь заяаны хаалгыг хаах биш нээх ёстой болж байна. Ардчилсан намын хувьд өөрөө өөрсдөдөө дайсан болдог ужиг гэмээ энэ удаад тэвчиж чадвал нийслэлд бие даасан бодлогоо хэрэгжүүлэх бололцоо бүрэн бий. Гэхдээ уг бололцоогоо баталгаажуулж чадах эсэх нь өнөөдөр өрнөж буй үйл явдлуудын тайллаас, шуудхан хэлэхэд багын тэргүүнээр Э.Бат-Үүлийг томилох үгүйгээс шууд хамаарна. Нийслэлд үзүүлсэн Ардчилсан намын ялалт Э.Бат-Үүлийн нэр хүндээс 100 хувь биш гэхэд үлэмж хэмжээгээр хамаарсан гэдгийг юуны өмнө хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бол нийслэлийн Засаг даргын суудлын төлөө амбициа дарж чадахгүй гүйж яваа зарим нэг хүмүүс, Ардчилсан нам дахь зарим нэг фракцийн гишүүдэд хандсан үг юм шүү.
“Улсын баатар Э.Бат-Үүл хотын дарга болбол нийслэл маань баатар хот болно” гэж өөр зуураа егөө үг хэлэлцэж суугаа сонгогдын эрх ашиг мэдээж хамгийн том эрх ашиг юм. Үүний дэргэд Ардчилсан намын эрх ашиг, эв нэгдэл, хэн нэг гишүүний хэнхэглэл зэрэг нь өчүүхэн хэрэг.
Уулын орой дээр газар булаалдан чихэлдэж, утаандаа угаартаж, халаалт дулаан, халуун усны гачигдалтай амьдарч байгаа нийслэлийн талаас илүү хувийнхны эл бэрхшээлийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг л НИТХ-д олонх болсон Ардчилсан намынхны жинхэнэ асуудал байх ёстой. Өнөөдрийг хүртэл дээрх асуудлыг шийдвэрлэх далайцтай, ончтой бодлогыг нийслэлийн удирдлага, эрх баригчдаас хүлээсэн улаанбаатарчуудын горьдлого тасрахад юу юугүй бэлэн байгаа. Харин энэ хүлээлтэд хариу өгөхийн тулд давын өмнө НИТХ-ын бүрэн эрхийг яаралтай шилжүүлж, ажилд нь оруулах ёстой биз ээ.
Энэ удаагийн НИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуультай цаг хугацааны хувьд зэрэг болсноороо онцлог юм. Өмнө нь УИХ-ын сонгуулийн дараа болдог байсан бөгөөд НИТХ-аас томилогдох нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд батламжлахаар холбогдох хуульд заасан байдаг. Тэгвэл энэ удаад сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ УИХ Засгийн газрыг томилж амжаагүй байгаа учраас нийслэлийн Засаг даргыг хэн батламжлах вэ гэдэг асуудал салаа утга үүсгээд буй. Хуульд хотын мэрийг Ерөнхий сайд батламжлахаар заасан ч хуучин, шинийн ялгааг тусгаагүй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын томилгоо Засгийн газар байгуулагдахыг хүлээх шаардлагагүйгээр эрх зүйн хувьд өнөөдөр ч шийдэгдэх боломжтой юм. Бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхий сайдын хувьд С.Батболдод нийслэлийн Засаг даргыг батламжлах эрх нээлттэй гэсэн үг. Улс төрийн шалтгаанаар уг асуудлыг удааж, гацаах нь хаа, хаанаа ашиггүй. Энэ утгаар харвал сонгуулийн үр дүнгээр бүрдсэн НИТХ-ын шинэ бүтцийг хууль эрх зүйн талаас баталгаажуулж, ажилд нь яаралтай оруулахад асуудал алга. Баатар даргатай баатар хот болохын төлөө Ардчилсан намыг ажилд нь яаралтай оруулья.
URL: