Н.Энхбаяр мэлрэг импортлохоор шулууджээ
Мэлрэг жүржээс хүчтэй байна. Дарангуйллын эсрэг ард түмнүүдийн тэмцэл Тунис,
Египетээс эхлэн Ойрхи Дорнод, Арабыг зоригжуулж, Африкт халдварлан Азийг чиглэв. Хойд Солонгосын тосгодод аяга будааны төлөө, Хятадад ардчиллын төлөө энгийн иргэд гэрээсээ гарав. “Мэлрэг цэцгийн” эрэлт Монголд бий юү? Импортлохоор зэхэгсэд зах зээлээ хэр судалсан бол… Эрэлтийг бий болгох сурталчилгаа улс төрийн ууган хүчний 90 жилийн ой, Эх орончдын өдрийг дамнуулан хүчтэй өрнөж байна.
МАН-ын дарга С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрыг түлхэж унагаад, Парламентыг тараахаар зориг шулуудсанаа нээлттэй зарлаж эхэллээ. “МАН-АН Монголын ард түмнийг дарангуйлан шулж мөлжиж байна. Мананг зайлуулцгаая. Хүмүүс ээ, бидэнтэй нэгдээрэй”. Монгол Улсын Ерөнхийл өгч асан Н.Энхбаярыг өнгөт хувьсгалаар өвчилсөнд УИХ-д суудалгүй намууд, иргэний зарим хөдөлгөөн олзуурхаж, түүнийг тойрон эргэлдэх болсон.
Гуравдагчдын дунд МАХН-ын дарга, бүр улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн ороод ирэв. Н.Энхбаяр одоо тэдний өмнөөс “Бид” хэмээн ярьж, нэгэн эгнээнийхний өмнөөс үг хэл, үүрэг зорилгоо таниулж явна. Тун саяхныг хүртэл улс төрийн хамгийн хүчирхэг намыг даргалж, манай улсад байдаг хамаг л өндөр албан тушаалд сууж, улс төр-эдийн засгийн нөлөө бүхий хүмүүсээр хүрээлүүлж байхдаа Н.Энхбаярт хувьсгал хийх өчүүхэн ч боломж байгаагүй гэж итгэхэд бэрх.
Тэрбээр алдаагаа “ухамсарласан” цорын ганц хүнээр тодорч, одоо л нэг хувьсгал хийх гэж улс төрийн гуравдагч хүчний лидер боллоо. Тэгээд “Египетчүүд шиг байя л даа” хэмээн уриалж, монголчуудаа бослого тэмцэлд уриалж сууна. Улс төрд сөрөг хүчний орон зай цэлийж, гуравдагчдын хувьд урам зориг хий хөглөгдсөн он жилүүд улирсаар байгаа боловч тэднийг нэгтгэн араасаа дагуулах лидер төрөөгүй л байв.
УИХ-ын сонгуулийн салхи сэвэлзэж эхэлсэн сонирхолтой цаг үед Н.Энхбаяраас мундаг лидер гуравдагч хүчинд олдохгүй байгаад олон хүн харамсаж байгаа болов уу. Н.Энхбаяр жинхэнэ лидер болж төрсөн, төлөвшсөн өөрийнхөө цаг хугацаа, орон зайг гуравдагчдын хүчээр эргүүлэн авахаар мачийж, ийм ашиг сонирхлоор Н.Энхбаяр хүрээллээ олж, гуравдагчид ч олонд дэндүү танил удирдагчтай болж амарлаа.
Энэ хүрээлэл хэр бат бэх вэ? “Мэлрэг цэцгийн” эрэлт Монголд бий гэж үү? Н.Энхбаярыг тойрсон гуравдагчдын нэгдэл тийш иймэрхүү асуултууд олон нийтийн зүгээс хөврөх нь дамжиггүй.
Б. Энхцэцэг
“Өнөөдөр”
URL: