“Тавантолгойн хувьцаанаас нэг өрх 10 сая төгрөг хүртэх боломжтой”
Дэлхийн хөрөнгийн бирж дээр Монголын төрийн өмчит компани анх удаагаа хувьцаагаа арилжаалж хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах гэж буй нь монголчуудын хувьд түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ. Үнэхээр монголчуудын тавилан Арабынхаар уу, Африкийнхаар уу гэдэг уулзвар дээр дэнслэгдэж байна. Бид баялгаа зөв ард түмэндээ хүртээвэл Араб шиг болно.
Харин алдаа гаргавал Африкийн замнал руу хальтирч мэдэх юм гэсэн эргэлзээ монголчуудад төрж байгаа. Коксжих нүүрсээрээ дэлхийд толгой цохих “Тавантолгой”-н баялгаас хүртээх 15 тэрбум хувьцаанаас ард түмэн 10 хувийг нь эзэмшинэ. Үүнээс нэг хүнд 550 хувьцаа ногдох юм. Харин үүнийг ямар замаар яаж хүртэх вэ гэдэг дээр иргэд чих тавин санаашран сууна. Үнэхээр энэ баялаг бидэнд өгөөжөө өгвөл Монгол Улс маш богино хугацаанд ядуурлаас ангижирна гэх чимэгтэй яриа ард түмнийг ийнхүү Тавантолгойн хувьцаа руу хошууруулав.
Гэвч цэнхэр, ягаан тасалбараар хулхидуулсан ард түмэн Тавантолгойн хувьцаанд эргэлзээтэй хандаж байгаа юм. Түүнчлэн хувьцааны талаарх ойлголт ч хүмүүсийн дунд тун маруухан байгаа. Дээрээс нь төрөөс өгч буй мэдээлэл бүрхэг, ерөнхий байгаа учир иргэд хэрхэхээ мэдэхгүй чих тавин сууна. Тавантолгойн баялгаас жилд хичнээн төгрөгийн хувь хүртэх вэ, хувьцаагаа ямар хэлбэрээр арилжаалах вэ гээд иргэдийн дунд түм буман асуулгууд хөвөрсөөр байна. Үүнд хариулт өгөхөөр Хан-Уул дүүргийн Иргэний танхимаас Тавантолгойн хувьцааны талаар нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэгт ТӨХ-ны мэргэжилтэн Чинзориг, “Эрдэнэс МГЛ” компанийн Хуулийн хэлтсийн дарга Билгээ, “Эрдэнэс Тавантолгой”-н хараат бус ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан, Үнэт цаасны хорооны ажилтан Оюунбилэг нар хүрэлцэн ирж иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Ж.Батзандангийн ярьж буйгаар бол дунджаар таван гишүүнтэй нэг өрх Тавантолгойн ашгаас 5-10 сая төгрөгийг хүртэх боломжтой аж. Лонпон, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй ижил төстэй хувьцааны ерөнхий дүр зургаас ийм мөнгө босох нь гэсэн тооцоог тэрээр хийжээ.
Ямартаа ч УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хэлсэн 300 сая төгрөг бодитой тоо биш хэмээн Ж.Батзандан онцлов. Харин Үнэт цаасны хорооны ажилтан энд өрхөд хэчнээн төгрөг ногдохыг одоо хэлэх боломжгүй гэлээ. Дээрх албаныхны өгсөн мэдээллээр аж ахуйн нэгжид олгох нэрлэсэн үнээр арилжаалах хувьцааг Татварын ерөнхий газраас гаргасан тоонд үндэслэх юм байна. Одоогоор татвар төлдөг 53 мянган аж ахуйн нэгж байгаа гэсэн тооцоог Татварын ерөнхий газраас гаргажээ.
ТӨХ-ноос өгч буй мэдээллээр бол 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж хөрөнгө босгоно гэж байгаа. Эдийн засагчдын дүгнэлтээр “Тавантолгой”-н үнэлгээ өндөрт хүрэх магадлал өндөр байгаа аж. Тэсэн хэдий ч хувьцааны нэрлэсэн үнийг урьдчилан тогтоох нь төвөгтэй хэмээн мэргэжилтнүүд өгүүлсэн. Үнэт цаасны хорооны ажилтны ярьснаар иргэд заавал данс нээлгэх шаардлагагүй юм байна. Тухайн иргэний регистерийн дугаараар 550 хувьцааны бичилтийг хийх аж.
“Эрдэнэс Тавантолгой” компанийг хөрөнгийн биржид бүртгэх ажил хийгдсэний дараа УБЕГ-аас албан ёсоор иргэдийн нэрсийн жагсаалтыг авч хүн тус бүр дээр Хувьцааны бүртгэлийг хийх юм байна. Тиймээс иргэд данс нээлгэх гэж цаг үрэх шаардлагагүй гэнэ. 1990 он шиг нэг хэсэг нь бэлжиж, нөгөө нь бахь байдгаараа суух вий гэсэн айдас иргэдийн дунд бий. Үүнд дээрх албаныхан “Засгийн газраас ерөнхий шийдвэр гарсны дагуу хувьцааны зарах буюу, бусдад шилжүүлэх эрх яригдана. Эрх нээгдсэний дараа иргэд дансаа нээлгэж хувьцааг захиран зарцуулах эрхтэй болно” гэсэн нь хариу өгсөн юм.
Энэ хэлэлцүүлгээс тодорхой мэдээлэл авахаар ирсэн боловч сонин дээр гарч байгаа бүрхэг хариулттай адил буцах нь хэмээн иргэд гомдоллож байв. Энд эрх бүхий мэдэлтэй хүмүүсээ оролцуулж байгаач ээ. Ард түмэнд Тавантолгойн хувьцааг маш энгийнээр ойлгуулах хэрэгтэй байна. Бид уг нь энд тийм ойлголтыг авахаар ирсэн юм. Даанч бас л талаар боллоо хэмээн тэд сэтгэл дундуур буцацгаалаа.
Б.Ариунзаяа
“Нийслэл таймс”
URL: