Ялах тактик буюу нэр төр
Дэлхийн шилдэг улс төрчийн тухай цуврал нийтлэлдээ энэ удаа эмэгтэй улс төрчийг сонгож байгаа нь учиртай. Монголын парламентад 2012 оны сонгуулиар 9 эмэгтэй Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Эх орныхоо улс төрийн тавцанд гарсан тэднийгээ ирээдүйд дэлхийд танигдсан улс төрч болоосой гэсэн хүслийг давхар дайж байгаа санаа маань энэ.
Энэ удаад онцлон өгүүлэхээр зорьж буй улс төрч бол Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер. Түүнийг нэгэнтээ Их Британи болон дэлхийн улс төрийн амьд домог хэмээн тодорхойлсон байх юм билээ. Их Британийн түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайд, эрх баригч намын анхны эмэгтэй лидер гэсэн тодотгол бол түүнд бий. Бас “Төмөр хатагтай” гэх хэллэгийг улс төрд оруулж ирсэн нь энэ эрхэм мөнөөс мөн. АНУ-ын киночид саяхан энэ хүний ажил амьдралаар “Төмөр хатагтай” хэмээх киног бүтээгээд байгаа билээ. Их Британийн эдүгээгийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронд энэ кино ихэд таалагдсан тухай урьд нь хэвлэлээр мэдээлж байсан юм даг.
Маргарет дэлхий нийтийн болон улс орныхоо шийдвэрлэх чухал асуудалд ямагт хариуцлагатай байр суурь баримталж, асуудлыг хамгийн зөв боломжит хувилбараар шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан хэмээн нэгэн үеийн улс төрчид нь нэг дугаар баталдаг гэсэн. Энэ бол улстөрчийн хувьд онцгой чанар гэх бөгөөд түүнийг нягт нямбай чанар, сэтгэлийн хөдлөл, зөн мэдрэмж, бодит байдлын тун хэмжээг тааруулахдаа ер бусын онцгой хүн хэмээн шагширч байсан нь саяхных. Гэвч Тэтчертэй хамт төрийн хэрэгт зүтгэж байсан лорд Хьюг сэтгэлийн хөдлөлгүй хүн хэмээн түүнийг тодорхойлж байсан нь бас бий.
1979 оны сонгуульд Их Британийн Консерватив нам сонгуульд ялав. Сонгуульд ялсан намын даргын хувьд Маргарет Тэтчер ерөнхий сайдаар сонгогдон ажилласан юм. Англичуудын улс төрийн түүхэнд нэг хүн Ерөнхий сайдаар гурван удаа дараалан сонгогдож байсан нь үгүй бөгөөд харин гагц Маргарет Тэтчер л ийм хэрээс хэтэрсэн итгэлийг үүрч гарсан ганц эмэгтэй. “Төмөр” хатагтай Их Британийн эдийн засгийн хөгжлийн эрчмийг хурдасгаж, тус улсыг дэлхийн хүчирхэг гүрний хэмжээнд дархлан “бүтээсэн” юм.
1925 оны аравдугаар сард хожмын ерөнхий сайд мэндэлжээ. Түүний эцэг нь барааны хоёр ч дэлгүүр эзэмшдэг, орон нутгийнхаа улс төр, шашин номын хэрэгт идэвхтэй оролцдог нэгэн байжээ. Хожим Маргарет “би нягт нямбай эцгийнхээ өмнө насан туршдаа том үүрэг хариуцлага үүрч яваа бөгөөд миний ялалтын уг сурвалж төрж өссөн тэр хөдөөгийн сууринд, төрөлх гэр оронд минь төлөвшиж бүрдсэн юм” хэмээн дурссан байдаг. Маргарет Хильда Робертс хүүхэд байхаасаа л үлгэр жишээ нэгэн байлаа. Тэр 1943 онд алдарт Оксфордод элсэж, химийн ухаанаар мэргэшжээ. Хожим нь бас энэ сургуульдаа соёл урлагийн магистр хамгаалсан байна. Тэр оюутан байх үеэсээ л консерватив үзлийг тууштай дэмжигч байжээ. 1949 онд тэр парламаентад нэр дэвшсэн нь эмэгтэй консервативчуудын хувьд түүхэн дэх хамгийн залуу нэр дэвшигч нь байсан гэдэг. Сонгуульд ялж чадаагүй ч залуу эмэгтэй хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд үлдэж чадсан байна. Нөхөрт гарч 1951 онд ихэр хүүхэд төрүүлж, бас татварын мэргэшсэн өмгөөлөгчийн эрх дэвийг эзэмшсэн байна.
1959 онд тэр парламентад сонгогдов. 1961 онд парламентын танхимын нүүрэн талын суудалд шилжин суух болсон бөгөөд энд тэр тэтгэвэр, үндэсний даатгал хариуцсан парламентын орлогчийн хувиар суудал эзлэх болжээ. Маргарет Засгийн газрын өндөр татварын бодлогыг тууштай эсэргүүцэгч гэдгээрээ ялгарч байсан юм. 1979 оны тавдугаар сард тэр Ерөнхий сайдаар сонгогдов. Эдийн засгийн уналтыг зогсоох, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах нь түүний хувьд эхлэн хийх ёстой алхам нь байсан гэдэг. Эдийн засгийг эрүүлжүүлэх хэд хэдэн санал санаачлага гаргаж, энэ салбарын шинэчлэлтийг эхлүүлжээ.Тухайлбал эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээний санхүүжилтийг багасгаж, тарифын тооцоог хэрэглэж эхэлжээ. 1983 он гэхэд Их Британийн эдийн эдийн засгийн өсөлт эрч хүчээ авав. Энэ үед “тэтчеризм” гэсэн хэллэг гарч ирсэн бөгөөд энэ үг Маргарет Тэтчерийн зорилгодоо хүрэх гуйвшгүй чигч хандлага, улс төр, үзэл санааны илэрхийлэл болж байв.
Тэр дэлхийн тэргүүлэх улс орны Ерөнхий сайдын хувьд эмэгтэй хүнд ахадсан гэмээр олон асуудлыг шийдвэрлэж байсан нь тодорхой. Тэдгээрийн нэг нь Фолклендийн арлын маргаан байсан юм. Бөмбөрцөгийн нөгөө хагаст орших энэ арлуудын харъяаллын асуудлаас болж Аргентин Их Британи хоёр түнжин хагарч, цэрэг дайны хэмжээнд хүртлээ хурцадсан билээ. 1982 оны дөрөвдүгээр сард Аргентины цэргийн эрх баригчид Фолклендийн аралд халдан довтолсны хариуд авсан шийдвэртэй арга хэмжээ нь Консерватив намын 1983 оны ялалтад маш хүчтэй нөлөөлсөн хэмээн улс төр судлаачид дүгнэдэг ажээ. Маргарет Тэтчерийн эхлүүлсэн томоохон өөрчлөлтийн нэг нь нүүрсний уурхайнуудыг хувьчилсан явдал. Энэ явцад саад тээг болж байсан Үйлдвэрчний байгууллагуудын нөлөө, эрх мэдлийг ихээхэн хязгаарласан нь мөргөлдөөнд хүргэж байсан ч эдийн засгийн үлэмжхэн үр дүнтэй өөрчлөлт болж түүхэнд үлджээ.
Тэтчерийг ерөнхий сайд байх үед энэ бүс нутагт Европын холбооны үзэл санаа ид эрч хүчээ авч эхэлж байв. Тэр үед тус улсын Гадаад хэргийн сайд байсан Жеффри Хоу Европын холбоог дэмжигчдийн нэг байсан бөгөөд энэ холбоонд элсэхийг Ерөнхий сайддаа ихэд ятгаж байсан гэдэг. Тэтчер түүний хэлж ярьж байгаа бүхнийг хүлээн зөвшөөрч байсан хэдий ч харин бодит ажил болгохыг яарсангүй.
Тэр Европын холбооны эсрэг биш байсан ч Их Британи энэ холбоонд нэгдснээр тус улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж, холбооны бүтэц нь хэт төвлөрлийг бий болгоно хэмээн болгоомжилж байжээ. Улмаар энэ асуудал эцэстээ Консерватив намыг хоёр хэсэг болгон талцуулахад хүргэсэн бөгөөд Маргарет Тэтчер Их Британийг Европын нэгдсэн мөнгөн тэмдэгтэд оруулахгүй гэсэн шийдвэртээ үнэнч хэвээр үлдсэн юм. 1990 оны сонгуулийн хоёр дахь шатанд оролцохгүй гэдгээ мэдэгдснээр тэр Их Британийн Ерөнхий сайдын карьераа дуусгажээ. Магадгүй түүнд дахиад ялалт байсан ч юм бил үү. Гэвч тэр улс төрийг орхихоор шийдвэрлэжээ. Тэр нэгэнтээ “ Нэр төр бол ялах арга” хэмээн хэлсэн нь буй. Түүнд гурвантаа ялалт авчирсан хүчин зүйл нь үнэхээр түүний нэр хүнд байсан бизээ. Маргарет Тэтчер 1992 онд Лордуудын танхмын гишүүн болж, тус улсын хамгийн хүндтэй шагналын нэг болох Хатан хааны “Гавьяаны төлөө” одонгоор шагнуулжээ. Лордуудын танхимаас гарсны дараа тэрээр “Даунинг-стритийн он жилүүд ба эрх мэдэлд хүрсэн зам” нэртэй дурсамжийн хоёр боть номоо туурьвижээ.
URL: