SK C&C компанийн оруулж ирсэн хяналтын систем бодит үнээсээ 10-100 дахин өндөр өртгөөр орж иржээ
Монгол Улс хөгжиж байна аа. Салбар салбарын мэргэжилтнүүд улсын төсвөөс өчнөөн төгрөг гарздан өндөр хөгжилтэй орон руу томилолт өвөртлөж, өөрийн хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн Монголын хөрсөн дээр буулгахаар хичээж байна. Илүү гарахгүй юм аа гэхэд дөхүүлээд ч болов хуулбарлахыг хичээцгээгээд л байгаа юм. Энэ ажлын нэг нь хоёр жилийн өмнө ашиглалтад орсон “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах нэгдсэн систем”. Хэрэв уншигчид санаж буй бол Т.Билэгт тэргүүтэй манай хотын удирдлагууд нэг хэсэг БНСУ руу гүйдэлтэй болж энэ талаар арвин их туршлага хуримтлуулсан.
Үүний ачаар манай Сангийн яам, БНСУ-ын Экспорт-Импорт банкны хооронд гэрээ байгуулж “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ” төслийн хүрээнд 3.5 сая ам.долларын, “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах нэгдсэн систем” төслөөр 12.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг тус тус 30 жилийн хугацаатай, жилийн 0,5 хувийн хүүтэй авахаар болсон билээ. Уг гэрээнд “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ”, “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах нэгдсэн систем” төслийн (гэрээний нөхцөл, заалт нь адилхан)зээлийн гэрээний худалдан авах ажиллагааны журмын 3-т “Нийлүүлэгч нь гадаад валютын хэсгийн хувьд БНСУ-ын иргэн байх, эсвэл тус улсад бүртгэлтэй хуулийн этгээд байна.” Мөн журмын 4-т ”Хуваарь 2-т заасан зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа үйлчилгээг зээлдэгч Солонгосын нийлүүлэгчдийн дунд өрсөлдөөнт тендер зарлах замаар худалдан авна” хэмээн хатуу зааснаар монгол хүн энэ тендерт оролцох эрхгүй болсон юм. Улмаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уг гэрээг хэрэгжүүлэх олон улсын нэртэй тендер зарлаж, БНСУ-ын есөн компани оролцохоор бүртгүүлснээс зургаа нь материалаа ирүүлж, БНСУ-ын SK C&C, Co.Ltd компани ялалт байгуулан баярын тууз хайчилсан билээ. Энэ бол 2008 оны арванхоёрдугаар сард болсон үйл явдал. Гэтэл Солонгосын компанид дархан эрхтэйгээр олгосон энэ тендерийн цаана өчнөөн луйвар булхай бас шахаа байсныг манай аудитынхан илрүүлжээ. Энэ сурвалжийн өгүүлснээр дээрх хоёр төслийн үйл ажиллагааны санхүүгийн баримт материалд аудит хийхэд төслийн хүрээнд нийлүүлсэн гэх зарим техник, тоног төхөөрөмжийн үнэ хэт өндөр байсан хэмээж байна. Тодруулбал, тухайн бараа материалыг үйлдвэрлэсэн компанийн болон онлайн худалдааны веб сайт дээрх үнэтэй нь харьцуулахад нэг бүрийн үнэ зөрүүтэй, зах зээлийн дунджаас хамаагүй өндөр үнээр нийлүүлэгдсэн хэмээж байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нэгдсэн систем төслийн хувьд тус төсөл дээр суурилагдсан Main server HP rx 6600 маркийн төв сервер 176848 ам.доллараар нийлүүлэгдсэн байхад Google products сайтад 35835 ам.доллар, БНСУ-ын JINDOO I.S CO.LTD компаниас 2009 оны есдүгээр сарын 01-нд ирүүлсэн 119850 ам.долларын нэхэмжлэхийн хавсралтад дээрх маркийн сервер нь 21000 ам.доллар гэж бичигдсэн байжээ. Мөн HP rx 6600 маркийн Back-up server буюу нөөц сервер нь 176848 ам.доллараар нийлүүлэгдсэн бол дээрх сайтад 35835 ам.доллар гэсэн байж. Нөөц сервер JINDOO I.S CO.LTD компанийг нэхэмжлэхийн хавсралт жагсаалтад 21 мянган ам.доллар гэсэн байна. Төсөлд 16754 ам.доллараар нийлүүлэгдсэн MNS/SMS HPDL360G маркийн сервер нь HP худалдааны компанийн сайтат 2289 ам.доллар, JINDOO I.S CO.LTD компанийн 2009 оны нэхэмжлэхийн хавсралт жагсаалтад хоёр мянган ам.доллар гэжээ.
Энэ мэтээр жагсаалт үргэлжлэх бөгөөд төсөлд 16754 ам.доллараар нийлүүлэгдсэн телехяналтын болон хөдөлгөөн мэдрэгч HPDL360G маркийн телекамерын серверүүд тус компанийн худалдааны сайтад нэг бүр нь ердөө л 2289 ам.доллар гэсэн нь гайхшрал төрүүлж байна. Нийтдээ гурван хуудас үргэлжлэх энэ аудитын байгууллагын гаргасан жагсаалтаар бол манайх 10 долларын тоног төхөөрөмжийг 100 доллараар худалдан авсан болж таарч буй юм. Тэр ч бүү хэл “Улаанбаатар хотын Замын хөдөлгөөнийг хянах систем”, “Холбоо, хяналт, мэдээллийн сүлжээ” “Цагдаагийн хяналтын нэгдсэн систем” төслүүдийн хүрээнд авсан камер, сервер, сүлжээний зарим тоног төхөөрөмж, шилэн кабель, программ хангамж зэрэг нь үйлдвэрийнхээ үнээс хэд дахин өндрөөр үнэлэгдэж ирсэн байна. Харамсалтай нь манайхан үүнийг мэдээгүй юу, эсвэл солонгочуудад хэт итгэснийх үү дэндүү өндөр үнээр баахан өр худалдаад авчихаж. Бас болоогүй ээ энэ тухай албаны хүмүүст хэлэхэд “Хэзээ хаана юун шалгалт хийчихэв. Одоо л сонсч байна” хэмээн гайхширсан. Бид хөгжиж ядаж байгаа. Энэ ч утгаараа гадаадаас ирэх элдэв төсөл хөтөлбөрийг алгаа тосоод авдаг болсоор даруй 20-иод жилийн нүүр үзэж байгаа. Үүний балгаар өнөөдөр бид бага хүү, урт хугацаатай нэрийн дор өчнөөн өр худалдаад авчихаж. Уг нь өр л бол өр. Өнөө бид биш гэхэд үр хүүхэд минь төлж л таарна. Тиймээс манай дарга нар энэ мэт асуудалд арай өөр өнцгөөс хандаж, энэ мэт чанаргүй төсөл хөтөлбөр дээр анхаарал хандуулмаар байна. Зөвхөн дээрх төсөл дээр жишээ авахад өчнөөн өртгөөр боссон гэрлэн дохио, хяналтын камер зэрэг нь шаардлага хангаагүй бүр хоцрогдсон техник гэдгийг хэлж байгаа. Харин манайхан үеэ өнгөрөөсөн эдгээр хэрэгслийг нь өндөр үнээр бүр урт хугацааны зээлээр аваад буй нь үүний цаана ямар нэг асуудал байна гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
URL: