Эрх мэдэлтэнд үйлчилсэн шүүх хурал иргэдийн саналыг үгүйсгэлээ
Ерөнхийлөгч шинэ парламентын 74 гишүүний үнэмлэхийг өчигдөр гардуулах ёстой байсан билээ.Гэтэл энэ удаагийн сонгуулиар Өвөрхангай аймгийн аравдугаар тойрогт ялалт байгуулж,УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын нэрийг Сонгуулийн ерөнхий хороо өргөн барьсангүй. Харьяаллын бус хэргийг хариуцагчгүйгээр шийдвэрлэсэн шүүхийн буруутай үйл ажиллагааг МАН-ын гишүүд хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иргэдийн хүлээлгэсэн итгэлийг алдахгүйн тулд С.Чинзориг, Н.Төмөрхүү нар хуулиас биш хөрөнгөтнөөс хараат шүүгчийн шийдвэрийн эсрэг өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
С.ЧИНЗОРИГ: ХАРЬЯАЛЛЫН БУС ХЭРГИЙГ ОНЦГОЙ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧМААР ШИЙДСЭН НЬ БИДНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА
-Ардчилсан намаас УИХ-ын аравдугаар тойрогт нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарын зүгээс Н.Төмөрхүү бид хоёрт нэхэмжилсэн хэргийг Хан-уул дүүргийн шүүх хэлэлцээд Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг нь нотолсугай гэсэн шийдвэр гаргасан байна. Миний хувьд энэ шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Хамгийн гол нь Хан-Уул дүүргийн шүүх Өвөрхангай аймгийн буюу харьяаллын бус хэргийг авч хэлэлцсэн. Үүгээр ч зогсохгүй нэр дэвшигчидтэй холбоотой хэргийг авч хэлэлцэхдээ Сонгуулийн тухай хуулийн дүрэм, журмын дагуу шийдэх ёстой байдаг. Гэтэл “Онцгой ажиллагааны журам”-аар шийдсэн байгаа юм. Эл журмын дагуу эцэг тогтоох, хүүхдийн тэтгэмжийн мөнгө тогтоох мэтийн хуулиар зохицуулагдаагүй асуудлыг хэлэлцдэг. “Онцгой ажиллагааны журам”-аар шийдэгдсэн үед Их хурлын гишүүнээр сонгогдсон гээд тойргийн хороодоос түр үнэмлэхээ авчихсан байгаа Н.Төмөрхүү бид хоёрын эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа юм. Биднийг шүүх хуралд хариуцагчаар оролцуулаагүйн зэрэгцээ уг зарчмын дагуу бид хохирогч болоод үлдсэн ч нэхэмжлэл гаргах эрхгүй болж байгаа юм. Энэхүү ээдрээтэй асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хүлээж аваад нэг цагийн дотор шийдвэр гаргаж, Ерөнхийлөгчид өргөн барих нэрсийн жагсаалтаас хасчихаж байгаа юм. Бидэнд давж заалдах боломж олгохгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нөлөө бүхий эрх мэдэлтнүүд хууль хяналтын байгууллагыг дохио зангаа төдийхнээр хөдөлгөдөг болчихжээ. Сонгуулийн тухай хуулийн хүрээнд авч үзэх ёстой асуудлыг “Онцгой ажиллагааны зарчим”-аар шийдсэн шүүгчийг бид Шүүхийн сахилгын хороонд мэдэгдсэн. Энэ талаар манай намд ажлын хэсэг байгуулагдсан учраас дараагийн алхмууд тодорхой хэрэгжээд явна.
Н.ТӨМӨРХҮҮ: ХЭН НЭГНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН ГАНЦ ШҮҮГЧИЙН ШИЙДВЭР ИРГЭДИЙН САНАЛЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЛЭЭ
-Миний хувьд энэ хэрэгтэй холбоотойгоор дараах дүгнэлтийг гаргаад байна. Нэгдүгээрт, эд хөрөнгө эрх мэдэлтэй хүний өөдөөс ард түмний сонголт хүчин мөхөсддөг юм байна гэдгийг харууллаа. Хоёрдугаарт, нэг хүнд төвлөрсөн хэт их эрх мэдэл, хөрөнгө мөнгө цаанаа маш хортой үр дагаврыг дагуулж байна. Учир нь Өвөрхангай аймгийн иргэдийн санал эрх мэдэлтнээс хараат шүүгчийн шийдвэрээр хүчингүй боллоо. Гуравдугаарт, нэг талын мэдээлэлд дулдуйдаж, хэн нэгний эрх ашгийг хамгаалсан ганц шүүгчийн шийдвэрээр иргэдийн санал үнэгүйдэж байгааг харууллаа. Инээдэмтэй юм шиг мөртлөө эмгэнэлтэй хэргийг өөрийн нүдээр үзлээ. Мөн туршлагатай улстөрчид сонгуулийн бодит үр дүн, ард иргэдийн хүсэл сонирхлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байхыг харлаа. Яагаад заавал сонгуульд мөнгөөр далайлгаж ялах ёстой гэж. Жирийн ардын хүүхэд төрийн хэрэгт оролцох эрхгүй гэж үү. Шүүхийн шийдвэрт тусгагдсан насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсан гэх мэдээлэл ор үндэсгүй хэрэг мөн. Учир нь энэ тухай сонгуулийн тойргийн хороо нягтлаад манай намын албан ёсны ухуулгын бүрэлдэхүүнд насанд хүрээгүй хүүхэд байхгүй гэдгийг нотолсон. Мөн иргэдийн саналыг авах зорилгоор эд бараа тараасан гэж шийдвэрт заагдсан байна. Энэ асуудал сонгуулийн сурталчилгааны үеэр тойргуудад тавигдсан, тойргийн хороо үүний дагуу цагдлаагийн байгууллагад шилжүүлсэн. Харин цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаад нотлогдоогүй учир прокурын дүгнэлт гарчихсан байгаа. Ийнхүү Өвөрхангай аймагт асуудал шийдэгдчихсэн, прокурорын дүгнэлт гарчихсан байхад ямар ч хамааралгүй Хан-Уул дүүргийн нэг шүүгч дээр ор үндэслэлгүй, давж заалдах эрхгүйгээр шийдвэр гаргуулсан нь туйлын бусармаг хэрэг гэж бодож байна. Нөгөөтэйгүүр эд бараа тараасан гэх энэ хэрэг анхнаасаа гүтгэлгийн шинжтэй байсан. Харин ч хэн нь юу тараасныг ард иргэд мэдэж байгаа. Манай намынхан үүнийг сонгуулийн үеэр хар мэдээлэл цацалгүй, цэвэр өрсөлдье гэж шийдээд чимээгүй өнгөрсөн. Одоо бол энэ баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх болно. Эцэст нь хэлэхэд хууль цааз яаж хэрэгжээд байгааг ойлгохгүй байна.
URL: