Н.Алтанхуяг МАХН-МҮАН-ыг баярлуулан гомдоож, МАН-тай уулзалтаа эхлүүллээ

АН энэ удаагийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулаагүй ч Засгийн газраа байгуулах эрхтэй болсон. Сонгуульд ялалт байгуулсан намын дарга УИХ-д суудалтай намуудыг сонжиж эцэстээ МАН дээрээ тогтлоо. Уг нь Н.Алтанхуяг дарга МАХН-ын дарга Н.Энхбаяртай удаа дараа утсаар ярьж бас болзоод авсан байна. Харин Н.Энхбаяртай уулзсанаа намынхаа нөхдүүдэд хэлээгүй аж. Гэвч намынх нь гишүүд Н.Энхбаяртай сэмхэн болзоо тогтоож нууц уулзалт хийснийг олж мэдэж асуудалд үүсгэсэн гэсэн яриа АН-ын хавиар эргэлдэж эхэлжээ. Үнэн худлаа эсэхийг Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёр л гэрчлэх юм.
Гэсэн ч Н.Алтанхуяг Н.Энхбаяртай байгуулсан Засгийн газрынхаа хувь заяанд эргэлзэж эхэлсэн байна. Тэгээд ч Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН, МАН хоёрыг хамтарч Засгийн газраа байгуулах чиглэлийг өгсөн гэж албаны эх сурвалж мэдээлээд байгаа.

Эхлээд АН-ын дарга Н.Алтанхуяг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өгсөн чиглэлийг үл тоомсорлосон байна. Үүнийг нь анзаарсан ерөнхийлөгч түүнийг ялсан намын дарга гэдэг чинь үнэн. Гэхдээ Н.Энхбаяртай байгуулсан Засгийн газрын чинь хувь заяа урт биш шүү гэж сүрдүүлэх, сануулах, зэмлэх өнгө аясаар аятайхан ойлгуулжээ. Тиймээс л Н.Алтанхуяг Н.Энхбаярыг мурисан байна. Бас М.Энхсайхантай уулзаж байсан уулзалтууддаа ч цэг тавьжээ. Ийнхүү Н.Алтанхуяг МАХН-МҮАН-ынханыг баярлуулан гомдоож орхижээ.

Түүний ээлжит болзоо нь МАН болж, удирдлагуудтай нь уулзах, зөвлөлдөх шинэ ажлыг өчигдөрөөс эхлүүлжээ. Харин МАН-ын удирдлагууд Н.Алтанхуягийн болзоонд МАХН-МҮАН-ынхан шиг уриалгахан хандахгүй байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол МАН-ынхан эхэлж бидэнтэй хэлэлцээр хийгээгүй, МАХН-МҮАН-тай эхлүүлчихээд эцэст нь сонголтгүй болохоороо хандлаа гэжээ. Мөн Н.Алтанхуягийг эр хүн шиг л бай л даа гэж хэлсэн сурагтай.  Н.Алтанхуяг даргын саналыг сонссон МАН-ын зарим удирдлага Сангийн яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн яам (АН Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулахаа илэрхийлсэн бол МАН-ынхан Үндэсний хөгжил шинэтгэлийн хороог яам болгох байр суурьтай байгаа), Нийгмийн хамгаалалын яам, ХХААХҮЯ зэргийг өгвөл хамтарч болох талаар байр сууриа илэрхийлжээ. Эдгээр саналыг хүлээж авахгүй бол хүчтэй сөрөг хүчин болно. Тэгээд ч МАН-ынхан Засгийн газарт орох сонирхол бага байгаа гэсэн тодорхой саналууд гаргажээ. Мөн яамдын болоод агентлагуудын тоо, дэд сайдууд байх эсэх олон асуудлаар эцэслэн тохирч байж хамтрах эсэхээ шийдвэрлэнэ гэдгээ ч дайжээ. Ингэж МАН хүчтэй сөрөг хүчин шиг байр сууриа тодорхой илэрхийлсэн байна. 2008 онд ч АН Засгийн газар орохдоо иймэрхүү хатуу болзлууд тулгаж байж Засгийн газарт орсон. Үр дүнд нь Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамдыг авч санасандаа хүрсэн юм. МАН яг одоо тэдний 2008 оны аргыг өөрсдөд нь хэрэглэж эхэлжээ.
Харин Н.Алтанхуяг С.Баяр, С.Батболд шиг тэдэнд хүссэн яамыг нь өгөөд хамтрах болов уу? эсвэл үгүй гэж хэлээд явж чадах болов уу? гэсэн асуултын өмнө иржээ. Дөрвөн жилийн өмнө тухайн үеийн МАН-ын дарга С.Баярт тулгарч байсан зовлон өнөөдөр Н.Алтанхуягт тулгарлаа. Дөрвөн жилийн өмнө АН-ынханыг гаргаж байсан хөзрийг МАН атгалаа. Аль нь ирээдүйтэй уран нүүдэл хийхийг харах л үлдлээ.
24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих