Сүүн сэтгэлтнүүд Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжин аливаа баярыг архигүй тэмдэглэж байхыг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монголын төлөө” уриалгыг хэрэгжүүлэх аяны хүрээнд удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан Монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд, Эмэгтэй удирдагч сан Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Сүүн сэтгэл” уулзалтыг “Иргэний танхим”-д өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын тэргүүнүүд, ээж нар, охид бүсгүйчүүд оролцов.
Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Батчимэг, Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа, Монгол Улсын анхны тэргүүн хатагтай, МОНЭС-ийн тэргүүн Ш.Цэвэлмаа, ардын жүжигчин Д.Мэндбаяр, УИХ-ын даргын гэргий М.Долгорсүрэн, , Гал голомт хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Буудлагын спортын дэлхийн аварга, ОУХ-ний мастер Ц.Хонгорзул, Азийн модель агентлагийн захирал Ч.Содтуяа нар үг хэлж , эмэгтэйчүүдийн баяр гуравдугаар сарын 8-наас эхлэн аливаа баярыг архигүй тэмдэглэж байхыг бүх хүнд, түүн дотроо ээж нар, эмэгтэйчүүд, охидод хандан уриаллаа.
Уулзалт дээр үг хэлсэн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Батчимэг “Ерөнхийлөгчийн уриалга бол хүн ардын, гэр бүлийн, нийгмийн сайн сайхны төлөө төдийгүй улс үндэстний аюулгүй байдлын төлөө юм шүү” гэдгийг, Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа “өнгөрсөн долоо хоногт байгуулсан Архигүй Монголын төлөө Үндэсний сүлжээнд орон даяараа нэгдэн ажиллахыг” онцлон анхааруулав.
Уулзалтад оролцогчид саналаа нэгтгэн “Архигүй Монголын төлөө хамтдаа” гэсэн уриалга гаргалаа. Түүнд “…архи үйлдвэрлэх, сурталчлах, худалдах асуудлыг журамлан хууль эрх зүйн орчныг дахин яаралтай өөрчлөх санаачилга гаргахыг УИХ-ын гишүүдэд, … өсвөр насны хүүхэд, залуучууд, охид эмэгтэйчүүд эрээ цээргүй согтуурч амь нас, амьдралаа алдах, ар гэр, аав, ээж, хань ижил, гэр бүлээ амьдын хагацал, сэтгэлийн гашуун зовлон амсуулж, улмаар улс орны үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учрах магадлал өндөрсөж, гэмт хэргийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул хамтран ажиллахыг бүх ээж, эмэгтэйчүүдэд, … архи хэрэглэдэггүй, түүнээс хол байхыг айл өрх, гэр бүл бүрт , энэ тэмцэлд манлайлагч байхыг эмэгтэйчүүдэд уриалж байна” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт илгээн баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны болон Монгол Ардын Нам байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралд оролцогсдод илгэлт илгээн баярын мэндийг дэвшүүлэв.
Илгээлтэд “Одоогоос 90 жилийн тэртээд Монголын ард түмэн улс орныхоо туурга тусгаар байдлыг сэргээн батжуулахын төлөө тэмцэлд эрслэн босч, Монгол орны сэргэн мандлын нэгэн шинэ үеийг нээсэн билээ. Энэ тэмцлийн манлайд тухайн үеийн монголын сор болсон гарамгай эх оронч ноёд, лам, түшмэд, сэхээтнүүдийг эгнээндээ нэгтгэн үүссэн Монгол Ардын Нам явсан юм. Монголын ард түмний олон жилийн хүсэл мөрөөдөл болж байсан эрх чөлөө, тусгаар тогтнолыг эргүүлэн авчирсан 1921 оны ардын хувьсгал нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын шууд үргэлжлэл байлаа. Хорьдугаар зууны эхэн үеийн буурай монгол орныг туурга тусгаар, бүрэн эрхт улс хэвээр хадгалан, нийгэм, эдийн засаг, соёл иргэншлийн хүрээнд томоохон өөрчлөлт, дэвшлийг хийхэд өдгөөгийн Монгол Ардын Нам түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хөгжил дэвшил амар хялбар олдоогүй. ХХ зуунд Монгол орон коммунист нийгмийн туршилт, ангийн тэмцэл, хэлмэгдүүлэлт, дэлхийн дайн самуун, хүйтэн дайн гэсэн олон сорилт, бэрхшээлтэй тулгарсан бөгөөд өнгөрсөн зууны Монголын түүхийн бүх л алдаа, оноо Монгол Ардын Намтай шууд холбоотой юм.
1990 оны ардчилсан хувьсгалаар бид Монгол орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг жинхэнэ утгаар нь баталгаажуулж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг ардчилсан нийгмийг тунхаглан ардчилсан Үндсэн хуулиа баталсан билээ.
Ардчилсан хувьсгал, өөрчлөлтийн давалгаанаар Монголд Улсад олон нам шинээр төрөн мэндэлж, улс орныхоо хөгжил, цэцэглэлийн төлөө оюун ухаан, хүч зүтгэлээ уралдуулж байна.
Монгол оронд ардчилсан төрийн тогтолцоо бэхжиж чанаржихын хэрээр улс төрийн намуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага өндөрсөж байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Манай улс төрийн намууд, юуны түрүүнд Монгол Улсынхаа үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдэл, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үнэт зүйлсээ дээдлэн, шударга ёсыг эрхэмлэж ажиллах учиртай.
Төрийн хэрэгт ард иргэдийнхээ шууд оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн бие даасан эрх мэдлийг өргөжүүлэх замаар нийгэмд шударга ёс, ардчиллыг улам гүнзгийрүүлж, төрийн ажил, үйлчилгээг хөнгөн шуурхай, тэгш хүртээмжтэй, ил тод болгох шаардлагатай байна. Төрийн албыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаж улс орныхоо өмнө тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, үр дүнтэй шийдвэрлэх төрийн чадавхийг бэхжүүлэх нь зүйтэй.
Эрдэм боловсролтой, өмч хөрөнгөтэй, эрх чөлөөтэй монгол хүнийг бүх талаар төлөвшүүлж, эх орныхоо эзэн,нийгмийн баялгийг гардан бүтээгч болгох ариун эрхэм зорилтын төлөө манай улс төрийн намууд өөрсдийн бодлого, үйл ажиллагааны өөрчлөлт, шинэчлэлийг хийж чадна гэдэгт итгэж байна” гэжээ.
URL: