Зургаан хүний аминд хүрсэн хэрүүл

Хэрэг хуучирдаггүй гэдэг. Иймээс иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс олон жилийн өмнө гарсан олон түмний дунд айдас үлдээсэн хэргүүдийн талаар цувралаар хүргэж байна. Та уншаад нэгийг тунгаах биз.

Хүний амь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан тухай анхны мэдээ авсан Увс аймгийн Цагдаагийн хэлтсийн ажлын хэсэг 1995 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хэргийн газар очив.

Тус аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга Насанбаатараар удирдуулсан ажлын хэсгийнхэн богино хугацаанд шуурхай эрэн сурвалжилснаар хэргийг Цагаанхайрхан сумын Хуст багийн харьяат Пүрэвдорж гэгч үйлдсэнийг тогтоосон юм.

Хэрэг юунаас болсон бэ? Хавтаст хэргээс үзвэл хоёр хоногийн өмнө өвөлжөөнд нөөцөлсөн бэлчээрээс болж Пүрэвдоржийн уур нь шатаж явжээ.

Нэхэл хатуу хэрүүлээс болж хоорондоо нударга зөрүүлээд салсан ч муу ёр шүгэлсэн өөдгүй хэл амны улбаа тасарсангүй. Тэдний зодоонд морьд нь үргэж түр сатаарсан ч Ц-гийн ар гэрийнхнийг голомтоор нь хүйс тэмтрэх санаа зорилго агуулсан Пүрэвдоржийн уур хилэн тогоотой халуун ус шиг даргилж эхлэв. Үлгэрлэвэл “Уур биеийг зовооно, уул морийг зовооно” шиг адгуулж, хоньчилж байгаа хэдэн малынхаа ам руу хийх өвс ногоогоо бодон нөөц бэлчээрээ хамгаалах нь малчин хүний сэтгэл ч Пүрэвдоржийн хувьд газар нутгаа өмчлөх гэсэн санаа нь түүнийг илүү давамгайлж байсан тухай цагдаагийнхан ярьдаг.

Тэгээд ч тэнэгт үг илүүддэг хойно доо… Адуугаа гаргаж явсан Д-тэй таарсан Пүрэвдорж Ц-гийнхэнтэйгээ хэрэлдсэн тухайгаа яривал цаадах нь “Чи хүчрэхгүй биш” гэх аястай үг цухуйлгасанд тэр дороо эргэн давхиж аймшигт хэргээ үйлдсэн ажээ. Тэрбээр Хос хэмээх газар өвөлжиж байсан 65 настай Ц-г ямаагаа хариулж явахад нь боомилж амь насыг нь бүрэлгээд, унаж явсан тэмээнийх бөхнөөс нь дүүжилж орхив. Улмаар талийгаачийн гэр рүү очиж 58 настай хөгшнийг нь бүсээрээ оосорлон чирж хээр аваачиж хаяжээ. Хүү О-г нь ч мөн оосорлон чирч амь насын егүүтгээд Ц-гийн бэрийг таван настай хүүгийнх нь хамт гэрийнх нь гаднаас керосин цацаж шатаажээ.

Тэр үед тэрбээр өөрийгөө юу хийж байгаагаа ч мэдэхээ больсон байсан гэдэг. Хээр бэлчээрт тэмээндээ явж байсан хүү Б-г нь мөн хүзүүгээр нь оосорлон мориор чирч хөнөөжээ. Нэг гэрийнхнийг ийнхүү хөнөөсөн жигшүүрт хэргийн гайгаар зургаан хүний алтан амь эрсэдсэн юм билээ.

Бүгдийг алахгүй бол би баригдана гэх харалган бодолдоо хөтлөгдсөн тэрбээр Харганы Их өтгөн хэмээх газар өвөлжиж байгаа гэр рүүгээ гэм хийсэн шинжгүй тэр өдрөө ирж хоножээ. Хоёр гэр хот айлын зургаан хүний амь насыг бүрэлгэсэн тэрбээр анхны байцаалтандаа “Өвөлжөөний бэлчээр идүүллээ” гэсэн уурандаа энэ хэргийг үйлдсэн. Эхнэр нь ухаа дээр хаягдсан үхээ биз” гэж хээв нэг ярьж байсан гэдэг.

Уулын ар өвөрт болсон энэ хэргийн талаар хүмүүс тэр дор нь ч мэдээгүй бөгөөд гэр шатаж хиншүү хярвас үнэртэхэд л анзаарч мэдсэн аж. Хэдийгээр энэ хэрэг гараад 17 жил болж байгаа ч бидэнд нэгийг сануулсаар байна. Сонгуулийн долгионд хэт автагсад нэгнээ зодож, газрын төлөө, малын бэлчээрийн асуудлаас болж хоорондоо нэгнийхээ аминд бүү хүрээсэй билээ.

Г.Ганболд udriin shuudan


URL:

Сэтгэгдэл бичих