Арслан Х.Мөнхбаатар түрүүлж, Заан Ч.Санжаадамба тавын даваанд унана

Говь-Алтай аймгийн “Хан-Тай­шир” бөхийн дэвжээг УИХ-ын ги­шүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар ивээн тэтгэдэг.Тордлого сайтай учраас жигдхэн тамирчидтай баг гэхэд болно. Улсын гарьд Н.Ган­баа­тар, Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Со­рон­зонболд, улсын начин Ду.Бат­баяр, Д.Лхагвадорж, Л.Гантулга нарын тэргүүтэй бөхчүүд бий. Нэг их насаар зөрүүгүй энэ багийн гол тоглогч бол улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ юм.

Хурц дайчин барилдаантай энэхүү гарьд цол нэмснээс хойш зузаарч  хэн баргийн бөхөд бярдуу­лахаа байсан аж. Түүнтэй очиж барилдах бөхчүүд тодорхой. Хөвс­гө­лийн Ц.Содномдорж, Архангайн Ч.Санжаадамба, заан М.Өсөхбаяр, начин Т.Өсөх-Ирээдүй нартай хүч үзэх магадлалтай.Улсын гарьд Н.Ганбаатар арслан цолны төлөө  зүтгэх  хэдий ч урт хөл нь эзнээсээ урваж  сөхөрчихдөг гэмтэй.

Эдний багаас аймгийн хурц арслан Б.Суманчулуун улсын цолонд зүтгэнэ. Аймгийн цолтой хэрнээ улсын начин, зааны хэм­жээнд барилддаг бөх. Говь-Алтай аймгийн бөхчүүд амь амиа бодоо­рой гэсэн уриатай учир нэг нэгнээ цолонд хүргэх “кран” байхгүй л болов уу. Сэлэнгэ аймгийн Мандал харьяат улсын арслан Г.Эр­хэм­баяр­тай цуг бөхийн спорт хөл тавь­сан хүн бол улсын начин Ду.Бат­баяр юм.

Аймгийн заан цолтойдоо “Заа­ны тугал” хэмээн нэрлэгдэж байсан Ду.Батбаяр заал танхимын барил­даанд одтой гэж жигтэйхэн. Гэтэл улсын наадмын дөрөв, тавын даваанд хүрэлгүй өнхрөөд өгчих­дөг аж. Түүнийг нэг л өдөр улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр шиг задраад ирэх болов уу гэсэн хүлээлт байдаг . Гэвч түүний барил­даа­ны амжилт жилээс жилд жигд­хэн буурч байгаа билээ.

Говь-Алтай аймгийн багаас дутуугүй хүчирхэг баг тамирчидтай бол Сэлэнгэ аймаг. Нэгэн үе “Боо­хой Данзангаа бяртай л гэнэ. Бордооныхоо морьдыг хурдан л гэнэ” гэж шоолуулж явсан Сэлэн­гэ­чүүд  Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь,Дундговь аймгуудыг бодох юм бол хүчтний өлгий болжээ. Сэлэнгэ аймгаас  цээжний бяр нь түрсэн улсын арс­лан Г.Эрхэмбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно.

Эдний багаас үзүүр түрүүнд хүрэх бөх байхгүй болов уу. Харин улсын харцага Т.Өсөх-Ирээдүй заан цолны “заамдалцах” биз. Улсын начин Чотонгийн Баянмөнх гэдэг өндөр залуу бий. Завхан аймгийн харьяат улсын гарьд М.Баяр­жавхлангийн араас за­ламж­лах ухаанаараа бус биеэрээ барилдах шинжтэй билээ. Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн хурц арслан Б.Одгэрэл бас л цолны төлөө барилдана.

Даян аварга А.Сүхбатаас хойш Төв аймгийн бөхчүүд сураг чимээ алдарсан. Найдвар болсон улсын харцага Ө.Даваабаатар нь  заалны барилдаанд эсвэл чанга уна­на.Үгүй бол чангаар шидүүлж ха­раг­дах юм. Гэхдээ Төв аймгийн Баянхангай сумын харьяат Б.Бат­мөнх, аймгийн арслан Ч.Бат­чу­луу­ныгаа харах болов уу . Ширээлсэн ат шиг бие хаатай, хэрнээ    ширхэг чулуунд нь бүдчээд уначих аймгийн арслан Ч.Батчулуун цол авдаг болов уу.

Улсын начин  Ж.Отгонбаярт нь од гийвэл тав давж мэднэ. Гэхдээ аз гэдэг тэр болгон дайраад бай­даг­гүй биз. Өмнөговь, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар айм­гаас үзүүр түрүүний бөх ярих нь зохимжгүй. Харин Дундговь айм­гийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан А.Алтанхуяг, Сүх­баа­тар аймгийн Онгон сумын аймгийн арслан Шарын Мөнгөн­баатар нар улсын цолонд хүрвэл өндөр амжилт юм.

Харин улс төр, бизнес дагаад ч тэр үү Өмнөговь аймгаас улсын цолтой бөх төрөх болсон. Үүнийг орон нутгийн “Таван толгой” ХК-тай холбон тайлбарладаг билээ. Го­вийн аймгуудад горьдлого төдий бөх­чүүд байхад Булган аймаг бол бөхийн өлгий юм. Даншгийн их аваргуудыг нь нэрлээд  байх бо­ломж­той. Эдний галыг мэдээж ул­сын гарьд И.Доржсамбуу ахлаж гарна.

Улсын заан М.Өсөхбаяр, Д.Баа­сан­дорж өсөх идэр начин Ц.Цогт­жаргал, И.Ёндонсамбуу, улсын начин Э.Энхбат, С.Дэлгэрбат, айм­гийн арслан Сүмбээ, Б.Бат-Эрдэнэ нар бий. “Гоё халиун” гэдэг шиг “Гоё Отгоо” гэдэг залуу бий. Бие галбир, гараа дэвээ сайтай  айм­гийн арслан А.Отгонбаатарыг   ин­гэж нэрлэдэг аж. Өнгөрсөн жилийн наадмаар улсын гарьд И.Дорж­сам­буу Өмнөговь аймгаас начин цол төрүүлсэнд гомдоод нэг их барил­дах­гүй байгаа. Гоё Отгоог нутгийн ахдаа гомдоод өрсөлдөгч бөхдөө өгчихсэн ч гэх яриа байдаг аж.

Булган аймгаас дээшээ яваад барилдчих бөх бол жүдоч Э.Энх­бат л болов уу. Харцага, зааны даваа хүртэл шуугиулж мэднэ. Гэхдээ улсын наадам бол “Сонги­но­хайрхан уулын хишиг барил­даан” биш л дээ. Тэгэхээр тийм жин багатай хүн бүтэн өдөржин зуугаас дээш жинтэй бөхчүүдтэй зуу­рал­даж таарна. Цацаа цалгиатай, цаанаа л хийморьтой улсын заан М.Өсөхбаяр нэг л барилдаж өгөх­гүй байгаа юм. Улсын арслан Бандийн Ганбаатар шиг цоорвол цоорохоор болсон бөх дөө.

Эдний галаас гарьд И.Дорж­сам­буу, заан Д.Баасандорж нар нут­гаасаа начин төрүүлж ивээн тэтгэгч УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыгоо баярлуулах болов уу. Булган айм­гийн бөхчүүд нэг иймэр­хүү барил­дах болов уу гэсэн таамаг байна. Харин Завханы бөхчүүдээс ул­сын гарьд М.Баяржавхлан начин цол­тон түрүүлж шинэхэн начин Шир­базарын Жаргалсайхан нь гу­рав дөрвийн даваанд унаж мэдэх юм.

ЭНЭ ЖИЛИЙН ТҮРҮҮ БӨХ ХЭН БЭ?

Залуу аварга С.Мөнхбатын хувьд багийн дэмжлэг сайтай. Улсын арслан Б.Ганбат, улсын харцага Ө.Бат-Орших нар коридор гаргаад өгвөл түрүүлэх нь тодор­хой. Увс аймаг хэзээнээсээ нааш багийн тоглолт сайтай. Тийм уч­раас байнгын бэлтгэлтэй С.Мөнх­бат аваргыг түрүүлнэ гээд хэлчихэд Сүхбаатар, Дорнод нутгийн бөх­чүүд лав ундууцахгүй болов уу.

Хоёрдугаар хувилбар бол Хөвсгөл аймгийн бөхчүүл эвсэж чадваас Х.Мөнхбаатар түрүүлж, харцага Ц.Содномдорж заан бо­лох магадлалтай. Хамгийн гол нь харцага Ц.Содномдорж тунах ба­рил­даанд хэн хэн гэдэг “дайсны цэр­гийг” нугаслаж өгнө төдий чинээ арслан Х.Мөнхбаатарт түрүүлэх магадал өндөрсөх магадлалтай юм. Тэгээд Х.Мөнхбаатар хэмээх хүү 20 настайдаа улсын цолны босго алхсанаас хойш олон жил өнгөрсөн байна. Түүний хувьд улсын аварга гэдэг цолны төлөө уйгагүй бэлтгэл сургуулилт, дэг жаягаас суралцаж байгаа нэгэн.

Нийт үзэгчдийн хамгийн их харж бай­гаа бөх бол Архангай аймгийн Ха­шаат сумын харьяат улсын заан Ч.Сан­жаадамба. Геннисийн номд бүрт­гүүлэх 6016 бөхийн барил­даа­наас хойш амжилт нь эрс унасан. Бөх­чүүд их сүсэг бишрэлтэй улс. Тэр ут­гаараа улсын наадмаас өмнө унаа­ныхаа тоог гүйцээх гэж байж мэ­дэх юм. Гэхдээ л эрсдэл ихтэй. Уна­ган барилдааных нь хэв маяг өөрч­лөгдсөн Ч.Сан­жаа­дам­быг дөрөв, тавын даваанд унана гэж ам гаръя.

Монгол бөхийн таавар үргэл­жийн мөнх будилж ирсэн. Тийм учраас тав, арван саяын боо­цоо­той бөхийн таавар явагддаг. Шөв­гийн дөрвөн бөхийг зөв таагаад таван саяыг ав гэдэг шүү дээ.  Сэтгүүлч миний бие өөрийн өнц­гөөс үзүүр түрүүний бөхөд аварга С.Мөнхбат, арслан  Х.Мөнхбаатар хоёрын аль нэгийг нэрлэж байгаа юм. Хүн бүхэн өөрийн хүндэлдэг, хардаг бөхтэй.  Эцэст нь өгүүлэхэд таны хайрладаг, барилдааныг нь шимтэн үздэг тэр бөх түрүүлэх бол­ту­гай гэж дундыг барин өгүүлмүү.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих