Далай ламын сургаалийг биелүүлэх боломж олгооч
Далай лам манай улсад ирэхдээ биднийг их багагүй архидаж байгааг хараад “Архиа бага ууж, айргаа тааваараа уу” гэсэн сэн. Хотод айраг бараг орж ирдэггүй, ирсэн ч заруулдаггүй гэдгийг мэдсэн бол далай багш “Хөдөөгийн иргэд айргаа, хотынхон нь шар айргаа тааваараа хүртэцгээ” гэх байсан биз. Нэгэнт ялгаж салгаж хэлээгүй болохоор ч тэр юм уу, энэ сургаалийг төр засаг ч, иргэд ч дагасангүй ээ. Дүүргийн Засаг дарга нар айраг худалдаалдаг гэрүүдийг ажиллуулахгүй гэсэн шийдвэрийг ээлж дараалан гаргаж байна. Үүнээс болоод нийслэлчүүд хүссэн үедээ айраг ууж чадахгүй байдалтай наадмаа угтаж байна. Нөгөө талаар, айраг худалдаалагчид “айраг” гэхэд хэцүүхэн юмаар иргэдэд үйлчилснээсээ болоод эрхээ хасуулсан. Аль алиныг нь буруутгах аргагүй. Ингээд буруутан нь олдохгүй бэрхшээлийн тоо нэгээр нэмэгдэж байгаа юм.
Гэтэл айраг уумаар байдаг. Дүүргийн Засаг даргын захирамжаар хориглосноос бусад газруудад “Айрагны гэр” баригдаж эхэлжээ. Хаанаас ч хамаагүй орж ирсэн, бүр хотод “хийсэн” айраг хүртэл “айрагны гэр”-т орохоороо монголчуудын сайхан айрагтай гэж хэлэлцдэг Архангай, Булган, Дундговийнх болж хувирдаг ёс энэ жил ч хэвээр. Мал, маханд “Гарал үүслийн гэрчилгээ” олгодог, харин айрганд үгүй бололтой. Үүнээс болоод айрганд хятад спирт, тэр ч байтугай тайвшруулах үйлчилгээтэй сидуксин хэмээх эмийг ч хольж зарж байсан тохиолдол гарч байсан. “Нэг эврийн үхэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр энэ мэт хударгагүй нөхдөөс болж, нийслэлчүүд айраг уух эрхээ хасуулчихаж байна. Саяхнаас “мах” гэж бас нэг асуудал гарч ирлээ. Айрагны гэрт зөвшөөрөлгүй мах зарж байгаа тухай юм л даа. Айрагны гэрт айраг л зарах зөвшөөрөл өгдөг аж. “Айрагны гэрт очиж мах идье”. Нээрээ л сонин санагддаг юм байна.
Айрагнаас буцдаг монгол хүн гэж үгүй. Огт дургүй нэгэн хүртэл найзуудынхаа хажууд айраг уудаг баатар болох гээд гэдсээ эвгүйттэл уучихсан л тууж явдаг. Харин нэг литр айраг 3000-3500 төгрөгөөр зарагдаж байгаа нь худалдан авагчдад арай л чанга байна. Нэг бодлого бодъё. Литр айраг авч уух мөнгө 3000 төгрөг. Гэхдээ монгол хүн зүгээр л амныхаа цангаагаа тайлаад өнгөрнө гэж үгүй болохоор заавал дахиж ууж байж сална. Гай нь таарч зөвшөөрөлгүй мах зарж байгаа гэрүүдэд орсон байх юм бол бас “мах, айраг” гэж даварна. Ерөнхийдөө нэг удаагийн “таашаал”-даа 10 000- аас багагүй төгрөг зарцуулах тооцоотой. Мөнгөгүй хүн хүссэнээрээ айраг уух боломжгүй.
Мөнгөтэй байгаад уугаад суулаа. “Морь харах” гэж нэг хүнд асуудал тулгарна аа. Жилийн өмнө бол орчин тойронд нь олон нийтийн газар л аваад хаядаг байлаа. Харин одоо нийтийн “00”-той газруудад л гэр барихыг зөвшөөрч байгаа юм билээ. Ингээд олон нийтийн эрх ашгийн үүднээс далай багшийн сураалийг биелүүлэх боломжгүй болж, муу нэртэй луу данстай баар цэнгээний газар руугаа гэлдрэхээс өөр аргагүй болж байгаа юм. “Дараа жил л хэд хоног хөдөө гарч айраг ууя” гэсэн бодолтой ийм улсууд олон байгаа. Харин дараа жил хөдөө явж чадах эсэх нь л ёстой эргэлзээтэй дээ.
Х.Болор
mongoliin medee
URL: