Шинэ засгийн тэргүүн хийгээд хамтрагч хэн бэ

Ардчилсан нам энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулж байгаа нь үнэн ч Засгийн газраа дангаараа байгуулах боломжгүй болсон. Тиймээс хамгийн олон суудал авч байгаагийн хувьд бусад намууддаа санал тавих эрх нь энэ намд бий. Одоогоор МАН-тай хамтрах уу, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтрах уу, эсвэл бүр ИЗН-НН+бие даагчид гэсэн хувилбар сонгох уу гэдэг нь тодорхойгүй байна. АН энэ бүгдээс боломжит хувилбаруудыг тооцоолсоор байгаа. Эцсийн шийдэлд хараахан хүрч амжаагүй учир эхний ээлжинд шинэ УИХ-аа бүрдүүлэхээр АН-ынхан яарсан. МАН-ын хувьд ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй хуралд суухгүй чилээрхэж байна. Байдал цааш хэрхэн үргэлжлэх тухай мэдээллүүдийг тоймлоё.

Ардчилсан намын хувьд фракцууд янз бүрийн тооны суудал авсан байгаа. Тэд энэ хоёр нам, эвслийн алинтай нь хамтрах дээр өөр, өөр байр суурьтай байгаа аж. Одоогоор АН-ын МҮДН фракц хамгийн олон буюу найман суудал авсан бол УИХ, Үндэсний зөвлөлдөх хороонд давамгайлах хандлагатай байсан Алтан гадас зургаан суудал авчээ. МоАХ 4, Шонхор 5, Зүүн хойд Ази хоёр, Нэг ардчилал дөрөв, бусад гэдэгт хоёр буюу Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар юм. Гэвч бусад гэсэнд хамааралтай энэ хоёр МоАХ эсвэл Шонхорт нэгдэх магадлалтай.

ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ХЭН БЭ?

Намуудтай хэрхэн хамтрахаас гадна Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга хэн байхав, эвслээ гэхэд сайд нарыг ямар харьцаатай хуваарилахав гээд олон асуултууд ар араасаа гарч ирж байна. Ерөнхий сайд хэн бэ гэдэг дээр хэд хэдэн хүний нэр яригдаж байна. Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Баттулга гээд л эхнээсээ таамаг хөвөрлөө.

Н.АЛТАНХУЯГ

Алтан гадас фракцын тэргүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг хэдийгээр намаа ялуулсан ч үнэмлэхүй ялалт буюу дангаараа засаг барих эрх авч чадаагүй учраас шууд ногоон гэрлээр Ерөнхий сайд болно гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн УИХ дахь фракцынх нь суудлын тоо нь ч цөөрсөн байгаа. Н.Алтанхуягийг эхнээсээ дангаар Засгийн газар байгуулах боломжоо алдсан гэж намын зарим нөхөд нь шүүмжлээд эхэлсэн нь түүнийг хариуцлага хүлээж, намын даргынхаа суудлыг өг гэсэн утгатай үг. Саяхны нэг хэвлэлийн хурал дээр Ч.Сайханбилэг “Ерөнхий сайд хэн болох вэ” гэсэн сэтгүүлчдийн асуултад “Мэдээж ялсан намын дарга Ерөнхий сайд болдог” гэсэн хариулт өгсөн. Гэвч хариулт өгсөн Ч.Сайханбилэгийн үг АН-ын эцсийн байр суурь биш юм. Тэгээд ч Ч.Сайханбилэг бол Алтан гадасын харьяалалтай гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Нөгөө талаар Н.Алтанхуягт өөрийгөө өмгөөлөх үг бий. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Анх удаа нийслэлд ялалт авчирсан, УИХ дахь суудлын тоог нэмэгдүүлсэн гэх мэт учир шалтгаануудыг тэрээр тоочиж болох юм. Ямар нэгэн байдлаар Н.Алтанхуяг байр сууриа хадгалж үлдэж чадаад Ерөнхий сайд боллоо гэхэд МоАХ, Шонхор зэрэг фракцууд түүнийг суудалд нь тайван суулгахгүй л болов уу.

З.ЭНХБОЛД

Хэрэв Н.Алтанхуяг Ерөнхий сайд биш юм бол дараагийн хувилбар хэн бэ. Энэ удаагийн сонгуульд намынхаа ялалтад томоохон үүрэг гүйцэтгэсэн З.Энхболд Ардчилсан хүчний холбоо, Шонхор фракцын тэргүүн. Мэдээж түүнийг Ерөнхий сайд боллоо гэхэд гайхаад байх зүйлгүй.

Ардчилсан намын хүлээн зөвшөөрөгдсөн лидер. Цэгцтэй, бодлого тодорхойлдог, гаргалгаа сайн гаргадаг. Харин АН-д Н.Алтанхуягаас өөр хүн Ерөнхий сайд боллоо гэхэд Алтан гадас МАН-тай хавсран Засгийн газрыг унагах аюул бий. Тиймээс З.Энхболдыг Ерөнхий сайд болсон тохиолдолд маргаашаас нь унагах оролдлого хийж эхлэх магадлал бий.

Х.БАТТУЛГА

Тэрээр хувь хүнийхээ хувьд хүчтэй лидер гэж хүлээн зөвшөөрөгддөг. Ерөнхий сайд болох боломжит хувилбарын нэг. Хэдийгээр Ардчилсан нам дахь хүчтэй фракц болох МоАХ-ны тэргүүн ч гэлээ Үндэсний зөвлөлдөх хорооны хэд хэдэн хурлын үеэр явуулсан түүний сценари хүчээ авч чадалгүй унаж байсан. Үүнийг нам дотроо доод шатны дэмжлэг багатай гэҗ тайлбарладаг. Энэ удаа МоАХ фракц дөрвөн суудалтай болсон. Гэвч Н.Алтанхуягийг унагаж, З.Энхболд, Х.Баттулга хоёрын хэн нэг нь намын дарга, Ерөнхий сайд болохоор зүтгэлээ гэхэд хүч хавсарч байж л Н.Алтанхуягийг унагах магадлалтай. Ингэхээсээ өмнө тэр хоёр хэн нь Ерөнхий сайд болох вэ гэдгээ сайтар тохирох хэрэгтэй болох байх. З.Энхболд, Х.Баттулга хоёрын хэн ч Ерөнхий сайд боллоо гэсэн Алтан гадас, МАН-ын хатгаас зүгээр байлгахгүй бөгөөд энэ тохиолдолд Засгийн газар тогтворгүй болж, 1996-2000 оных шиг үйл явдал өрнөж болохыг үгүйсгэхгүй. Хэрэв Засгийн газар ингэж тогтворгүй болбол АН ялсны хэрэг гарахгүй.

Р.АМАРЖАРГАЛ

Одоо яригдаж буй хувилбаруудад огт дурсагдахгүй байгаа хүн бол Р.Амаржаргал. Олонд ил яригдаж буй дээрх хүмүүсийн дундуур чимээгүй байж байгаад гараад ирэх магадлалтай. МҮДН хэмээх тэр болгон хор найруулганд хүчтэй оролцоод байдаггүй ч байр сууриа тавихгүй яваад байдаг фракц АН-д бий. Фракцын тэргүүн нь Р.Амаржаргал. Тэд АН-ын фракцууд дотроос УИХ-д хамгийн олон буюу найман суудал аваад байна. Хэрэв фракцууд Ерөнхий сайдын албанд лидерүүдээ санал болгож байгаа бол МҮДН ч бас Р.Амаржаргалаа зүтгүүлэх магадлал өндөр. Тэрээр өмнө нь Ерөнхий сайдын албыг хашиж үзсэн нэгэн. Р.Амаржаргалын хувьд Ерөнхий сайд биш байлаа гэхэд УИХ-ын дарга дээр бууна. Тиймээс АН дотроо зөв тохирч, хамтрагчаа зөв сонгон тогтвортой Засгийн газар бүрдүүлэх гарцаа олох ёстой юм.

МАХН-МҮАН-ЫН ЭВСЭЛ ДЭЭР ИЗН-НН, БИЕ ДААГЧИДТАЙ БҮГДИЙГ НЬ АН ХАМТРАХАД УРИАЛБАЛ…

МАХН-МҮАН-ын эвсэл УИХ-д “11 суудалтай болсон. Өрөвдүүлэх тактикаар улс төр хийсэн Н.Энхбаяр дээрх эвслийг ийм хэмжээний суудал авахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Гэвч гэмт хэрэгт нэр холбогдсон Н.Энхбаяр парламентын гадна үлдсэн. Н.Энхбаяр, М.Энхсайханы эвсэлтэй АН эвсвэл Засгийн газар байгуулах боломж бүрдэнэ. Ийм тохиолдолд сайдын суудал хуваарилалт 70:30 гэсэн харьцаатай байх тухай яригдаж байна. “Шударга ёс” эвсэлтэй хамтарвал Н.Удвал, М.Энхсайхан, О.Чулуунбат, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар сайдын суудалд очих магадлалтай хүмүүст тооцогдож байгаа. Тэр ч бүү хэл Шадар сайдад Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын нэг нь байж болох тухай шивэр авир ярих болсон.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-тэй эвсэх тохиолдолд тэдний зүгээс нэн тэргүүнд тавих шаардлага нь намын дарга Н.Энхбаярыгаа барьж хориулахгүй байх тал дээр анхаарал хандуулахыг хүсэх нь дамжиггүй. Энэ бол АН-д хүндхэн санал болж ирнэ. Ялангуяа энэ удаагийн сонгуулийн үр дүнгийн ачааны хүнд нь ардчилсан Ерөнхийлөгч дээр ирж байгаа нь үнэн. Н.Энхбаярын албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний эд хөрөнгө завшин, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн гэх гэмт хэргийг тэд харсан ч хараагүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрөх нь шударга ёсонд нийцэхгүй. Тэгэхгүй гэвэл эвсэх хоёрхон боломжийн нэг нь МАХН байгаад байдаг. Нөгөө талаас МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн МҮАН-ынхан нь голдуу АН-ын угшилтай учир бууриндаа бүрмөсөн суурьшихыг үгүй гэх газаргүй.

Уг нь өчигдрийг хүртэл таван тойргийн долоон мандатын асуудал Сонгуулийн ерөнхий хороон дээр байлаа. Гэвч өөрчлөгдчихлөв.

Уг нь энэ тойргуудад бүгдэд нь дахин сонгууль явсан бол АН зарим тойрог дээр ялалт байгуулах магадлалтай байлаа. Ийм тохиолдолд Ардчилсан нам ИЗН-НН дээр бие даагчдыг нэмж уруу татаад МАН, МАХН-МҮАН-ын эвслийн аль алинаас татгалзаж болох хувилбар бас байсан юм.

Одоо нэгэн бодит боломж нь энэ хувилбараас нэлээд холдчихлоо. Тэгэхээр МАХН-МҮАН-ын эвсэл дээр ИЗН-НН, бие даагчдыг татаж чадвал АН-ын эвсэл илүү хүчтэй болж МАН дангаараа тойргийн гадна талд үлдэнэ гэсэн үг. Угаас бие даагчид олонхийн талд орж байж л мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ядаж л тойрогтоо төсөв батлуулж чадна. Бие даагчид аль нэг намтай эвсэхгүй дангаар явна гэвэл өмнөх парламентуудын түүхээс харахад ихэвчлэн юу ч хийж чадахгүй, хэлсэн үг нь ач холбогдолгүй байсаар чимээ алдарсан туршлагууд бий.

Нөгөө талаас МАН-д ганцаарчилсан тоглоом хийх боломж гарч, ирэх сонгуульд алдагдсан нэр хүндээ олж авах вий гэсэн болгоомжлол АН-ын зарим гишүүдэд бий.

АН БА МАН-ЫН ЭВСЭЛ

Сонгуулийн үр дүн эвсэхээс аргагүйд хүрсэн нь тодорхой болж эхэлмэгц яригдсан нэг зүйл нь дахиад МАНАН-гийн Засгийн газар байгуулагдах нь гэсэн яриа байлаа. Зарим нэг нь МАНАН биш АНМАН хэмээн залруулж байсан ч яг энэ эвсэл бий болох эсэх нь одоо болтол тодорхойгүй байна. Энэ эвсэл бий боллоо гэхэд хэд хэдэн хүндрэл гарна. Урьд нь яг ийм эвсэл байсан уу гэвэл тийм. Сонгуулийн өмнө одоо хамтрах санал тавих байр суурин дээр ирээд байгаа АН нь цаашид нийлэх боломжгүй болсон гээд орхиод гарсан. Бас тус намын генсек Д.Эрдэнэбат сонгуулийн өмнөхөн МАН-тай эвсэхгүй гэдгээ мэдэгдчихсэн байгаа. Энэ бүхэн хамаагүй гэхэд гурван жил хагасын хугацаанд алдсан ч оносон ч МАНАН хэмээн муулуулж ирсэн тэр хүчин дахиад нэгдчихээр аль, аль намынх нь хувьд нэр хүнд нь автоматаар уначихаж байгаа юм. Энэ нь хоёр том нам нэгдэхгүй байх эхний шалтгаан болж байна. МАН-д АН хамтрах санал тавилаа гэхэд хүлээж авахгүйгээр сөрөг хүчний байр суурин дээрээ тоглоод явчихад дөрвөн жилийн дараа түүний дараагийн дөрвөн жилд ч ялалт авчрах том боломж хэмээн үзэж байгаа хүмүүс байна. Ялангуяа залуучуудынх нь хувьд дөрвөн жил сөрөг хүчний байр суурин дээр сайн тоглоход дараагийн он жилүүд тэднийх болно гэж тооцоолж байгаа байх. Гэхдээ дандаа эрх мэдлийг хүртэж, бялуунаас хуваалцаж ирсэн энэ намын гишүүдийн хувьд юу ч үгүй хоцорно гэдэг хэцүүхэн санагдах нь мэдээж. Олон хүний ажил албаны асуудал босч ирнэ. Тэгээд ч албан тушаалын бялуунаас амжиж авах хүсэл аль ч цаг үед ямар ч намын хүмүүст байдаг учраас нэгдэх санал тавибал түүнийг нь дагаад намирчих хүмүүс гарч л таарна. Уг нь энэ намын доогуурх хүмүүс нь бидний үгийг авдаг бол сөрөг хүчин шиг хүчин байгаад, орон нутгийн сонгууль бас Ерөнхийлөгчийн сонгуулиа авахын төлөө үхэн хатан зүтгэх хэрэгтэй бас хариуцлагыг тооцсон шиг тооцоод явчих ёстой гэж өөр хоорондоо ярьж байгаа аж. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлаар асуудлыг урьдчилан хэлэхэд хэцүү байна.

Хэрэв эвсэхээр боллоо гэвэл МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад л шийдчихнэ. Ямар ч энгийн гишүүний хүсэл зориг хамаагүй. Хамтарч Засгийн газраа байгуулбал урьдын адил 60:40 харьцаагаар тохирох болов уу. Гэхдээ АН давуу эрхтэй байх нь тодорхой. МАН-ын зүгээс яамд, албан тушаалуудаа бас өчигдөр өргөн баригдаагүй үлдсэн Өвөрхангайн тойргийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн саналыг тавих байх. Бусад дээр бол өмнө нь хамтарч байсан болохоороо дадлага туршлага нь асуудлыг амар хялбар явуулахад туслах биз. Хамтарсан тохиолдолд томоохон ажлууд ямар нэгэн саадгүй урагшлах давуу талтай. Харин нөгөө талд нь МАХН гэсэн нэрийг аваад амилж чадсан хүмүүсийн хувьд улс төрийн тавцан дээр тодрох том боломж гарна. Дөрвөн жилийн дараа АНМАН улс орондоо хичнээн ихийг бүтээсэн байсан ч хувааж идсэн нэр зүүх нь тодорхой, дагаад аль алиных нь нэр унах бөгөөд харин МАХН-ын нэр хүнд тун чиг өндөр болно. МАН сөрөг хүчнээр үлдвэл фракцийн нэгдэлтэй АН-ын хувьд ирэх дөрвөн жилд нэг биш нэлээд хэдэн Засгийн газар унаж таарах вий. МАН-ын хувьд хэрэв Засгийн газарт орохгүй бол сөрөг хүчнээр ажиллаж, АН-ынхан тэдний тоглоомд хэрхэн орохыг нь харахаар гараа үрчин суугаа гэсэн. Гэхдээ тэд хүний намыг хорлож эхлэхээсээ өмнө өөрсөд дотроо багагүй асуудлыг шийдэх хэрэгтэй болно.

МАН ДОТОР ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ

Юуны өмнө удирдлагуудаа хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа цөөнгүй хүмүүс бий. Тэдэн дунд тойрогтой үлдэж чадаагүй бас сонгуульд хэдхэн саналын зөрүүтэй аман хүзүүдсэн хүмүүс буухиалан явж байгаа сурагтай. Тус намын генсек У.Хүрэлсүх “Нэр сольсноос болж нам ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ” гэж байсан удаатай. Одоо түүнд хариуцлагыг нь хүлээлгэнэ гэвэл намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг нь авч таарна. Гэвч нэгэнт УИХ-ын гишүүн болж байгаа тохиолдолд орон тооны албан тушаал болох ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа өгч таарч байгаа юм. Тэгэхээр үүнийг хариуцлага гэж үзэхэд хаашаа юм, үгүй гэхэд хаашаа юм гэсэн яриа гарчээ. Бас С.Батболд, У.Хүрэлсүх нарыг огцрууллаа гэхэд оронд нь хэн намын удирдлага болохов гэсэн яриа хүчтэй явж байна. С.Батболдын оронд байх магадлалтай эрхмүүд Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар. Гэхдээ тэдний хэн нь ч нам дотроо хангалттай хөлтэй биш. МАН-д албан бусаар М.Энхболдын буюу хотын, У.Хүрэлсүхийн буюу залуучуудын, С.Батболдын буюу бизнесийн гэсэн гурван том фракц бий гэгддэг. С.Батболдын хувьд нөгөө хоёр шигээ хангалттай хөл байхгүй байсан ч намын дарга болсноосоо хойш байдал өөрчлөгдсөн. Үүн шиг Ө.Энхтүвшин, Н.Энхболд хоёрын хувьд тэр зарчмаар намын даргын албыг хашихад болохгүй зүйлгүй. Гэхдээ Н.Энхболдын хувьд УИХ-ын даргад нэр нь яригдах үед амьдай М.Энхболдын фракцынхан унагасан шиг эсрэг хөдлөхийг үгүйсгэхгүй.

Генсекийн хувьд МАН-д хамгийн яригдах магадлалтай Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын хувьд УИХ-ын гишүүн болчихсон. Ц.Мөнх-Оргил, Г.Занданшатар нар тойргоосоо хоосон хоцорсон улс юун дэвших. Нэр дэвшээгүй бас жагсаалтад ороогүйгээрээ П.Цогтбаатар байхыг үгүйсгэх аргагүй. Бас генсект нэр нь яригдаж болох нэг хүн байсан нь Т.Бадамжунай. Гэхдээ нийслэлийн намын хорооны сонгуулийн менежерээр ажиллаад хангалтгүй дүн үзүүлсэн учраас түүнд хариуцлагын асуудал наана нь сөхөгдөх ёстой гэх хүмүүс байна. Ууган намын хувьд сүүлийн үед сонгуулиас сонгуульд ялагдал хүлээдэг газар нь нийслэл болов. Өнөө жилийн хувьд УИХ-ын сонгуульд нийслэлийн тойргоос ганц ч суудалгүй, НИТХ-ын сонгуульд үлэмж ялагдал хүлээсэн хариуцлага ярихаас аргагүй гэгдэж байна. Нам дотроо шинэчлэл ярих бол нийслэлээс эхэлж ярих ёстой гэсэн асуудал ч их хүчтэй яригдаж байгаа юм байна. Ер нь тус намын нийслэлд хүлээсэн энэ удаагийн ялагдал нь дөрвөн жилийн ч асуудал биш харин хорь гаруй жил нийслэлийг ноёрхохдоо алдаатай бодлого явуулсных гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хорь гаруй жилээр нь хотод МАН эзэгнэхдээ хүнд суртлыг хэрээс хэтрүүлж, газрын наймаа шударга бус байдлыг энгийн иргэдийн хүлээн зөвшөөрч чадах хэм хэмжээнээс хэтрүүлсэн учраас өнөөдрийн ийм ялагдлыг хүлээлээ гэж үзэх хүмүүс байна. Тэд нийслэлд ингэтлээ ялагдал хүлээх болсон нь ганц Г.Мөнхбаярын ч буруу биш. Үе үеийн нийслэлийн удирдлагуудын буруу. Тиймээс хариуцлага хүлээлгэж, ганц хоёр хүнээр туг тахих биш, харин энэ удаагийн ялагдал дээрээ дүгнэлт хийж намаа бүрмөсөн шинэчлэх хэрэгтэй гэцгээх болжээ. Ямартай ч МАН-д Засгийн газарт орох орохгүй асуудлаас гадна цотоодод нь томоохон хөдөлгөөн өрнөөд эхэлсэн байна.

Э.ЭНЭРЭЛ Д.МӨНГӨҢДАЛАЙ


URL:

Сэтгэгдэл бичих