Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё
Халаагаа өгч буй МАН-ын Засгийн газар Хүний хөгжлийн мөнгөний үлдэгдэл сая төгрөгийг ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гурав хувааж өгөхөөр болсон. Гэтэл тараах мөнгө нь байхгүй элдэв арга сэдэж, энд тэндээс гуйлга гуйж, эцэст нь Эрдэнэт үйлдвэрээс 100 тэрбумын урьдчилгаа авч байж заримыг нь олгосон. Ингэж яаран мөнгө тараах болсон нь мэдээж сонгуультай холбоотой. Сонгуулийн өмнө иргэдэд амласан мөнгөө тараачихвал ард түмэн тэднийг амлалтаа биелүүлдэг эрх баригчид гэж үзээд дахин сонгоно гэж найджээ. Гэвч ингэж олгох бэлэн мөнгө эрх баригчдад байсангүй.
Иргэдийн саналыг авах гэж улайрсан эрх баригчид Монголбанкнаас ихээхэн хэмжээний мөнгө авсан төдийгүй Хөгжлийн банкийг онилов. Гэвч хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Батжаргал үүнийг тас эсэргүүцэж, хууль бус үйлдэлд оролцохгүй гэсэн ч эрх баригчдад дарамтлуулан ажлаа өгөхөд хүрсэн. Энэ тухай манай сонин мэдээлж байсан. Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Батжаргал энэ шахалтаас болж аргагүйн эрхэнд өргөдлөө өгөхдөө чухам яагаад ажлаасаа гарах болсноо хамтран зүтгэж байсан хамт олондоо захидлаар илэрхийлсэн билээ.
Уг нь хүний хөгжлийн мөнгийг ямар эх үүсвэрээр тараахыг хуульчилсан. Гэтэл эрх баригчид хууль зөрчиж, эх үүсвэр нь ямар байх нь хамаагүй, амлалтаа биелүүлсэн болох гэж бүхий л аргаар мөнгө цуглуулсан байдаг. Тэр бүү хэл Төрийн банкнаас мөнгө авч тараасан тухай АН-ын дарга Н.Алтанхуяг өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна лээ. Мөн төмөр зам барих мөнгийг хүний хөгжийн мөнгийг тараахад зарцуулсан тухай ч тэрээр хэвлэлийнхэнд дуулгасан. Энэ бүгдээс харахад Ардын намынхан үхэхдээ үхэр буугаа тавина гэгч л болж.
МАН-ын Засгийн газар хоёр дахь ээлжийн 330 мянгыг сонгуулиас өмнөхөн тараах шийдвэр гаргасан. Гэтэл Сангийн сайд Д.Хаянхярваа, дэд сайд Ч.Ганхуяг нар эрх мэдлээ ашиглан өөрсдийн нэр дэвшсэн тойргуудад сая төгрөгийг нь бүрэн олгосон байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын сан хөмрөгийн түлхүүрийг атгаж суугаа тэд өөрсдийн эрх ашгийг бодон сонгуульд өрсөлдөж байгаа тойргийнхоо иргэдэд л сая төгрөгийг нь бүрэн өгсөн нь иргэдээ ялгаварласан хэрэг юм.
Эх үүсвэрийг нь өөр газраас татан төвлөрүүлсэн мөнгийг тараасан Засгийн газар нь хууль зөрчсөн бол Сангийн сайд, дэд сайд нар нь Засгийн газрынхаа гурав хувааж олгоно гэсэн шийдвэрийг мөн зөрчиж, өөрсдийн нэр дэвшиж өрсөлдсөн тойргуудад сая төгрөгийг бүтнээр нь тараасан хэрэг. Нэр дэвшигч сонгуулиар мөнгө тарааж болохгүй хуулийн заалтыг тэд ийнхүү зөрчиж байгаа юм. Хүний хөгжлийн мөнгөтэй холбоотойгоор хууль зөрчсөн бас нэг асуудал бол Эрдэнэт үйлдвэрийн даргын шийдвэр. Тэрээр Засгийн газрыг мөнгө нэхэхэд хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга шиг “үгүй” гэж хэлж болох байлаа. Гэтэл тэгсэнгүй.
Нэг намыг сонгуульд ялуулахын тулд улсын үйлдвэрийн газрын 100 тэрбум төгрөгийг гаргаад өгчихсөн байгаа юм. Тэгэхээр хууль зөрчиж, шалгуулах ёстой хүний нэг нь Ч.Ганзориг болж таарч байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтооно биз. Эднийг ингэж хууль зөрчин иргэдэд мөнгө олгож байх хооронд энэ хаврын бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орчихоод байна. Тендерт ялсан барилгын компаниудын мөнгө нь орж ирээгүйгээс ажлаа хийж чадахгүй байгаа юм. Нэгэнт улсын сан хөмрөг хоосорч байгаа бүхнээ сонгуулиас өмнө үрэн таран хийсэн хойно бүтээн байгуулалтад юугаа зориулах билээ. Иймэрхүү намын эрх ашгаа улсын эрх ашгаас дээгүүр тавьсан ээлжээ өгч буй эрх баригчдын балаг дараагийн Засгийн газарт нэлээдгүй гай тарих байх даа.
Д.МӨНГӨНДАЛАЙ
\medee mn
URL: