Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг Засгийн газрыг буруутгаж байгаа аж
Ашигт малтмалын газрын дарга асан, Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх Доржпүрэвийн Батхуяг 1969 онд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн нэгэн. Мөрөн хотын дунд сургууль, цэргийн алба хааж МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн юм билээ. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Монголын морин уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын терроризмын эсрэг холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын бага хурлын гишүүний сонгуульт ажилтай аж.
1996 онд “Тэс трейд”, “Хөвсгөл Алтандуулга” компаниудыг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байсан. 2007 оноос эхлэн “Эрдэнэс MGL” компанийн дэд захирал, Зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд, 2011 оноос Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга, 2012 оноос эхлэн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад Авлигатай тэмцэх газарт шалгагдан баривчлагдсан байна.
Түүнийг Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан 43 тусгай зөвшөөрөл сэргээсэн гэж буруутгаж байсан ч прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгож байжээ. Ашигт малтмалын “Гол мөрний урсац бүрдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” гарчихаад байхад 192 тооны тусгай зөвшөөрөл олгосон гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа тэрээр “Өөрийгөө гэм буруугүй” хэмээн өлсгөлөн зарлажээ. Ц.Батхуяг “Урт нэртэй хуулийн дагуу хамгаалалтын бүс, ойн сангийн солбицлыг Засгийн газар тогтоох ёстой. 192 тусгай зөвшөөрлийг олгох үед Засгийн газар солбицлыг тогтоогоогүй, хаана солбицол тогтоох нь тодорхойгүй байсан” хэмээн мэдүүлж байгаа гэнэ.
Т.ЭРДЭНЭ
URL: