V цахилгаан станцын ажил дуншсаар байтал эрчим хүчний хомсдолд орох нь
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар нэг шоо метр агаар дахь бохирдлын хэмжээ 20 миллограммаас дээш гарах нь хүний эрүүл мэндэд хортой байдаг аж. Гэтэл манай улсын нийслэлд энэ хэмжээ 279 миллограмм буюу зөвшөөрөх хэмжээнээс 14 дахин давсан байна. Ийм аймшигтай байдалд хүргэж байгаа хүчин зүйл хуучирч муудсан дулааны цахилгаан станцууд бөгөөд эрчим хүчний салбар энэ талаар анхааралгүй сүүлийн 25 жилд шинэ эх үүсвэр бариагүйтэй холбоотой гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэжээ. Дулааны цахилгаан станцууд техник технологи, тоног төхөөрөмжийн хувьд хоцрогдож, эрчим хүчний хэмнэлтэд ч сөргөөр нөлөөлж байгаа аж. Оюутолгой, Тавантолгойг ашиглаж, төмөр зам барьж, аж үйлдвэрийн парк байгуулахад эрчим хүч ихээхэн шаардлагатай. Одоогийн байдлаар эрчим хүчний хэрэглээний дийлэнхийг хангаж буй томоохон цахилгаан станцуудын нийт хүчин чадал 856МВт байна. Гэтэл ирэх оноос эхлээд бүтээн байгуулалтын ажил нь эхлэх Сайншандын аж үйлдвэрийн парк, түүнээс урьтаж төмөр замаа барьсан байх шаардлагатай гээд эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Тиймээс удахгүй эрчим хүчний хомсдолд орж магадгүй гэсэн болгоомжлол байгаа бөгөөд үүнийг баталж байгаа шиг өрсөлдөх чадварын тайлангийн эрэмбэлэлд эрчим хүчний нийлүүлэлтээрээ манай улс сүүлийн байрт жагсчээ.
Түүнчлэн Оюутолгойн үйлдвэрлэлийг явуулахын тулд Хятадаас эрчим хүч импортлох талаар хоёр улсын Засгийн газар ярилцаж байгаа. Хэрвээ Хятад эрчим хүч нийлүүлэхгүй бол Оюутолгойн үйлдвэрлэл зогсох аюултай гэсэн болгоомжлол ч байгаа юм. Олон улсын зөвлөх “Уорли Парсонс” компани Улаанбаатар хотод 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл 310 МВт цахилгаан, 700-800 Гкал дулаан хэрэгтэй, Сайншандын аж үйлдвэрийн парк барихтай холбоотойгоор 1000 орчим МВт хэрэглээ шаардлагатай болно гэсэн тооцоог гаргасан байна. Сайншандын аж үйлдвэрийн паркад томоохон цахилгаан станц барьж эрчим хүчний хэрэглээгээ хангана гэж байсан ч энэ нь цогцолборын өрсөлдөх чадварт нь тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлнэ гэжээ. Тиймээс бас л эрчим хүчээр хангах асуудал тулгарч байна. Гэхдээ Сайншандын аж үйлдвэрийн паркын хүрээнд барих коксын үйлдвэрээсээ 200 МВт-ын хүчин чадлыг гаргаж, дутагдаж байгаа 70-80 МВт-ыг төвийн эрчим хүчний системээс авах боломжтой гэдгийг төлөвлөгөөндөө тусгасан аж.
Энэ мэтчилэн 2015-2030 онд эрчим хүчний хэрэглээ 1500-3000 МВтд хүрнэ гэсэн тооцоо бий. Түүнээс гадна Төвийн бүсийн хэрэглээг оргил ачааллын үед нь хаахын тулд ОХУ-аас цахилгаан импортолж байгаа. Өнгөрсөн онд 200 сая кВт.ц эрчим хүч авсан бол энэ жил бага зэрэг нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Тэгэхээр эрчим хүчнийхээ эх үүсвэрийг нэмэхгүй л бол эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадахгүй байдалд хүрэх нь ээ.
Тиймээс л олон жилийн туршид яригдсан тавдугаар цахилгаан станцыг хурдхан барьж эхлэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Энэ талаар ЭБЭХЯ-ны Эрчим хүчний газрын дарга Т.Цэрэнпүрэв хэлэхдээ “Одоогоор тавдугаар цахилгаан станцын тендер дуусах шатандаа явж байна. Станц эхний үе шат хэрэгжих буюу 2015 он гэхэд 450 МВт цахилгаан, 600 орчим Гкал дулаан үйлдвэрлээд эхэлнэ. Мөн Тавдугаар цахилгаан станцыг гурван хувилбараар барихаар судалгаа хийсэн. Судалгааны дүнд Улиастайд баривал нийслэлийн зүүн хэсгийн дулааны хэрэглээг найдвартай хангах боломжтой боловч газар хөдлөлийн идэвхтэй бус учраас тохиромжгүй гэж үзсэн. Харин хотод барих нь өртөг зардал ихтэй тул гуравдугаар цахилгаан станцыг түшиглэн 6 зуух, 5 трубинтай, нийт 820 МВт цахилгаан, 1101 Гкал/цаг дулаан гаргах хүчин чадалтай байхаар тооцсон” гэлээ. Хэрвээ тавдугаар цахилгаан станцыг хэлсэн хугацаандаа дуусгачихвал өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлтийг хангах л байх. Гэтэл манайх тавдугаар цахилгаан станцыг барина гэж өчнөөн жил дуншсан. Үүн шигээ барьж байна гэж төчнөөн жил дуншвал уул уурхай, бүтээн байгуулалтад шаардлагатай эрчим хүч гадны улсаас хамааралтай болж зовоох нь.
Гэхдээ албаныхан эрчим хүчний хомсдолд орохгүй байх боломжтой гэдгийг хэлж байгаа. Тухайлбал, ТЭЦ-4-ийн хүчин чадлыг 40 МВт-аар нэмэгдүүлсэн. Дарханы дулааны цахилгаан станцыг 30 МВт-аар өргөтгөх төсөл ирэх онд дуусахаас гадна Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг ч нэмэгдүүлэхээр болсон. Дээр нь Ухаа худагт 18 МВт-ын станцыг хувийн хэвшлийнхэн барьсан нь амжилттай ажиллаж байгаа гэсэн. Зүүн бүсийн хувьд Дорнодын Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадлыг 100 МВт-аар нэмэгдүүлэх тендер зарлаад дүгнэж байгаа аж. Мөн саяхнаас Могойн голын уурхайг түшиглэсэн Тэлмэнгийн ДЦС барих ажил эхэлжээ. Харин Оюутолгойд 400 МВт, Тавантолгойд 600 МВт-ын станц байгуулснаар эдгээр ордыг эрчим хүчээр хангаад зогсохгүй Цагаан суваргын зэсийн орд гээд тухайн бүс нутгийнхаа эрэлт хэрэгцээг хаачихна гэж үзэж байгаа. Хэрэв Оюутолгойд Хятадаас нийлүүлэх эрчим хүчний асуудалд хүндрэл гарвал шийдэх гарц байгаа гэнэ. Үүнийг шийдэхээр Өвөрмонголд 220 кВ шугамын барилгын ажлыг хийж байгаа бөгөөд энэ сард ашиглалтад орох аж. Тиймээс Оюутолгойн цахилгааны хэрэглээг хангахад асуудал гарахгүй гэдгийг албаныхан хэлсэн.
Эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадна гэж найдаж байгаа бас нэг хүчин зүйл нь сэргээгдэх эрчим хүч юм. 2020 он гэхэд нийт эрчим хүчний 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчээс гаргаж авна гэж Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрт заасан байна. Үүний дагуу Монголын анхны салхин паркийг “Ньюком” компани байгуулах гэж байгаа аж. Паркийг барихад нийт 120 сая ам.доллар шаардлагатай бөгөөд Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Нидерландын Хөгжлийн банктай хамтран ажиллаж 85 сая ам.долларыг авах аж. Уг салхин парк нь 50 мВт-ын станц бөгөөд цаашид энэ ажлаа үргэлжлүүлж 100, 200 мВт гэх мэтээр илүү их хэмжээний цахилгаан гаргадаг болбол эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 200 мянган тонноор бууруулж, 2 сая тонн ус, 160 мянган тонн нүүрс хэмнэх боломжтой гэнэ. Гэвч тус салхин паркийн тоног төхөөрөмжийг тээвэрлэх асуудал хүндрэлтэй байгаа юм. Энэ талаар “Ньюком” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэлэхдээ “Манай компани “Женерал Электрик”-ээс 31 салхин турбин авч байгаа. Нэг салхин турбин 240 тонн, суурь нь 1000 тоннын жинтэй. Гэтэл Замын-Үүдээс Чойр хүрэх автозамын ажил дуусаагүй байгаа болохоор эдгээр хүнд турбиныг зөөхөд хэцүү байна” гэлээ. Ийнхүү манайх дэд бүтэц муутайгаас болж тоног төхөөрөмж оруулж ирэхээс эхлүүлээд л хүндрэл учирдаг. Тус компани Ухаа худгийн цахилгаан станцын тоног төхөөрөмжийг оруулж ирэхийн тулд бүтэн хоёр жил зарцуулсан гэдэг.
Эрчим хүчний салбартаа техник, технологийн шинэчлэл хийж, шинэ эх үүсвэр барьж чадахгүй байгаа нь манай улсын эрчим хүчний үнэ тариф олон улсын дунджаас доогуур байдагтай холбоотой гэх нь бий. Тиймээс тарифаа нэмэх бодлого баримталж байгаа. Гэхдээ огцом нэмэлгүйгээр эхний ээлжинд салбарын алдагдалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, дараа нь хэрэглэгчдэд дарамт учруулахгүй байх хэмжээгээр тарифыг үе шаттайгаар нэмэх учиртай билээ. Юутай ч бид эрчим хүчний салбартаа шинэ эх үүсвэр барих, цаашлаад техник, технологийн шинэчлэл хийхгүй бол уул уурхай дагасан өндөр хөгжлийг авчирна гэдэг мөрөөдөл болох нь дамжиггүй юм.
М.Ариунсувд
URL: