МАН ”онгоц”, ”алим” хоёрыг андуурав

УИХ-ын Тамгын газар өчигдөр 2008 оноос бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Парламентын хаалтын чуулганыг зарласан ч МАН-ын бүлэг “Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн шалтгаанаар ирсэнгүй. Бүрэн эрх нь дуусч байгаа Парламентын хаалт сонгуулийн үр дүнтэй уг нь ямар ч холбоогүй. Сонгуулийн үр дүн тусдаа асуудал бөгөөд цаашдаа хуулиараа шийдэгдээд явах ёстой юм. Товчхондоо МАН “Алим”, “Онгоц” хоёрыг ялгахгүй болтлоо “ялзарчээ”. Парламентад орж ирсэн шигээ гараад явчихаж чадахгүй байгааг нь харахад улс төрийн нам гэж хэлэхэд ч ичмээр, зарим нэг хүмүүсийн хэлдгээр “ашиг сонирхлын зөрчилтэй, хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл” юм байна. Ийм улс төрийн хүчинд итгэж саналаа өгсөн хүмүүс одоо сонголтдоо бараг л харамсч байгаа болов уу.

Тэдний энэ үйлдлийг төрийн эсрэг гэмт хэрэг гэж ч үзэх үндэстэй. Ард түмний сонголтыг үл хүндэтгэж, сонгосон түшээдээрээ дамжуулан эрх ашгаа хамгаалуулах эрхэд нь халдаж байна гэж үзэхээс өөрцгүй. “Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй бол УИХ-ын чуулганы хаалтыг хийлгэхгүй саатуулж болно” гэж аль ч хуульд заагаагүй. МАН-ын увайгүйтэл сонгуулийн үеэр илэрч л байсан, одоо бүр цагаандаа гарна гэгч болж байх шив. 70 жил дангаараа төр барьсан, боловсон хүчин сайтай, улс төрийн ууган нам гэсэн тодотгол нь одоо зохихоо больж. МАН улс төрийн нам болж төлөвшиж чадаагүй юм байна. Үнэхээр л улс төрийн ууган хүчин бол ялж, ялагдаж үзсэн, буурьтай, сонгууль нэгээр дуусдаггүй гэдгийг мэддэг байх учиртай. Тэгэхгүй тэврүүлж сургасан хүүхэд шиг аашлах нь захын хүнийг “Нөгөө мундаг нам, мам чинь юу хийж байна вэ” гэж дуу алдуулахаар болоод эхэллээ. Намын удирдлагууд өөрсдийгөө мундаг гэж бодож байж болно, гэхдээ ард түмэн дүнгээ тавьчихаад байна шүү дээ.

Парламентын өнгө хийгээд МАН-ын увайгүйтэл юуг зөгнөв
Монголчууд ирэх дөрвөн жилд төрийн эрх барих дээд байгууллагаа сонголоо. Энэ бол ард түмний сонголт. Албан ёсны дүн гараагүй байгаа ч ерөнхийдөө нэг их том өөрчлөлт орохгүй гэж бодоод ирэх дөрвөн жил хууль тогтоох байгууллагыг өнгийг шинжих гэж оролдъё.

Энэ удаагийн Парламент сон­гуулийн хуулиасаа эхлээд шинэ нөхцөл байдалд бүрэлдсэн. Үр дүн ч гэсэн өвөрмөц байдлаар гарлаа.

“Гудамжны тэмцэгчид” гэсэн тодотголтой байсан нөхдүүд Парламентад олноороо орж ирлээ. Ж.Батзандан, С.Ганбаатар, Г.Уянга, З.Баянсэлэнгэ гээд л. Ж.Батзандан, С.Ганбаатар, Г.Уянга нар эднээсээ арай л дөмөг нь. Ж.Батзандан хамгийн олон хүний /44454/, С.Ганбаатар хамгийн их хувийн /53,4 хувь/ саналаар ялалт байгуулсан, Г.Уянга ЭБЭХ-ий сайд Д.Зоригтыг Чингэлтэй дүүрэгт нь өвдөг шороодуулсан нь үүнийг батална. Эх оронч, олны талд байдаг ийм хүмүүс УИХ-д орж ирсэн явдал энэ сонгуулиас иргэдийн хүлээж байсан нэг нааштай үр дүн гарцаагүй мөн байлаа. Ж.Батзандан, Г.Уянга нарын хувьд улс төрийн нам, эвслээс нэр дэвшсэн учир зарим нэг асуудалд намын бодлогын үүднээс хандах магадлалтай. Ингэхээр Парламентад суух ард түмний “хоточ нохой”-н үүргийг С.Ганбаатар гүйцэтгэх найдлагыг тээж байна.

Ард түмэн аль ч намд дангаараа эрх барих боломжийг олгосонгүй. Олигархи, төрөөс төрсөн тэрбумтан гэгддэг нөхдийг тойргоос нь унагаж, жагсаалтаар халхлан орж ирснийг нь хянуулахаар хүчирхэг сөрөг хүчин, бие даагчдыг илгээлээ. Гэхдээ ийм үр дүн сайнаас гадна саарыг ч авчрах магадлалтай юм. УИХ-ын үйл ажиллагааны хувьд асуудалгүй байх. Харин гүйцэтгэх засаглал нэг л тогтворгүй, бужигнасан байдалтай босч ирж мэдэхээр байна. 1996-2000 оны Парламентад Ардчилсан холбоо эвсэл 51 суудалтай эрх барьж байсан ч 25 суудалтай сөрөг хүчинд мөн ч олон удаа “дэгээдүүлж” байсан билээ. Энэ удаа Ардчилсан нам МАН, МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслийн аль нэгэнтэй хамтарч Засгийн газраа бүрдүүлнэ. 2016 оны сонгууль дөхөөд ирэхийн цагт сөрөг хүчин дэгээдэх гэж мөн ч их оролдоно доо. Олон Засгийн газар солигдвол сонгуулийн үр дүнд нөлөөлнө. Ажил алдагдаж, завхрал, нугалаа үүснэ. Уг нь нэг нам нь үнэмлэхүй олонх болоод хэл амгүй Засгийн газраа байгуулж, ажлаа хийгээд хариуцлагаа хүлээгээд явах нь улс орны хөгжилд ч хэрэгтэй ард түмний хувьд ч дүн тавихад амар болох юм. Өнгөрсөн 10 гаруй жилд “Үндэсний эв нэгдлийн гэх мэт нэртэй хамтарсан засгийн газрууд ажиллаад хэл ам хэрүүл тэмцэл хийсээр өөдтэй ч ажиллаж чадалгүй тарж бутарч, алга болсон билээ. Ард түмний сонголт нэгэнт гарсан хойно одоо яая гэхэв, ийм эвгүйхэн шиг нөхцөл байдал үүсч мэдэхээр үр дүн гарчихлаа. Гэхдээ нэгэнт хөгжих гэж байгаа улс, зорилго тодорхой учраас хаа хаанаа хичээгээд үлгэр жишээ ажиллавал хөгжих боломж ойрхон байна. Хамгийн гол нь хуулиа чанд хэрэгжүүлэх л асуудал байгаа юм.

Гэхдээ эвслийн Засгийн газар байгуулах шаардлагагүй ч болж мэднэ
СЕХ 2012 оны сонгуульд ялалт байгуулсан нь тодорхой болсон 72 хүнийг бүрэн эрхийг нь баталгаажуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байна. Гурван мандаттай Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хоёроос илүү нэр дэвшигч 28 хувийн саналаа авч чадаагүй учир үлдсэн нэг ман­дат дээр дахин санал хураалт явуулахаар болоод байгаа. Мөн Өвөрхангайд нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг “Сонгогчдын саналыг худалдаж авах гэж оролдсон байж магадгүй” гэ­сэн үндэслэлээр өргөн бариагүй байна.

Гэхдээ эд нар дээр нэмэгдэх хүмүүс байгаа гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болов. МАН-аас Увсад нэр дэвшиж ялалт байгуулсан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар бусдад мөнгө тараасан нь тогтоогдсон тул эргүүлэн татсан сурагтай. Мөн Дорнод аймагт нэр дэвшиж ялсан Н.Номтойбаяр, Эрдэнэтээс торойсон О.Содбилэг нарыг иймэрхүү асуудлаар шалгах бололтой. Хэрвээ эдгээр нэр дэвшигчид хууль зөрчсөн нь тогтоогдвол дараагийн хүмүүс нь өгсөж орж ирэх боломжтой болох юм. Ингэсэн тохиолдолд АН дангаараа Зас­гийн газраа байгуулах боломж бүрдэх юм. Ер нь бол нэг намаас бүрдсэн Засгийн газар байгуулах магадлал нэмэгдэж байгаа гэж эх сурвалжууд хэлж байна.

Х.Батсайхан

монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих