УИХ, Засгийн газрын гадна үлдэж байгаа Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын адил тал, сонирхолтой өнцөгүүд
Цагтаа улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд явсан хоёр эрхэм амарч чадахгүй улс төрийн тогоонд эргэлдэж бас адлагдаж явна. Н.Энхбаяр, М.Энхсайхан гэсэн хоёр эрхэм уг нь хэзээ ч эвлэрэшгүй дайснууд мэт байсан. Харин өнөөдөр хэзээ ч салшгүй нөхөр мэт болжээ. Улсынхаа эрх ашгийн төлөө юу, амийн хувийнхаа эрх ашгийн төлөө юу гэдгийг нь хүмүүс янз бүрээр л тайлбарлаж байна. Эцсийн үнэнийг нь цаг хугацаа л харуулна.
Хамгийн чухал нь хэдэн жилийн өмнөөс эхэлсэн Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын нөхөрлөл, бодлого, стратеги, тактикийн үр дүнд МАХН-МҮАН парламентын бодитой гуравдах хүчин болж 10 гаруй суудал авлаа.
Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрт ойртож нөхөрлөх олон адил талууд байна.
Хоёулаа өмнө удирдаж явсан намаасаа гарсан. Хоёулаа намаасаа гарахдаа өөрийнхөө үнэнч даган бишрэгчдийг дагуулж намаа бодитойгоор хоёр хуваасан. М.Энхсайханыг дагаж тухайн үед МҮАН-ын лидерт тооцогдож байсан Ж.Наранцацралт, М.Сономпил, Н.Батцэрэг зэрэг олон эрхэм намаасаа гарсан. Н.Энхбаярыг ч гэсэн дагаж Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Н.Удвал зэрэг лидерүүд гарав.
Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёулаа хуучин удирдаж байсан намынхаа нэрийг сэргээн авсан. М.Энхсайхан намаа АН болонгуут нь хуучин МҮАН гэсэн товчлолыг сэргээн авсан. Н.Энхбаяр намаа уугуул нэрээ сэргээж МАН болонгуут нь МАХН гэсэн брэнд нэрийг нь сэргээсэн. УИХ-ын энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахад нь МАХН, МҮАН гэсэн брэнд нэр онцгой чухал хүчин зүйл болсон. Энэ нэрнүүдийн хүчээр хорооны дарга байсан Дэнжийн мянгын наймаачин хүртэл УИХ-ын гишүүн болж дөнгөлөө. МАХН, МҮАН гэсэн нэр ялангуяа намын листээр санал хураахад онцгой чухал нөлөөлөл үзүүлэв.
Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёулаа өмнө хамтран ажиллаж байсан хүмүүстэйгээ тангараг тасарч үргэлж муулдаг болсон. М.Энхсайхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд Н.Алтанхуяг, Да.Ганболд, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Б.Баабар гээд хамтарч байсан лидерүүдээ нэг нүдээрээ ч хардаггүй. Н.Энхбаяр ч мөн адил. Нэгэн цагт хамтарч байсан С.Батболд, У.Хүрэлсүх, С.Баяр, Ц.Нямдоржийгоо хэвлэлээр муулж, түмний өмнө шившиглэж кайф авч байна.
Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёулаа авлигалын тухай их ярьдаг. Бас орооцолдсон гэгддэг. М.Энхсайханыг анх Эгийн голын усан цахилгаан станцын асуудалтай холбон авлигал авсан гэж шуугиж байсан. Гэвч нотлогдоогүй. Хожим тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө “Авлигалын ханыг нураана” гэсэн утгатай мессеж нисгэж байсан. Н.Энхбаярыг авлигалын загалмайлсан эцэг гэж цоллодог. Одоо энэ нэрнээсээ болж шалгагдаж байгаа. Өнөөдөр авлигачин биш харин авлигалын эсрэг цогтой тэмцэгчийн дүрд хувирсан.
Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёулаа ерөнхий сайдаар ажиллаж байсан. М.Энхсайхан эдийн засагт реформ хийсэн гэж үнэлэгддэг. Харин Н.Энхбаяр газрыг хувьчилсан, мянганы замыг эхлүүлсэн, эх өрийг тэглүүлсэн гэдэгээрээ олон түмэндээ нэртэй. Хэн ч тэдний энэ гавъяаг үгүйсгэх боломжгүй.
Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёулаа өндөр боловсролтой нэр хүнд бүхий эмэгтэйчүүдтэй гэр бүл болсон. М.Энхсайханы эхнэр Э.Шүрэнцэцэгийг өндөр боловсролтой гэдэг бол Н.Энхбаярын гэргий О.Цолмонг түүнээс дутахгүйг олон хүн мэднэ.
Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёулаа удам судар сайтай эхнэртэй. М.Энхсайхан Богдын хүргэн гэгддэг бол Н.Энхбаяр Чингэсийн алтан ургийн хатагтайтай гэр бүл болсон гэж бичигдсэн юм.
Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёулаа ийм удам судар сайтай, боловсролтой эмэгтэйтэй гэрлэсэн мөртлөө хожим гэр бүлийн асуудал үүсгэсэн. М.Энхсайханыг эхнэр Э.Шүрэнэцэгээсээ салж залуухан эмэгтэйтэй гэр бүл бослон гэж яригддаг. Н.Энхбаярыг ч гэсэн эхнэрээсээ салсан, тусдаа байгаа, өөр эхнэр авсан гэж нэг хэсэг шуугисан ч гэсэн О.Цолмонтойгоо хамт байгаа нь их баривчилгааны үеэр тодорхой болсон.
Н.Энхбаяр, М.Энхсайханы хоёулангийнх нь нэр Э үсгээр эхэлнэ.
Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёулаа ууланд авирах адилхан хоббитой. М.Энхсайхан Алтай таван богдод авирахдаа чулуунд алмасын мөр харсан гэж хэлээд онигоонд орсон. Бараг л “алмас” хоч авах шахсан юм. Н.Энхбаяр Алтай таван богдод авирахдаа Чингэс хааны сургаалийг ууланд пайз болгон хадаж өөрийгөө Чингэс хаан шиг бодлоо гэж зарим нэгэнд шүүмжлүүлж байсан.
Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёулаа англи, орос хэлний өндөр мэдлэгтэй. Хоёулаа ОХУ-д боловсрол эзэмшсэн.
Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёулаа хувьсгал ярьдаг болсон. Засаг удирдаж байхдаа хувьсгал ярьдаггүй байсан мөртлөө засгаас буусныхаа дараа, гудамжинд гараад хувьсгалын онол ярьдаг болсон. М.Энхсайхан үндэсний үзэл ярьж хувьсгалд дуудаж байсан бол Н.Энхбаяр төрөө авлигалаас цэвэрлэх, олигархуудаас салгах хувьсгал ярьж явна.
Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёулаа шинээр сонгогдож байгаа УИХ-д нэр дэвшсэн ч гэсэн гадна нь үлдэж байна. М.Энхсайхан нэр дэвшээд унасан бол Н.Энхбаяр намынхаа листнээс хасагдлаа. Бас хоёулаа шинээр байгуулагдах Засгийн газрын гадна үлдэх нь тодорхой болж байна.
Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёулангийнх нь санаачилга ирэх жилүүдэд үр дүнгүй болох хандлага харагдаж байна. Учир нь аль нь ч парламентад орж чадаагүй учир МАХН-МҮАН-ын гишүүд өөр намд орох, сарних, тэдний удирдлагаас гарах нь бараг тодорхой юм. АН өөрийн угшилтай хүмүүсээ М.Энхсайханаас салгах бодлого баримтлах бол МАН гишүүдтэйгээ нэгдэхээ ил далд ярьж байна. Тиймээс ирэх жилүүдэд адил, ижил хувь тавилан туулж яваа тэдний ирээдүй өнөөдөр амжилттай болж байгаа мэт харагдавч бүрхэг хэвээр байна.
Ер нь дэлхийн алдартай дарангуйлагчид, удирдагчид ч гэсэн адил, ижил хувь заяатай байж ирсэн. В.И.Ленин, А.Гитлерт хоёрт ч олон ажил зүйлүүд байсан юм. Хоёулаа хоригдож байсан. Хоёулаа суртал нэвтрүүлэгийн нэрт мастерууд байсан. В.И.Ленин хоригдож байхдаа “Юу хийх вэ?” алдарт бүтээлээ туурвиж эхэлсэн бол А.Гитлер шоронд байхдаа “Майн камп” хэмээх номоо бичсэн гэгддэг. Хоуёулаа хувьсгалын удирдагчид болсон. Хоёулаа оргож зугтаж явсан. Хоёулаа улсын удирдагчид болсон гээд ижил зүйлүүд ихтэй. Үүн шиг манай өнөөгийн нийгмийн нэртэй хоёр эрхэмд ч гэсэн ижил зүйл их аж. Бас адил хувь тавилан туулж явна. Тэдний дараагийн адил, ижил шийдвэр, сонголт юу байх бол?
Т.Сайхнаа /24tsag.mn/
URL: