Архидалтын эсрэг бидний уриа!

Архи уух уу

Болохгүй гэсэн бүхэн руу зүтгэдэг, эерүүлж хэлбэл сониуч, энгийнээр хэлэхэд сонин гэмээр төрөлхийн мөн чанар манайханд бий. Энэ нь архины асуудал дээр бүр ч тод илэрдэг. “Миний хань өнөөдөр битгий архи уугаарай” гээд өглөө нь үнсээд үдэхэд орой нөхөр нь согтуу ирж агсам тавина.

Ийнхүү эцэг эх нь өөрсдөө ч мэдэхгүй хүүхдээ архи уух муу зам руу аажмаар түлхсээр байна. Учир юу гэвэл, Монголчууд бид дор хаяж жилд 30 удаа баяр тэмдэглэдэг тухай “Архидалт мансуурлын эсрэг ассоциаци”-ийн сургалт судалгааны албаныхан судалгаа хийжээ. Шинэ жил, цагаан сар, мартын найман, цэргийн баяр, инээдмийн баяр, төгсөлтийн баяр, эх үрсийн баяр, наадам, аавуудын баяр, хичээлийн шинэ жил, улс тунхагласны баяр гээд тоочоод байвал баярууд нэлээд урт үргэлжилнэ.

Үүн дээр Баасан ах, Баяраа, Доржоо нарын төрсөн өдөр, байгууллагуудын тэмдэглэлт ой зэргээс эхлээд багш, эмч нарын, төмөр замчдын, эрчим хүчний гээд л мэргэжлийн онцлог баяруудыг тооцоод байвал дээрхээс ч урт дараалал үүсгэж болно. Мэдээж тэмдэглэх болгондоо архи задалж, ширээ засан найрлана. Харин хэдэн бүлтгэр үрсээ унт хэмээн нөгөө өрөө рүүгээ хөөнө. Учир мэдэхгүй жаахан хүүхдүүд согтуу хүмүүсийн их чимээ шуугианд унтах нь битгий хэл аав, ээж хоёр юу хийж, яаж байгаа бол хэмээн харин ч улам сонирхоно. Ингэдэг юм байна гэж бяцхан оюундаа тогтоогоод авна. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд бид жилд хамгийн багаар бодоход 30 удаа хүүхдүүддээ архийг өөрийн мэдэлгүй сурталчилдаг байх нь. Харин хүү /охин/ нь том болж дунд сургуулиа төгсөх болоход хонхны баяраараа архи уулаа, өдий багаасаа бааранд орлоо, хэн зааж өгсөн юм бэ” гээд л үглэцгээх. Ийнхүү архидалт залуужиж дунд сургуулийн сурагчид ирээдүйн архичдын эгнээг тэлэх болтлоо бид живжээ.

Энэ бол бид өөрсдөө ч мэдэхгүйгээр архийг сурталчилж, байгаагийн нэг жишээ. Үүнээс гадна архи үйлдвэрлэгчдийн тунгалаг, цэнгэг нь хэтэрсэн “цэвэр ус” нэрийн дор ил далд, явуулж буй архины сурталчилгаа хэрээс хэтэрч үдэш бүр телевизээр уриална, уугаач гэж улам хорхойг нь хүргэнэ.

Саяхан МУИС-ийн хоёрдугаар байраар орлоо. 00-ийн өрөөний хаалган дээр “”Болор” хагалж болохгүй хүртэж болно” гэсэн бичиг архины лонхон дээрхтэй адил дурайна. Үсгийн шрифт, өнгө будаг нь яг шүү. Эрдэм номын газарт гэхээ больё. Гэхдээ л архи уулаа гээд ад үзээд байгаа залуучуудынхаа алхам тутамд нь архийг ийн сурталчлах нь зөв гэж үү.
Архины далд сурталчилгаа хэтэрхий хурдтай гэмээр хөгжиж байгаа энэ үед харин өнөөх архины эсрэг сурталчилгаа хол хоцорчээ. Эсрэг тэсрэг энэ хоёр сурталчилгааг жинлүүр дээр тавиад нэг үзээрэй.

Yүгээрээ архины эсрэг юу ч хийхгүй байна гэж хэлэх гэсэнгүй. Архины хор хөнөөлийг бууруулах, нийгэмд нүүрлээд байгаа энэ тахлыг бага ч гэсэн “эдгэрүүлэх” гэж хичээж зорьж байгаа хүмүүс олон бий. Гэвч алхам тутамд халаасан дахь хэдээ царайчлах манай нийгэмд архины эсрэг сурталчилгаа ч бас өнөөх мөнгө хэмээгч “ноёнтон”-оос үр дүнд хүрэхгүй л байна. Хөрөнгө мөнгө зарахгүй гэсэндээ ч тэр үү бид өнөөх хэдэн архи уудаг хүмүүсээ ад үзээд, архи ууж болохгүй, “чи бол архичин” гээд ч тусыг эс олов. Архидалт багассангүй харин ч нэмэгдсээр. Тиймээс одоо арай өөр өнцгөөс нь харж, архи уулаа гэж үглэх биш, архины хор хөнөөлийн талаар ойлгуулж, зөв боловсрол олгоход анхаарал хандуулах нь чухал болжээ.
“Таван настай хүүхдэд чи галд ойртож болохгүй” гэж муйхарлан загнаснаас, галд ойртвол чи түлэгдэнэ гэдгийг нь л ойлгуулчихвал тэд ахин ойртоно гэж үү. Үүнтэй агаар нэгээр сэтгэвэл, архи хортой, архи ууж болохгүй гэж улиг болтол муйхарлан давтах биш харин архи чухам ямар хортой, архинаас болж эрүүл мэнд, амьдрал, эдийн засгийн хувьд ямар хохирол амсахыг хамгийн гол нь энгийнээр ойлгуулъя. Ингэхдээ хамгийн чухал нь тасралтгүй хүргэх нэг алхамыг хийх ёстой. Тасралтгүй гэж онцлохын учир нь архины эсрэг сурталчилгаа байдаг уу гэвэл байдаг, гэхдээ тасралтгүй хүрч чаддаг уу гэвэл харин үгүй. Гэтэл хүн гэдэг нийгмийн амьтны бас нэгэн онцлог нь аливааг байнга давтаж, сэтгэлд хоногшсон зүйлээ хэрэгжүүлэх нь амархан байдаг учир дасал болж, ойлгож, хэвштэл нь архины эсрэг зөв боловсролыг хүргэе.
Тодорхой хэмжээний цаг хугацаа, тэр хэрээр хөрөнгө мөнгө зарцуулагдах архины талаарх зөв боловсролыг олгох ажлын төсвийг харин “Архины онцгой албан татвар”-аас зарцуулах боломжтой.

Гадаадын олон орон манайх шиг архины зовлонг тойроогүй дайраад өнгөрсөн. Тэд харин зөв зохицуулалт хийснээрээ архидалтыг ч бууруулж чадсан юм. Польш улс 1980-аад онд архин далайд живж байсан орон. Харин өнөөдөр тэнд архи уудаг хүн ховорхон аж. Польш улс архины эсрэг үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулаад архинаас авдаг онцгой албан татварынхаа гурав хүрэхгүй хувийг л зарцуулсан байдаг. Ганц Польш ч биш, Дани, Герман зэрэг олон улс энэ аргаар архидалтаас тодорхой хэмжээгээр ангижирсан байна.

Манай улс ч бас үүнээс суралцъя. Хуулийн дагуу бол нэг литр архинд нэг ам.долларын онцгой албан татвар төлдөг. Одоогоор улсын хэмжээнд спиртийн 12, архины 173, пивоны 29 үйлдвэр ажиллаж байна. Тэд багаар бодоход жилд ойролцоогоор таван сая литр спирт, 10 сая литр архи, дөрвөн сая литр пиво үйлдвэрлэж байна гэсэн тооцоо байдаг. Энэ бол татвар төлдөг архины хэмжээ. Харин татвараас нууцаар хичнээн сая литр архи худалдаалагддагийг хэн ч мэдэхгүй. Yүн дээр импортоор оруулж ирж байгаа сая, сая литр архи нэмэгдэхээр архины онцгой албан татвараас овоохон юм төсөвт ордог байгаа биз. Энэ их мөнгөнөөс ядаж нэг хувийг нь архины эсрэг сурталчилгаанд зарцуулахад яагаад болохгүй гэж.
Мэдээж архины зөв боловсролыг олгохын зэрэгцээ өнөөдөр тэмцэж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа ч чанаржуулахад зарцуулах хэрэгтэй.

Бидний “хадны мангаа” мэт хүлээж авдаг эрүүлжүүлэх байрыг жинхэнэ утгаар нь үйлчилгээний газар болгоход ч дөхөм болно. Дээр нь албадан эмчилгээ гэгддэг айж зугтдаг эмнэлгүүдийг эмнэлэг шиг эмнэлэг болгож ч болно. Дунд сургуулийн сургалтын төлөвлөгөөнд долоо хоногт ядаж нэг удаа архины хор хөнөөлийн талаар энгийн байдлаар хичээл заавал үр дүн гарах л болно. Архитай ингэж тэмцье. Та ямар саналтай байна вэ.

Б.Нямсүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих