Нэрээ солиод үйлчилгээний чанар өөрчлөгдөх үү

Эрүүл мэндийн сайд Ч.Хүрэлбаатарыг бид нэг их мэддэггүй байв. Яагаад гэхээр юу хийдэг нь тодорхойгүй яам бүрийн Төрийн нарийн бичгийн дарга нартай жишиж хардаг байсантай холбоотой биз. Өнгөрсөн нэгдүгээр сард Ардчилсан намын сайд нар Засгийн газрийг орхиж гарах тэр үеэс эхлэн Эрүүл мэндийн яамыг толгойлох шинэ хүнээр Ч.Хүрэлбаатарын нэр яригдаж, энэ яриа биелэлээ олох тэр мөчид бид энэ хүнийг таньдаг болсон.
Ч.Хүрэлбаатар ажлын гараагаа сувилагчаас эхэлсэн гэж ярих нь үнэндээ л хүмүүст сонин хүрсэн нь тодорхой.

Яагаад гэхээр улс төрийн том албан тушаалд суухын тулд тухайн салбараа мэддэг байна уу, мэддэггүй байна уу гэдэг нь хэнд ч хамаагүй. Чухал нь хор сайн найруулж чаддаг байх гэсэн үндсэн шаардлага ноёлдог энэ цаг үед сувилагчаас сайд хүртэл дэвшинэ гэдэг том ёс суртахуун шүү. Гэхдээ дэвших явцдаа хор сайн нуайруулсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
Сайдын суудалд зургаан сар суух явцдаа Ч.Хүрэлбаатар сайд багагүй ажил амжуулж байх шиг.

Өнөөдөр л гэхэд Ч.Хүрэлбаатар сайд эмнэлгүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан байна. Тэгээд баахан тушаал шийдвэр танилцуулсан байх юм. Уг тушаал шийдвэрүүдээс эмнэлгүүдийн нэрийг өөрчилж байгаа нь нэн сонирхолтой санагдав.

Тухайлбал, Эрүүл мэндийн яамны харьяа Улсын клиникийн төв эмнэлгийг “Улсын нэгдүгээр эмнэлэг”, II эмнэлгийг “Улсын хоёрдугаар эмнэлэг”, П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийг “Улсын гуравдугаар эмнэлэг” болгов. Мөн Эх, нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төвийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, Арьсны өвчин судлалын төвийг “Арьсны өвчин судлалын үндэсний төв”, Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийг “Зоонозын өвчин судлалын үндэсний төв” гэхээр болов.

Түүнчлэн Герантологийн төв эмнэлгийг “Герантологийн үндэсний төв”, Эмгэг судлалын төвийг “Эмгэг судлалын үндэсний төв”, Эх, нялхсын клиник сувиллыг “Хүүхдийн төв сувилал”, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болгон тус тус өөрчилжээ.

Угтаа эмнэлгүүдэд дээрх нэрийн өөрчлөлт хийх хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Нэрээ солиод үйлчилгээ сайжирдаг бол гоё л байх. Даанч тийм юм байхгүй юм даа. Нөгөө л нэг санал гомдол, уур уцаар, хурдан шуурхай байдаггүй гээд бүх л асуудал дээрх эмнэлгүүдэд байсаар л байх болно. Нэг ийм өнгөн талын гоё нэр хайрлах гэж Засгийн газрын хуралдааны цагийг хумсалж байхын оронд арай өөр арга хэмжээ авч эмнэлгийн чанар, хүртээмж үйлчилгээг сайжруулсан нь арай л дээр болов уу, Ч.Хүрэлбаатар сайд аа.

Б.МӨНХНАСАН infomn


URL:

Сэтгэгдэл бичих