Н.Алтанхуяг МАН-тай эвсэх саналтай байна

2012 оны УИХ-ын сонгууль будлиан, маргаан ч харьцангуй бага гарч амжилттай болж өнгөрлөө. Хуулийн дагуу өнөөдөр “хуучин” чуулган тарж, шинэ УИХ удахгүй байгуулагдана. Гэтэл шинэ УИХ байгуулагдаж амжаагүй байхад “шинэ” Засгийн газрын асуудал яригдаж эхэллээ. Хэдийгээр АН сонгуулийн санал хураалтаар хамгийн олон суудал буюу 32 суудал авсан ч зарим Улс төр судлаач, шинжээчид  “хангалтгүй” гэсэн дүн тавьжээ.

Учир нь тэд  “АН-ын рейтинг сүүлийн дөрвөн жилд хангалттай өсөх боломж байсан. Гэвч  намын удирдлага “ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх лидер биш учир”-аас  УИХ-д  Ардчилсан нам 32-хон суудал авлаа. Хэрэв АН-ын дарга Н.Алтанхуяг олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх лидер байсан бол АН өдийд УИХ-д 50 хувиас дээш буюу 39 суудлыг дангаараа авч, дангаар Засгийн газар байгуулах хэмжээний ялалт байгуулах боломж байсан гэж дүгнэж байна.

Судлаачдын дүгнэлт сонгуулийн дүн хоёрыг хамааралтай гэж үзэж болох ч одоо энэ алдааг засах нь нэгэнт өнгөрсөн ч алдаагаа Ардчилсан нам давтахгүй байх боломж байгаа.

2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам МАН-аас хэдхэн суудал илүү “зулгаасан” нь Засгийн газрыг бүрдүүлэх эрхтэй ч, дангаараа байгуулах эрхээр хангагдахгүй. Тиймээс АН  өөр намтай “нэг хөнжилд” орохоос өөр замгүй боллоо” хэмээн үзэж байгаа гэнэ.

МАХН-МҮАН-тай эвсэхгүй

Одоогоор Ардчилсан нам МАН-тай, эсвэл  МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэлтэй эвсэх нь одоохондоо тодорхойгүй байна. Энэ талаар олон таамгууд “цуу яриа” хөвөрсөөр байна. Гэтэл саяхнаас АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэлтэй эвсэх бодолгүй, харин МАН-тай эвсэж магадгүй гэх сураг “чих  дэлсэв”.

Учир нь  МАХН-МҮАН-ын шударга ёс эвслийн дийлэнх гишүүд Ардчилсан намаас хөөгдсөн, эсвэл урваж шаравсан “дотроо бодолгүй, дороо суурьгүй” нөхдүүд байдаг гэх.  Тухайлбал, МАХН-МҮАН-ын шударга ёс эвслийн дарга Н.Энхбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал хоёроос бусад нь АН-ын журмын нөхөдтэйгөө таарамж муутайгаасаа болж МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэлд элссэн байдаг.  Тиймээс АН  хэзээ ч  “бөөлжсөн бөөлжис өө эргэн долоохгүй” нь ойлгомжтой.

МАН-тай эвсэх боломжтой

Хэрэв энэ байдлаараа АН МАН-тай эвсвэл Сангийн яам, ЗТБХБЯ, БОАЖЯ, ХЗДХЯ зэрэг яамуудыг АН-ынхан өөрсдөө авна гэсэн бор шувуу нисэж эхэллээ.

Түүнчлэн, шинэ Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдын асуудал олны сонирхлыг татах нь дамжиггүй. УИХ-ын сонгуульд намаа ялуулсан намын дарга нь Ерөнхий сайд болдог дүрэм журам манай улсад үйлчилдэг.  Энэ утгаараа АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдын “сэнтийд” суух болов уу.  Гэхдээ АН олонхын суудал авсан ч Засгийн газрыг байгуулах хэмжээнд хүрээгүй учир нам ялалт байгуулсан гэж ойлгож болохгүй. Тиймээс АН-ын дарга Н.Алтанхуягийг энэ сонгуульд ялалт байгуулсан гэж тооцож боломгүй юм.

Гэхдээ УИХ-ын сонгуульд намаа олон суудал авахуулж чадсан хүнийг Ерөнхий сайд болдог журмаараа Н.Алтануяг болбол ХЗДХ-ийн сайдаар Х.Тэмүүжинг томилох боломжтой гэнэ. Харин Өвөрхангай аймагт өвдөг шороодсон Г.Батхүү ЗТБХБЯ-ны сайдад яригдаж байгаа бол Сангийн сайдын суудалд С.Баярцогт, Шадар сайдад Ч.Сайханбилэг, БСШУЯ-ын сайдаар А.Бакей тус тус томилох тохироо яригдаж байгаа ажээ.

Харин МАН-ын зүгээс Тэргүүн шадар сайдад У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайдад н.Зоригтбаатар, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Сү.Батболд нарыг томилох гараад байгаа ажээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол МАНАН улам өтгөрч 2016 онд улс төр, эдийн засгийн амьдралд дорвитой өөрчлөлт гарахгүй нь бололтой.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих