Утаанд хордож, хогондоо хөглөрч байхад дарга нарт хэн “онц” дүн тавив
Хотын удирдлагууд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх онд хийх ажлаа төлөвлөдөг болсоор гурван жилийн нүүрийг үзжээ. Уламжлал ёсоор тэд өнгөрсөн сарын 24-нд иргэдтэй уулзаж, гурван өдрийн турш магтаал, алга ташилтад “умбалаа”. Энэ үеэр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэдэд тайлагнаж, шинээр хийх ажлаа ярилцаж, иргэдийн санал хүсэлтийг цаашид хийж хэрэгжүүлэх ажилдаа тусгахаар үеэр нийслэлийн удирдлагууд 2010 оныг “Нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулах жил” болгон зарлаж, нийслэл Улаанбаатар хотыг эрхзүйн хувьд бие даалгах чиглэлээр бодлогын томоохон дэвшил гаргахаар зорьж ажилласан тухайгаа ам уралдан ярьжээ.
Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр боловсруулсан нь УИХ-аар хэлэлцэгдэн “Шинэ бүтээн байгуулалт” хэмээх дунд хугацааны зорилтот хөтөлбөр болон батлагдсан тухай ч нэлээд мэдээлэл өгсөн гэнэ. Санхүү төсөв ч нэмэгдэж, өнгөрсөн жил хот тохижилтын хүрээнд барагдахгүй их ажил хийсэн гэдгээ ч ам бардам ярьжээ. Түүнд нь иргэд ихэд баярлаж, алга ташилтаар хотын удирдлагуудыг “бөмбөгдөж”, онц дүн тавьж байна гэнэ. Нийслэлийн цахим хуудсанд, “Иргэд хотын даргад ам сайтай байна”, “Баянзүрхчүүд хот, дүүргийн удирдлагуудыг магтав”, “Сүхбаатар дүүргийнхэн хотын ажилд сэтгэл хангалуун байна” гэж ирээд л жигтэйхэн магтаж бичсэн байсан.
Үнэндээ хот өнгөрсөн жил “онц” авахаар ажиллаж чадсан уу. Хэн тэдэнд “онц” тавиад, 100 хувь А үнэлгээ өгөөд байна вэ. Дүүрэг бүр ингэж магтахаар бүтээн байгуулалт өрнөж, нийслэл “нүүрээ угаасан” билүү. Бүтээн байгуулалт, хот тохижилт гээд яриад байдаг. Хэдэн хиймэл зүлэг, цэцэг, үнэтэй хашаа барьсан нь үнэн. Тэр бүхэнд өнөөх нэмэгдээд байгаа төсвөө үрэн таран хийсэн байх. Ногоон байгууламж нэмэх талаар их ажил хийсэн гэж байгаа ч тэр нь бүгд хиймэл зүлэг гэгчээ хэлээд байгаа юм биш биз. Гэтэл нийслэлийнхний хийх гол ажил хотын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах бус уу. Бид өвөлжин утаандаа хордож, хогондоо дарагдаж, шороотойгоо зууралдлаа.
Ийм байхад иргэд бидэнд онц дүн тавилаа гээд байгаа нь юу гэсэн үг вэ. Утаа униартаж, хог хийсч, хиймэл цэцэгс нь нүүрстөрөгч үйлдвэрлэж, хөрсний бохирдол, ундны усны асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед гэрэлтүүлэг, чимэглэлийн гэрэл, нарийн гүүр барьсан тухай ярьж, ажил хийсэн мэтээр тайлагнаж, хэдэн хүн суулгаж алга ташуулж “шоудах” хэрэг юу байна аа. Би лав хотын дарга, удирдлагуудад тэг хувьтай “F” тавимаар байна. Тэр алгаа хорстол ташаад, онц дүнгээ харамгүй хайрлаад байгаа хүмүүс лав Улаанбаатарын иргэн биш байж таарна. Эсвэл дүүргийн Тамгын газрынхныг цуглуулсан юм биш биз.
URL: