Хадам эхдээ таалагдах гэж хичээх хэрэгтэй юу?
Ихэнхи хүүхнүүд ирээдүйн хадам эхдээ анхнаасаа л таалагдахыг хүсч үүний төлөө бараг л яахаас ч буцдаггүй. Тэгээд таалагдаагүй бол гуньж гутрах. Яагаад ч юм, ирээдүйн хадам эхтэйгээ танилцах явдлын гол утга учир бол – түүнд таалагдах гэж үзэх. Тиймээс, хадамтайгаа танилцахаар очихдоо ямар хувцас өмсөх вэ, будаг шунх ямар байх вэ, биеэ хэрхэн авч явах вэ гэх мэтийг л анхаарч, харин гол зүйл болох – ажиглах ба байдлыг эрүүлээр дүгнэх – энэ чухал юмсаа ор тас орхидог.
Бүсгүй хадам эхдээ таалагдаагүй ч ихэнхи тохиолдолд хайртай хархүүтэйгээ гэрлэдгээрээ гэрлэдэг, тийм биз? Харин, хадам эх, бэр хоёрын харьцаанд анхнаасаа л тэгш бус байдал үүснэ: бэр нь хадамдаа таалагдаж үнэлүүлэх гэж хамаг байдгаараа хичээсэн, харин хадам нь өөрийнхөө сүр хүчийг нэгэнт мэдэрсэн учраас бэрээ дураараа удирдан хөдөлгөсөн – ийм л байдалтай болдог. Гаднаас нь харахад тэр хоёрын харьцаа үлэмж төгс харагдаж байж болох ч, цаг хугацаа өнгөрөх тусам хадам эх бэр хоёрын доторхи нууцхан уцаар дургүйцэл улам л нэмэгддэг юм. Учир нь, таалагдах гэж үргэлж хичээх ба үргэлж дүгнэх – аль аль нь тун хэцүү бөгөөд дотны хүмүүсийн харьцаанд байж болшгүй эрүүл бус байдал учраас сэтгэл санаанд хэт томдсон ачаа болж, улмаар мэдрэлийн өвчинд ч хүргэдэг.
Гэтэл энэ том проблем бидний жижигхэн тэнэглэлүүдээс урган гардаг гээд бод доо? Охидын дунд ирээдүйн хадам эхдээ таалагдах асуудал эгээтэй л спорт мэт болжээ – хамгийн гол нь таалагдах, ямар үнэ цэнээр гэдэг нь хамаагүй!
“Ирээдүйн хадамдаа хэрхэн таалагдах вэ” – энэ бол интернэт дэхь форумнууд ба нийтлэлүүдийн чухал сэдэв байсаар л байгаа бөгөөд бүх зөвөлгөөг цөөн үгээр илэрхийлвэл: Инээмсэглэн дуугүй суу. Тавганд чинь хийсэн бүхнийг заавал ид, амтыг нь магт. Маргаанд хэрхэвч бүү оролц. За тэгээд, хамгийн гол зөвөлгөө нь – даруухан хувцаслах, өдөр тутам хувцасладгаасаа хавьгүй даруу хувцас өмсөх!
Яах гэж тэр вэ? Хэрэв хадам эхийнхээ эрхшээлд бүрэн орж өөрийн үзэл бодлоо хэлдэггүй, түүний хийсэн хоол хоолой давахааргүй байсан ч магтан иддэг, зөвхөн түүний таалалд нийцэхээр хувцасладаг, хэлснийг нь ёсчлон гүйцэтгэдэг байх гэж байгаа бол нэг хэрэг. Харин, хэрэв анх танилцахдаа даруухан номхон амьтан болж жүжиглээд, дараа нь, тэр айлд нэвтэрснийхээ дараа жинхэнэ өөрийнхөө зангаар байна гэж байгаа бодож байгаа бол – энэ бол хууралт, шударга бус зүйл, тийм биш гэж үү?
Охидууд минь, бүгдээрээ бодъё л доо: ирээдүйн хадамтайгаа аятайхан харьцаа бий болгох өөр арга байхгүй гэж үү? Түүнд таалагдахын тулд заавал жүжиг тавих хэрэг байхгүй юм биш үү? Танд хайртай хүмүүсээ санаач? Та тэдэнд таалагдах гэж зарим зан чанараа нууж, заримыг нь дөвийлгөж “ажилласны” хүчээр тэд танд хайртай байдаг гэхгүй биз дээ? Харин ч, та элдэв хар цагаан саналгүй өөрийнхөөрөө байдаг чинь тэдний хайрыг татдаг байх!
Тэгэхээр, хадамтайгаа танилцахаар очихдоо ердийн хувцастайгаа, өөрийн зан ааштайгаа очиход болохгүй нь юу байна? Догдолсон сэтгэлээ ч нуух хэрэггүй, та цаашдынхаа амьдралын чухал хүнтэй анх уулзаж байгаа юм чинь догдлолгүй яадаг юм! Худлаа даруухан сайн хүний дүр эсгэж ямар дүн авахаа хүлээн, дараа хариугаа авнаа хэмээн дотроо бодож сууснаас дор юм болохгүй л байх!
Айх ичих юмгүй өөрийнхөөрөө байхдаа хадам эх чинь болох магадлалтай тэр эмэгтэйг ажиглан дүгнэх хэрэгтэй. Тэр хэн бэ? Хэрэг зориг нь юу вэ? Юм нууж байна уу, худлаа ярьж байна уу? Архи тамхи? Юу уншиж, юу үздэг юм байна? Ямаршуу гэрийн эзэгтэй байна? Хэр ил цагаан хүн байна? Ирээдүйн нөхөрт чинь яаж хандаж байна? Түүний хувьд таны хайртай хүн “сайн хүү” юу, эсвэл “тэнэг амьтан” уу? Бусад хүүхдүүддээ яаж хандаж байна, тэд нар нь энэ гэрт ямар үүрэг рольтой юм шиг байна?
Энэ хүмүүсийг садан төрлөө болгохоос өмнө үзэж харж бодох зүйл өчнөөн байгаа биз дээ? Тэдэнд “онц” эсвэл “муу” тавихын тулд бус, харин таны орох гэж байгаа, таны нөхрийн өссөн гэр бүлийн уур амьсгалыг мэдэрч өөрийн чинь үзэл бодолд нийцэх эсэх, та тэдэнтэй болон тэдний баяр зовлонг хуваалцаж чадах эсэхээ ойлгохын тулд энэ бүх ажиглалтыг хийх хэрэгтэй юм.
Хэрэв тэдэнтэй хэл амаа ололцохооргүй юм байна гэдгээ анхны уулзалтаараа бүрэн ойлгосон бол – бөөн аз боллоо гэсэн үг. Та боддоо, хэрэв та “таалагдах/эс таалагдах” гэсэн бодлоос өөр юмгүй, тархиа бүрэн унтраачихсан, дүрдээ сайн тоглохоос өөрийг ухаарах сөхөөгүй амьтан байсан бол? Хожим, таныг ухаарах цагт аль хэдийн үр хүүхэд чинь бүх зүйлд гүн гүнзгий хутгалдчихсан байж байна шүү дээ!
Тэгэхээр, хэл амаа ололцохооргүй гэдэг нь баараггүй тодорхой байвал, ялангуяа ирээдүйн нөхөр чинь “танилцах үйл ажиллагаанаас” сэтгэл дундуур үлдсэн, тэгээд дээр нь таныг үүнд буруутгаж байвал эртхэн шиг өөр зам мөр бодсон нь дээр биш үү? Энэ цэг дээрээс буцаагүй хүмүүс салалт сарнилт, өмч хөрөнгө, хүүхэд хуваах хэрүүл маргаан, хайран залуу насаа хэрэггүй үрлээ гэсэн харуусал гаслал болсоор суудаг бус уу?
Сэтгэл санаагаа золиослон байж хадмын талтайгаа /сэтгэлд чинь дотно бус хүмүүстэй!/ эелдэг боловч хүйтэн харьцаа байгуулж чадсан эмэгтэй хожихгүй, жаргахгүй! Харин өөрийг чинь байгаа чигээр нь хүлээн авч дотны хүмүүс чинь болох хадмуудыг олж авсан эмэгтэй хождог, жаргадаг гэдгийг санаарай, хадамд гарах гэж буй бүсгүйчүүд минь!
URL: