“Эрдэнэс Тавантолгой” ХК-ны үнэлгээ 10 тэрбум ам.доллар давжээ

Төрийн өмчит “Эрдэнэс Та­ван­толгой” ХК-ийн хувьцааны үнэлгээг гаргах хөрөнгө оруу­­лалтын банк сонгох шалга­руу­лалт ид явагдаж байгаа билээ. Харин энэ хугацаанд олон ул­сын зах зээл дээр “Эрдэнэс Та­вантолгой” ХК-ийн үнэлгээ 10 тэрбум ам.доллар даваад байна.
«Эрдэнэс Тавантолгой» ХК-ийн нийт 15 тэрбум хувьцааны 10 хувь наадмаас өмнө иргэдийн гар дээр очихыг ТӨХ-ноос амласан. Одоогийн байдлаар нэгж хувьцааны нэрлэсэн үнийг тогтоохооор ТӨХ ажиллаж байна. Энэ тоог гаргахын тулд эхлээд ордынхоо үнэлгээг гаргах шаардлагатай бөгөөд энэ ажлыг олон улсын зах зээлд нэр хүндтэй компаниар хийлгэхээр сонгон шалгаруулалт зарлаад байгаа юм.
Эдийн засгийн салбарын олон улсын мэргэжилтнүүдийн үнэлж байгаагаар «Эрдэнэс Тавантолгой» ХК-ийн үнэлгээ 10 тэрбум ам.доллар гарч байгаа гэсэн мэдээллийг ТӨХ-ноос өгч байна. Энэ нь дэлхийн хэмжээнд дээгүүр жагсах үнэлгээ бөгөөд дахин нэмэгдэх ч боломжтой аж.

«Эрдэнэс Тавантолгой» ХК-ийн зүгээс хоёр төрлийн хувьцаа гаргасан. Үүний нэг нь давуу эрхийн хувьцаа буюу иргэдэд тараах, нөгөө нь энгийн буюу аж ахуй нэгжүүдэд зарах хувьцаа байх юм. Эхний ээлжинд иргэдэд тараах 550 хувьцаа нь тодорхой хугацаанд худалдах, худалдан авах боломжгүй байх юм. Тодруулбал, иргэд хувьцааны­хаа үнэ цэнийг бүрэн мэддэг болс­ны дараа ху­далдан борлуулах эрх нээгдэх аж. Энэ нь иргэдийг зах зээлийн үнэлгээ ашгийг бүрэн мэ­дээгүйгээс маш бага үнээр ху­далдаж, “хохирохоос” сэргийлж буй бодлого.
Харин энгийн буюу аж ахуйн нэгжүүдэд зарах 30 хувь хувьцааг худалдан авсан даруйдаа ч борлуу­лах эрхтэй байх юм. Аж ахуйн нэг­жүүдийн 30 хүртэл хувь хувьцааг хөрөнгийн бирж дээр худалдах компаниар АНУ-ын «Голд­ман Сакс», Гер­маны «Дойчэ банк» ажиллахаар тодорчээ.

Н. Туяа

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих