Шинэ Засгийн газрын чимээ

УИХ-ын ээлжит сонгуулиар АН олонхын суудал авсан тул Засгийн газрыг санаачлан байгуулах эрхтэй болов. Гэхдээ 39 суудал авч чадаагүй тул хуулиараа дангаар Засгийн газар байгуулах эрхгүй. Эвслийн Засгийн газар байгуулагдах нь тодорхой болсон ч АН ямар нам, эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулах нь хараахан тодроогүй байна. Гэвч сонголт цөөхөн. МАН болон МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлтэй хамтрахаас өөр боломж байхгүй. Шинэ Засгийн газрын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон таамаг мэдээллүүд хөвөрч байна. Засгийн газар байгуулах асуудалд “эзэн” АН дуугараагүй атал МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийнхэн санаагаа ил далд илэрхийлж “сээтэн” хаялж эхлэв. Тус эвслээс УИХ-ын гишүүн Ч.Улаан, МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Н.Батцэрэг нар хэвлэлийн хурал хийж товчхондоо Засгийн газарт орж ажиллах сонирхлоо илэрхийлэв. Хэвлэлийн хурлын үеэр “Санаачлагатай, ирээдүйгээ харсан, олон нийтийн эрх ашигт нийцсэн улстөрийн нам, эвсэлтэй манай нам хамтран ажиллахад бэлэн” хэмээн хурлын үеэр мэдэгдсэн нь Засгийн газарт орж ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн нь хэнд ч ойлгогдохоор байв. Түүнээс өөрөөр намууд эвсэж хамтарч ажиллах шаардлагагүй. Засгийн газарт орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь энэ байв.

МАН-ын зүгээс ямар нэгэн санаа илэрхийлсэн зүйлгүй ажин түжин. АН санал тавьсан хойно л ах намынхан дуугарна уу гэхээс түрүүлж дуугарахгүй биз. Ер нь тэгээд МАН-ынхан АН-ын Засгийн газарт орж ажиллахгүй л болов уу. АН ч МАН-тай эвсэх сонирхол байхгүй. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлтэй ч хамтрах сонирхол “NO”. Гэвч хувь заяаны эрхээр МАН болон МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн аль нэгтэй нь Засгийн газарт хамтарч ажиллахаас өөрцгүй болоод байна. Гэхдээ хэнтэй нь эвсэх бол.


МАН-тай эвсвэл АН-тай адилхан албан тушаал, сайдын суудлаа тэнцүү авна гэсэн санал тавих биз. Тэгэх ч ёстой. Энэ утгаараа АН-ынханд ашиггүй гэдэг үүднээсээ Шударга ёс эвслийг сонгох болов уу гэсэн таамаг байна. Ядаж л ах намынхан шиг олон зүйл нэхээд байхгүй байх. Тэд Яам, агентлагийн даргаа тэнцүү авна гээд дайраад байхгүй л байлтай. Засгийн газарт орж ажиллахад өөрсдийнхөөрөө шийдэхэд бас “зөөлөн хоол”. Мөн МАН бол мөнхийн сөрөг хүчин гэдэг үүднээсээ бялуугаа хуваалцахыг хүсэхгүй байх сонирхол байж таарна. Энэ үүднээсээ АН сонголт хийх боломжтой.

Гэхдээ Шударга ёс эвсэлтэй хамтарсан Засгийн газарт орж ажиллахгүй байх олон шалтгаантай. Н.Энхбаяр, М.Энхсайхан гэдэг хувь хүмүүс байна. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн удирдагчид. МАХН, МҮАН-ын дарга нар. М.Энхсайхан бол АН-ын даргаар ажиллаж байсан, энэ намыг орхиж гарсан гишүүдийн нэг. Одоо АН-ынхантай тангараг тасраад олон жилийн нүүр үзэж буй. Н.Энхбаярын хувьд бол АН-тай мөнхийн дайсан байж ирсэн. Одоогийн цаг үеийн нөхцөл байдлын хувьд ч АН Н.Энхбаярыг урин дуудахад тохиромжгүй байгаа.

АТГ-т шалгагдаж, шүүхээр таслагдах нь нэгэнт тодорхой болсон Н.Энхбаярын толгойлдог намтай Засгийн газраа хамт байгуулчихаад “аав”-ынх руу явуулчих нь гэдэг юу бол. Н.Энхбаярын “партизанууд” ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ үүднээсээ Н.Энхбаярынхантай эвсэж ажиллана гэдэг хэцүү. Шударга ёс эвслийнхэн АН-тай ийм нэг тохироог хийх боломжтой. “Дарга Н.Энхбаярын хэргийг хэрэгсэхгүй болго” гэсэн тулгалтыг тавих нь тодорхой. Шударга ёс эвслийнхэн гэхээсээ Н.Энхбаяр ийм тулгалтыг АН-д хүргүүлэх болов уу. Гэхдээ тактикийн хувьд энэ тулгалт эвсэж Засгийн газар байгуулсныхаа дараа явуулах нь нь гарцаагүй. Хэрвээ хүлээн авахгүй бол Засгийн газраас гарах, “туг тахих” гээд АН-ыг шахаанд оруулах давуу талтай гэсэн үг.

АН, Шударга ёс эвсэлийнхэнтэй эвсэхэд Н.Энхбаяр хийгээд, түүний гэмт хэрэг л хамгийн их тээг болж буй юм. Н.Энхбаярыг шүүхийн хаалгаар гэм буруугүй гээд явуулчихвал ард түмэн хэрхэн хүлээж авах бол. Ардчилсан ерөнхийлөгч, АН хоёрын хооронд сөргөлдөөн үүснэ. Гэхдээ эрхийн ашгийн төлөө, үзэл бодлоосоо ухарч ямар ч шийдвэрт хүрч чаддаг, нам эвслийнхэн хаашаа ч эргэж мэднэ л дээ.

Шударга ёс эвслийг АН сонговол, Н.Энхбаярынхан дор хаяж 4-5 сайдын суудал нэхэх байх. Мөн тийм тооны дэд сайд. Н.Энхбаярыг сайд болгохоор зүтгүүлж ч мэдэх юм. Бас Н.Энхсайханыг. Энэ бол АН-д аюул л даа. Тойргийн гадна үлдсэн учраас сайд болох гээд үзэх магадлалтай. АН бусдыг нь бол сайдаар хүлээж авах боломжтой юм. МАХН-ын ЕНБ-ийн дарга С.Удвал “хоосон хоцорсон” учраас сайдын суудалд суух хамгийн боломжтой хүний нэг. Бусад нь УИХ-д сонгогдсон гишүүдээсээ сайдын суудал руу зүтгүүлэх биз.

Хэрвээ АН, МАН-тэй эвсэж Засгийн газраа байгуулбал дээрх дүр зураг бүхлээрээ өөрчлөгдөнө.

Харин давуу эрхээр Засгийн газар байгуулах АН хэн хэнийг сайдын суудалд суулгах бол гэдэг бас сонин юм. АН, Алтангадас, МоАХ, Шонхор, Мөнхтэнгэр гээд олон фракцтай. Тэднийхээ төлөөллүүдийг харгалзан Засгийн газарт оруулах болов уу. Бас нэг баримтлах зарчим нь өмнөх хамтарсан Засгийн газарт орж ажилласан сайдуудаа дахин сайдын сэнтийд суулгахгүй л болов уу. Харин Х.Баттулгын хувьд ЗТБХБ-ын яамаа үргэлжлүүлэн аваад явах сонирхол байж болох юм. Энэ үүднээсээ тэр энэ яамыг толгойлох боломжтой, хэн нэгэн өмнүүр нь дайраад байхгүй байх. Ерөнхий сайд нь мэдээж Н.Алтанхуяг. Харин шадар сайдын суудалд З.Энхболд тухлах боломж бий. Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар намын гурван том фракцыг толгойлдог, гол лидерүүд. Н.Алтанхуяг намын дарга, Х.Баттулга ЗТБХБ-ын яамаа авбал З.Энхболдод шадар сайдын суудал оногдож буй юм. Мөн З.Энхболд өмнө нь сайдын суудалд сууж байгаагүй, энэ утгаараа ийм эрх эдлэх боломжтой.

Сангийн яам, ЭБЭХЯ, БОАЖЯ, ХЗДХЯ гээд гол яамуудыг АН-ынхан өөрсдөө авах болов уу. АН-ынхан ер нь хууччуулаасаа татгалзаж эхлээд байгаа. Залуу сайдуудаар эгнээгээ бүрдүүлэх биз.

ХЗДХ-ийн сайдаар Х.Тэмүүжинг томилох боломж бий. Хуулийн томчуудтай (Ц.Нямдорж, С.Нарангэрэл) ана мана үзэлцэж, өнгөрсөн дөрвөн жил парламентад суухдаа чамгүй сайн хуульч, улс төрч болохоо харуулсан. Х.Тэмүүжин ХЗДХ-ийн сайдын суудал суух хамгийн боломжтой хувилбар.

БОАЖ-ын сайдаар Г.Баярсайхан байж болох юм. Байгаль орчин, экологийн асуудлаар УИХ дотроо хүчтэй дуугардаг нэгэн. Энэ үүднээсээ түүнийг БОАЖЯ-ыг толгойлуулах нь оновчтой шийдвэр байж мэднэ.

Сангийн сайдын суудалд С.Баярцогтыг дахин томилохгүй л болов уу. С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал гээд эдийн засагчид байна. Хэн нь сайд болохыг таашгүй. Ч.Сайханбилэг, Л.Гантөмөр гээд сайдын суудалд сууж байгаагүй, нэр хүндтэй залуу улс төрчдөөс аль нэг нь яам толгойлох болов уу. Бас АН эмэгтэйчүүдээ ч Засгийн газарт оруулахаа мартахгүй байх. Шинэ Засгийн газрын чимээ одоохондоо ийм байна.

Т.АМУР

olloo


URL:

Сэтгэгдэл бичих