Архангайчууд өгсөн саналынхаа төлөө сааль сүүгээ орхин жагсав
Иргэд дөрвөн жилд ганц удаа сонгох, сонгогдох эрхээ эдэлдэг сонгууль болоод хэд хоног өнгөрсөн ч зарим тойрогт
будилаан үүсч, маргаан тэмцэл үргэлжилсээр байна. Нэр дэвшигчид төдийгүй ард түмэн ч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдол байна.
Эдгээр тойргийн нэг нь Архангай аймгийн нэгдүгээр тойрог юм. Тус тойрогт ялалт байгуулсан хэмээн мэдээлэгдсэн АНаас нэр дэвшигч Н.Батбаяр, Б.Болор нарын сонгуулийн булхай баримтаар нотлогдож, тус тойрогт өрсөлдсөн 13 нэр дэвшигчээс 11 нь гомдол гарган Сонгуулийн ерөнхий хороонд хандаад байгаа.
Өчигдөр 10.00 цагаас эхлэн Архангай аймгийн захиргааны үүдэнд буюу Дэмид жанжны талбайд сонгуулийн будилааныг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаал боллоо.
Цуглаанд зөвхөн Архангай аймгийн төвийнхнөөс гадна хөдөө, орон нутгийн төлөөллүүд ч иржээ. Тухайлбал, Эрдэнэмандал, Булган, Хашаат зэрэг хэд хэдэн сумын иргэд сонгуулийн булхай луйврыг эсэргүүцэн жагсав. Сумдын иргэд өгсөн саналынхаа төлөө сааль сүүгээ орхин ирсэн нь үнэхээр өөрчлөлт шинэчлэлийг хүссэний илрэл байв.
Жагсаалд оролцогчид “Ж.Мөнхбат ялсан”, “Ардчилсан нам луйвраа зогсоо”, “Ардчилсан нам төрийн эсрэг гэмт хэрэг хийж байна”, “Ардчилсан намын 10 жилийн луйвар илэрлээ” гэсэн лоозон барьжээ.
Юутай ч “нэр дэвшигч, нам эвслийн гомдлыг авч хэлэлцээд аймгийн тойрог, хэсгийн хороонд гомдлыг шийдвэрлэ” гэсэн үүргийг СЕХ-ноос өгчээ. Иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэн үзэж асуудлыг нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт Архангайнхан итгэлтэй байгаагаа илэрхийлж байв.
Энэ өдөр жагсаалд оролцсон зарим нам, эвслийн төлөөлөл УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойргийн хэсгийн хорооны дарга нарт мэдэгдэл өргөн барьсан юм. Тэд мэдэгдэлдээ “Архангай аймгийн нэгдүгээр тойрогт сонгууль илт будилаантай болсон нь олон баримтаар нотлогдлоо.
Энэхүү булхай, луйвар хийсэн нам эвсэл, нэр дэвшигчдийн нэр баримтаар илэрсэн. Тодруулбал, АН-аас нэр дэвшигч Н.Батбаяр, Б.Болор нар сонгуулийн өмнө буюу сонгуулийн үеэр архи, мөнгө тараасан. Түүнчлэн АН-ын автортай, автомат машинаараа санал тоолуулж, ард бидний саналыг луйвардлаа.
Мөн хяналтын тооллогын үеэр олон мянган сонгогч иргэдийн саналыг хүчингүй хэмээн луйвардсан нь баримтаар илэрсэн. Бид өнөөдөр тайван замаар жагсаал хийж байна. Хэрвээ Архангай аймгийн УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойр гийн хороо болон бусад холбогдох байгууллага бидний гомдол хүсэлтийг харгалзан үзэж, дахин санал тоолох үйл ажиллагаа зохион байгуулахгүй бол тэмцлийн да раагийн хэлбэрт шилжих болно” хэмээжээ.
Мөнхүү жагсаалд оролцсон сумдын иргэд “Бид сонгох эрхээ ноцтой зөрчүүлж, саналаа луйвардуулсан учраас ийнхүү сааль сүүний цагаар жагсаалд оролцож зогсоно. Бусад сумаас ирсэн иргэд ч бидэнтэй ижил саналтай байгаа. Ардчилсан улс орны иргэд ийн саналаа луйврдуулчихаад зүгээр сууж болохгүй.
Хэрвээ дахин санал тооллого явуулахгүй бол бидний хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлнэ. Миний мэдэх бүх хүмүүс Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарт саналаа өгсөн. Архангайнхан нийтээрээ шинэ залуу хүмүүсээ сонгосон.
Гэтэл саналын дүн эсрэгээрээ гарлаа” хэмээн эрс шулуун хэлж байв. Иргэд мөн “Бид ямар дахин сонгууль явуул гэж байгаа биш, авсан саналаа баталгаажуулж гараар тооллого явуулахыг л шаардаж байна. Үүнээс юунд нь айгаад байгааг ойлгох юм алга. АН үнэхээр л ард түмний саналаар ялсан юм бол бүх талын ажиглагч, хэвлэл мэдээллийнхэнтэй нийлээд саналаа гараар тоолчих гэсэн шаардлага тавьж байгаа юм” гэж байлаа.
Тэд энэхүү эсэргүүцлийн жагсаалаа өнөөдөр ч үргэлжлүүлэх бөгөөд өөрсдийн талд шийдвэр гартал бүх хэлбэрээр тэмцэх гэвгэнэ. Архангайчууд болон тус нутгаас нэр дэвшигчид өөрчлөлт шинэчлэлийн төлөө тэмцэж байгаа нь энэхүү жагсаал цуглаанаас илт харагдлаа.
Төрийн албан хаагчид бүх л өдрийн ажлаа, хөдөөгийнхөн мал сүргээ, хөгшид асарч суудаг ач гучаа орхин Дэмид жанжны талбайд өөрсдийнхөө өгсөн саналыг гараар тоолж баталгаажуулахаар иржээ. Эндээс Архангайчууд төрд өөрсдийгөө төлөөлөх санал нь ямар үнэтэй байдгийг гаргууд сайн мэддэг нь харагдана.
www.UNEN.mn
URL: