Н.АЛТАНХУЯГ УИХ-ЫН ДАРГА, Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙ САЙД БОЛОХООР ЗҮТГЭЖ БАЙНА

Сонгуулийн дүн гарлаа. Гэхдээ энэ дүн улс төрийн нам эвслүүдэд тийм ч таатай сайхан дүн авчирсангүй. АН-ынхан “Бид олуулаа яллаа” хэмээн хөөрцөглөж байна. Тэд Улаанбаатар хотод 100 хувь ялалт байгуулсан. Ардын нам цөөнх болсон. Улс төрийн гуравдагч хүчнүүд ч бүлэг байгуулах хэмжээний санал авч чадсангүй. Тиймээс дахиад л Хамтарсан Засгийн газар байгуулахаар шийдэцгээгээд нам гүмхэн сууж байна. Ардын намын хувьд энэ удаа АН-ыг царайчлах уу? Аль эсвэл Намбарын Энхбаярыг буцааж авчрах уу? гэдгээ шийдэх гэж толгойгоо гашилгаж байгаа. АН, МАН Хамтарсан Засгийн газар гэдэг нэг хөнжилнөөс хэдхэн сарын өмнө босч ирцгээсэн. Тэд албан тушаалаа хувааж, амин хувийнхаа эрх ашгийг ч гэсэн хүлээн зөвшөөрч, амбицтай гишүүдээ дарж чаддаг гэдгээ өнгөрсөн  гурван жилийн дотор хангалттай мэдэцгээсэн. Харин Н.Энхбаяртай эвсэх нь Ардын намын хувьд тун ашиггүй. Тэд бие даагч гурвыг өөртөө татаж, Иргэний зориг намын саналыг хүлээж аваад эвсэж болно. Гэхдээ АН-тай эвсэж, хамтарсан Засгийн газар байгуулах нь Н.Энхбаярт илүү ашигтай гэдгийг тооцож байгаа. Тиймээс дахин санал хураалт явуулах, саналын хуудсыг гар аргаар тоолох тухай асуудал дээр тэд ганц ч үг дуугарахгүй ажиглаж байна. Ардын намынхан ялагдлаа чимээгүйхэн хүлээж, харин хэнтэй эвсэж, нэгдэж, Хамтарсан Засгийн газар байгуулбал хожих бэ гэдгээ харж байна.

Харин Ардчилсан намынхан яаж олон яамыг гартаа атгаж, хэрхэн өөрсдийнхөө эрх мэдлийг баталгаажуулж авах бэ гэдэг асуудал дээр толгойгоо гашилгаж байгаа бололтой. Тэд хамгийн түрүүнд Э.Бат-Үүлийг хотын даргаар томилохоо мэдэгдэв. Э.Бат-Үүл өнөөдөр ч хамаагүй ажилдаа ороход бэлэн хэмээн хөөрцөглөж, Хотын захиргааг гэр хороолол руу нүүлгэнэ хэмээн мэдэгдэж эхлэв.  Гэвч хуулийн дагуу хотын даргыг Ерөнхий сайд томилох учиртай. Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар батламжилна. Ерөнхий сайдаа томилохын тулд намууд хэнтэй яаж эвсэж нэгдэхээ шийдэх хэрэгтэй болно. Сонгуулийн дүнгээс үүссэн энэ бүх ойлгомжгүй байдал дахиад л дөрвөн жил үргэлжилж, Монголын улс төр бужигнах нь тодорхой боллоо. АН-ынхан тохироогоо хийхээр бужигнаж байна. Тус намын дарга Н.Алтанхуяг УИХ-ын дарга, харин Х.Баттулга Ерөнхий сайд болохоор ярилцаж, МАХН эвсэх саналыг хүлээж авбал Ч.Улаанд шадар сайдын суудал өгнө гэж тохирсон гэнэ. Тийм ч учраас АН-ынхан хамгийн түрүүнд сээтэн хаяж, “АН дангаараа Засгийн газар байгуулж чадахгүй болчихлоо. Тэгэхээр одоо аль намтай нь эвсэх вэ гэдэг асуулт гарч байна. Эвсэхээс өөр яах юм. Ард түмэн эвс гэдэг санал өгчихлөө. Манай гол холбоотой Иргэний зориг, ногоон нам УИХ-д нэг л суудал авчихлаа. Гурван бие даагчийн хоёр нь МАХН-д орно гэдгээ хэлчихлээ.

Тэгэхээр АН ИЗНН-тай эвсэнэ эсвэл бие даагчдыг авч Засгийн газар байгуулна гэсэн ойлголт байхгүй болчихлоо. Сонгуулийн өмнөх прогноз дээр би хэлсэн шүү дээ. МАХН гэсэн нэрээр яваад байгаа боловч, гишүүдийг аваад үзвэл дандаа АН-ын цусан төрлийнхөн байна. Одоогийн байдлаар МАХН хоёр бие даагчийг аваад УИХ-д нийтдээ 12 суудалтай болчихоод бай¬на. Тэдний арав нь АН-ын угшилтай хүмүүс байна лээ” хэмээн Баабар мэдэгдэв. Тэд МАХН-ыг сонирхож байгаагаа нуухгүй байгаа нь энэ. Гэвч хэтэрхий дураараа, хэтэрхий түрэмгий Н.Энхбаяртай нийлэх үү? эсвэл ялагдсандаа өнөөдөр ч итгэж чадахгүй байгаа МАН-ыг буулгаж авах уу гэдэг тооцоогоо тэд хийж байгаа нь мэдээж. Ардчилсан намынхны Засаг барьж байсан түүх тун богино. Тэдэнд дангаараа Засгийн газар байгуулах боломж ховорхон олдож, тэр боломжоо ашиглаж чадалгүй Ерөнхий сайдаа огцруулах ажил хийсээр хугацаагаа дуусгаж байсан гашуун түүх бий. Энэ түүхийг эргэж харья.

Д.Бямбасүрэнгийн Засгийн газар

Хамгийн анхны хамтарсан Засгийн газар. Шинэ Үндсэн хуулиа баталж дөнгөж хэрэгжүүлж эхлээд байсан МАХН-ын голцуу сайд нараас бүрдсэн Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар Да.Ганболд, шадар сайдаар Д.Дорлигжав нар ажиллаж байв. Тэр үед Улсын бага хуралд төлөөлөлтэй байсан Ардчилсан хүчний 3 намд хамтарч ажиллах саналыг Ерөнхий сайд Д.Бямбасүрэн тавьснаар МоАН, МҮАН-аас угшилтай дээрхи хоёр эрхэм Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллсан бөгөөд МСДН яагаад ч юм саналыг хүлээж аваагүй байдаг.

АН-ын том ялалт, ялагдал

1996 оны УИХ-ын сонгуулиар “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН 1 суудал авч Ардчилсан холбоо эвсэл анх удаа дангаараа Засгийн газраа байгуулав. Засгийн газрын тэргүүнээр МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн М.Энхсайхан сонгогдож, бүрэлдэхүүнд нь сонгуульд эвсэл болон орж ялалт байгуулсан МҮАН, МСДН-ын төлөөлөл 50:50 харьцаатай оров. Гэвч энэ Засгийн газар 2008 оны 4 дүгээр сард  огцорсон. Шалтгаан нь: “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвслийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд байх нь зүйтэй гэж ардчилсан хүчнийхэн өөрсдөө үзсэж улс төрийн шийвдэр гарсантай холбоотой.

Гурван сарын настай Засгийн газар

М.Энхсайханы дараагаар МҮАН-ын тэргүүн Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдов. Энэ Засгийн газар яг 3 сарын настай байв. УИХ дахь олонхи, цөөнхийн бүлэг банкны асуудлаар санал зөрөлдөж чуулганы хуралдааныг 1 сар 4 хоног гацаасны эцэст нууцаар санал хурааж, УИХ-д 50 суудалтай олонхийн бүлгийн зарим гишүүн сөрөг хүчинтэйгээ нийлж өөрийн Засгийн газар буюу Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан юм.

Ерөнхий сайдаа огцруулах өвчин

Ардчилсан холбоо эвслийн удирдлагууд шинэ Ерөнхий сайдад МҮАН-ын дэд тэргүүн Да.Ганболдыг санал болгосон ч Ерөнхийлөгч Н.Багабанди “Да.Ганболд нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд банкны асуудлуудыг хуулийн дагуу хяналт тавьж таслан зогсоох, засч залруулах арга хэмжээ аваагүй учир түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг УИХ-д оруулах боломжгүй” хэмээн 7 удаа буцаасан түүхтэй. Бараг таван сарын дараа УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Ж.Наранцацралт Ерөнхий сайдаар томилогдов. Гэвч энэ Засгийн газар тийм ч удаан настай байсангүй. Ердөө найман сар хүрэхгүй хугацааны дараа УИХ Ерөнхий сайд Ж.Наранцацралтын асуудлыг авч хэлэлцэн түүнийг ОХУ-ын Ерөнхий сайд С.Степашинд явуулсан захидалдаа буруу байр суурь илэрхийлсэн хэмээн үзэж огцруулсан юм.

Казиногийн хэрэгт буруутгагдсан АН-ынхан

1999 оны 7 сард Р.Амаржаргал Ерөнхий сайд болов. Ийнхүү Ардчилсан холбоо эвсэл бүрэн эрхийнхээ 4 жилийн хугацаанд дөрвөн ч Засгийн газрын нүүр үзсэн юм. Энэ нь шинэ тутам байгуулагдсан Ардчилсан хүчин нэг цул болж нэгдэж чадаагүй, дотоодын зөрчил тэмцэл, төлөвшил зэргээс гадна сөрөг хүчний үйл ажиллагаа хүчтэй нөлөөлж байв. Дээрээс нь ардчиллын эцэг С.Зориг амь насаа алдсан, Казиногийн хэрэг  бүр ч нэрмээс болсон.

Ерөнхий сайдаасаа уравсан сайд нар

2004 оны УИХ-ын ээлжит сонгуулиар “Эх орон-Ардчилал” эвсэл, МАХН  тэнцүү суудал авсан.  Иймээс УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн болон МАХН-ын бүлгүүд 3 долоо хоног зөвшилцсний эцэст Засгийн газрын бүрэлдэхүүнийг МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл 50, 50 хувиар хамтран Их эвслийн Засгийн газар байгуулах, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг эвсэл намууд 2, 2 жилээр хаших зөвшилцөлд хүрэв. Зөвшилцлийн дагуу Их эвслийн Засгийн газрын тэргүүнээр Ц.Элбэгдорж томилогдов.  Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт ажилласан МАХН-ын сайдуудын огцрох өргөдлийг УИХ-аар авч хэлэлцэхэд АН-ын гишүүн М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг болон АТН-ын дарга Л.Гүндалай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар огцруулахыг дэмжсэн санал өгснөөр МАХН-Ардчилсан намын хамтарсан Их эвслийн Засгийн газар огцров.

Үхрийн бөөр шиг Засгийн газар

АН-ын Гүйцэтгэх зөвлөл Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрыг огцруулсан тохиолдолд дараагийн байгуулагдах Засгийн газарт АН, түүний гишүүд оролцохгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргаад байсан юм. Шинээр байгуулагдсан М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газарт АН-ын гишүүн М.Энхсайхан шадар сайдаар, М.Сономпил Батлан хамгаалахын сайдаар, Ж.Наранцацралт Барилга, хот байгуулалтын сайдаар, АТН-ын дарга Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан Үйлдвэр худалдааны сайдаар томилогдон ажиллаж байв. АН-ын Үндсэн дүрмийн хороо АН-ын гишүүн М.Энхсайхан, Ж.Наранцацралт, М.Сономпил, Ж.Батхуяг нарыг АН-ын ГЗ-ийн шийдвэрийг үл биелүүлж, өөрийн намын Засгийн газрыг огцруулж, өөрсдөө МАХН-ын дарга М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газарт орж, энэ үйлдлээрээ тус намын Үндсэн дүрмийн 16.2.3 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж АН-ын гишүүнээс хасав. М.Энхболдын Засгийн газрыг нэг талаас Үндэсний эв нэгдлийн гэж, нөгөө талд үхрийн бөөр шиг Засгийн газар гэж егөөдөж байв. Энэ үед МИ-8 нисдэг тэрэгний осол, Азийн чоно, Хонгорын хордлого зэрэг дуулиан хүчээ авч салбарын сайд нь огцорно хэмээн мэдэгдэж, төд удалгүй үгнээсээ буцаж, Засгийн газрынхаа нэр хүндийг шавартай хутгаж байв. Л.Гүндалай, Б.Жаргалсайхан нар дараалан огцорч, улмаар Засгийн газрын тэргүүн М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр Засгийн газар огцров.

С.Баярын Засгийн газар

2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАХН 44, АН 28 суудал авав. МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүнийг 60:40 харьцаагаар бүрдүүлж, С.Баяр үргэлжлүүлж ажиллав. 7 сарын 1, Оюу толгойн гэрээ зэрэг томоохон хэрэг явдлууд энэ Засгийн газрын үед яригддаг. 2009 оны 9 сард Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн улмаас ажлаасаа чөлөөлөгдөж, Сү.Батболд Ерөнхий сайд болов.

Сү.Батболдын Засгийн газар

С.Баярын уламжлуулсан Сү.Батболдын Засгийн газрын МАХН, АН гэсэн хүчний харьцаанд өөрчлөлт гараагүй. Харин АН гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2012 оны 2 дугаар сард Засгийн газраас гарав. Анх удаа МАН дангаараа ардын Засгийн газрыг байгуулав.

Энэ бүхнээс дүгнэхэд намуудын дотоодод гарсан улс төрийн шийдвэр улс орны амьдралд ямар их нөлөө үзүүлдэг болохыг харж болохоор байна. МАХН 1996-2000 онд сөрөг хүчин байхдаа эрх баригчдад хүчтэй нөлөө үзүүлж байсан бол АН хэд хэдэн удаа зөвшилцөл, гэрээнээсээ ухарч байсан байх юм.

Хамтарч чаддаггүй, нийлж эвсэж чаддаггүй Монголчууд…

АН, Ардын нам нийлж Засаг барьсан түүх энэ. Гэхдээ өнөөдөр дахиад л хамтарсан Засаг байгуулахаар тэд ширээний ард сууцгаана. Хэтэрхий бардам, бас хэтэрхий их амбицтай Монголчууд нэгдэж, нийлэх тухай ойлголт тун багатай.

Тиймээс ирэх дөрвөн жил хэн хэнтэй нийлж, хэд салж, Ерөнхий сайдаа хичнээн удаа огцруулж, дахиад л улс төрийн тогтворгүй байдлууд үргэлжлэх болно гэдгээс улс төрчид тун их айцгааж байна.

Ц.Хан-Хөхий undestenmn

URL:

Сэтгэгдэл бичих