Э.Бат-Үүл: Газрын наймаачдын хууль бусаар авсан газрыг иргэдэд тараана

АН-ын лидерүүдийн нэг буурал Э.Бат-Үүл хотын дарга болох нь тодорхой болсон. Тэрбээр хамгийн түрүүнд газрын наймаачдын хууль бусаар авсан газрыг иргэдэд тараахаас ажлаа эхлэхээр бэлтгэж байна. Энэ байр сууриа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлсэн юм. Түүний Э.Бат-Үүлийн энэ үгийг сонссон иргэд хоёр хоногийн өмнөөс Богд уул болоод Яармагийн газрын төлөө том дайн үүсгэсэн юм. Уг нь Богд уул,   Яармагийн газар аль хэдийн эзэнтэй болсон. Олон жилийн өмнө авч газрын төлбөрөө хуулийн дагуу төлж ирсэн эздийг нь хөөж гэр хорооллын иргэдэд өгөх ажиллагааг ингэж эхлүүлэхээр бэлтгэж байгаа бололтой.
Энэ ажиллагаа яармаг, Богд уулнаас эхэлж хотын төвийн ашигтай байрлал, шинэ нисэх буудал барих Хөшигтийн хөндий, зуслангийн томоохон газруудаар үргэлжилж Улаанбаатарыг бүхэлд нь хамрах бололтой. Бүр Сүхбаатарын талбайн газрыг хүртэл гэр хорооллын иргэдэд хувааж өгнө гэсэн тухай цуурхал гадуур хүчтэй тарж байна. Байн байсаар бүх дэлхийг бүрхэнэ гэдэг шиг газрыг эздээс нь булааж иргэдэд өгөх ажиллагаа Э.Бат-Үүлийн төлөвлөгөөгөөр наадмын дараахнаас эхлэн өрнөж 2016 он гэхэд дуусах бололтой.
Хэрэв бүтдэг бол гэр хорооллын иргэдэд сайхан л санаачилга шийдвэр. Гэр хорооллын иргэн бүрт газар өгнө гэсэн сурталчилгааг АН-ынхан хүчтэй өрнүүлсэн. Бүтэх эсэхийг нь ирэх 4 жилд харах л үлдсэн.
Харин олон жил газар эзэмшиж ирсэн иргэд, аж ахуйн нэгжүүд Э.Бат-Үүлийн төлөвлөгөөгөөр газраа тавиад туухгүйн тулд аргаа бодож эхэлжээ. Хэрэв газрыг нь хурааж авбал цагдаа, шүүх болж эцэстээ иргэний дайнд ч хүргэж мэдэх тухай ярьж байна. Дэлхийн олон орон газраас болж иргэний дайн дэгдээж байсан. Угаасаа хүн төрлөхтний дайн дажин газар нутгаас болж эхэлдэг гэдгийг өнгөрсөн үе нотлоно.

Э.Бат-Үүл ийм хүнд хэцүү ажлыг эхлүүлэх гэж байна. Түүний санаачлагыг одоогоор сайн, муу гэж дүгнэх эрт. Хамгийн гол нь энэ амлалт, хэлсэндээ хүрэхгүй бол иргэд түүнийг дэмжихгүй. Амласандаа хүрлээ гээд хэрэгжүүлбэл аж ахуйн нэгжүүд зөвшөөрөхгүй. Ийм л байдалд улсын баатар маань орчихоод байна. Уг нь иргэн бүрийг газартай болговол улсын баатар маань ардын баатар болно. Чадахгүй бол ардын дайсан мэтээр цоллогдоно.
Тэрбээр бас бүтэшгүй нэг амлалт өгсөн нь гэр хорооллын бүх айл өрхийг дулааны шугам сүлжээнд холбох зорилт юм. Гэр хорооллыг хаус болгоно гэж амлалт өгсөн. Хэний мөнгөөр хаус болгох нь тодорхойгүй ч сайхан зорилт. Гэр хорооллын иргэдийг газраа зарж болохгүй хаус болгоно гэснээр томоохон хороолол барих ажлууд явахаа больж байна. Ингэснээр хотын төвийн гэр хорооллууд хэвээр үлдэж, хотын төв барилгажихгүй. Ийм л бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа. Зөв бурууг нь ирэх жилүүдэд дүгнэнэ.
Тэрбээр ажлаа аваад баячуудын газрыг хураах, газрын асуудлыг хотын захиргаа биш иргэд өөрсдөө мэддэг болгох, хувьчлагдсан хашаа бүхэнд инжерерийн шугам татах, моргейжийн зээлийг нэвтрүүлэхээс ажлаа эхэлнэ гэж мэдэгдлээ. Улсын баатар, хотын даргынхаа ажилд амжилт хүсч амлалтаа хэрэгжүүлэхийг харах л үлдлээ.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих