МАН сурталчилгаанаасаа болж ялагдлаа гэсэн дүгнэлт хийж эхэллээ

Ардчилсан өөрчлөлт эхэлснээс хойшхи 22 жилийн 18 нь босоо явсан МАН энэ удаагийн сонгуулиар харамсалтайгаар ялагдлаа. Энэ намд манай улсын шилдэг боловсон хүчнүүд бий. Бас энэ нам АН-ыг бодвол илүү олон удаа өөрчлөгдөж шинэчлэгдсэн. Залуучуудыг ч олноор нь гаргаж ирдэг. 2008 оны сонгуулиар 1970 оны төлөөлөл болсон С.Бямбацогт, Д.Зоригт, Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар гээд олон залуусаар хүрээгээ тэлсэн. Заримыг нь сайд болгож итгэл хүлээлгэсэн. Харин энэ сонгуулиар 1980 оны төлөөлөл болсон залуусыг дэвшүүлсэн. Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Н.Оюун-Эрдэнэ, Н.Төмөрхүү гээд олныг нэрлэж болно. Тэдний зарим нь ялсан. Бас зарим нь ялагдсан. Энэ бүхэн МАН хэрхэн өөрчлөгдөн шинэчлэгдэж байгааг харуулна. Удирдлага нь л гэхэд АН-аас илүү олон удаа солигдсон байдаг.
Гэвч  энэ нам үзэл суртлын шинэчлэлээрээ АН-аас хамаагүй хоцорч явна. Залуус нь өвгөн шиг сэтгэнэ. Ахмад хүн шиг ярина. Хаширлана. Халгана. Шинийг сэтгэхээсээ илүү хуучныгаа тордоно. Энэ бүхэн МАН-ын хамгийн том алдаа гэж цөөнгүй хүн хэлдэг. Хамгийн сүүлд л гэхэд АН фэйсбүүк, твиттер гэх мэт интернет орчинд МАН-ыг нам “цохиж” унагалаа. МАН-ын залуус харгин коммент бичиж, хэрүүл хийсэн шигээ суусан. Харин АН-ын залуус толгойгоо ажиллуулж менежмент хийв. Нийгмийн сэтгэл зүйг жолоодох гэж хичээсэн нь үр дүнгээ өгөв.
Тиймээс МАН-ынхан энэ удаагийн сонгуулийнхаа алдаа оноог дэнсэлж байна. Хамгийн түрүүнд сурталчилгаанаасаа болсон гэсэн дүгнэлтийг олонх нь хийгээд эхэлжээ. Үнэхээр МАН-ын энэ удаагийн сурталчилгаанд ямар ч бодлого төлөвлөлт, стратеги, тактик байсангүй. Хэн удирдсан юм бэ бүү мэд. Сурталчилгааных нь багт ямар хүмүүс байсан юм бэ бүү мэд. Хаалттай. Орчин үеийн сурталчилгааны чиг хандлага, нийгмийн сэтгэл зүйг мэдэрдэг хүмүүс байсан ч юм уу, үгүй ч юм уу? Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол МАН-ын энэ удаагийн сурталчилгааны багийг удирдсан хүмүүс 2009 онд Н.Энхбаярыг бас өвдөг шороодуулж байсан “арвин туршлагатай” гэнэ. Өөрөөр хэлбэл хоёр сонгуульд намаа ялагдуулж байсан “түүхэн гавъяатай” аж. Ийм хүмүүсээр яагаад ч намынхаа сурталчилгааг удаа дараа удирдуулж, тодорхойлуулдаг юм бэ? Тэгж л их ялагдал хүсээд байдаг юм бол сурталчилгааныхаа одоогийн багаар 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийг, дараагийн парламентын сонгуулийг удирдуулах хэрэгтэй юм шиг санагдана.

Манай сонгогчдын бараг 70 хувь нь залуус байдаг. Түүнийг АН мэдэрчихээд сонгуулийн дуугаа залуусаар дуулуулж тэдний үеийнхэнийг татаж чадав. Гэтэл МАН нөгөө л улиг болсон хэдэн ахмад дуучдаа гаргалаа. Сурталчилгааны ямар ч бодлого байхгүй нь илт.
АН “Намайг Амараа гэдэг” гэж жүжигчин залуугаар нийгмийн зүрхэнд хүрсэн сурталчилгаа хийв. МАН дууриаж бас л Амараа гэж жүжигчин залуугаар зөрүүлж хэрүүлийн шинжтэй сурталчилгаа хийлгүүлээд залуусын элэг доог болов. Уг нь саармагжуулах гэж оролдсон санаа байх л даа.

АН “Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжъя”, “Түмнийхээ үгийг төрийн зүрхэнд”, “Олуулаа”, “Бид 45-уулаа”, “Олуулаа хөгжих үү, Цөөхүүлээ хөлжих үү” гээд хүмүүсийн зүрхэнд нь хүрсэн мессежүүдийг нисгэв. Харин МАН “Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёс” гэсэн эргэн бодоход байтугай уншаад санагдахааргүй мессеж зохиов. Ер нь МАН өнгөрсөн 18 жил төр барьсан учраас иргэнд тэгш боломжийг өөрсдөө олгоогүй, нийгэмд шударга ёсыг тогтоож чадаагүй гэдгээ энэ мессежээрээ харуулсан. 18 жил чадаагүй гэдэгээ хэлээд байгаа намыг сонгоно гэж үү? “Эх орондоо сайхан амьдарцгаая” гэж өмнө өөр намын хэрэглэж байсан мессежийг дахин сонгов. Нэг голын усанд хоёр орж болдоггүй, нэг хэрэглэсэн мессежийг дахин нам хэрэглэж болдоггүй гэдгийг хэлээд өгөх пи-арчин байгаагүй бололтой. Эцэстээ “Зугтаж биш зүтгэж, шүүмжилж биш бүтээж” гэсэн хэрүүлийн шинжтэй мессежийг гаргав. Эхнэртээ хаягдсан арчаагүй эрийн хорссон хоосон үг шиг уншигдсан. Энэ бүхэн мэргэжлийн пи-арчин гэхээсээ илүү нийгмийн сэтгэл зүйг мэдэрдэггүй хурган дарга нарын л амнаас гарах мессежүүд гэх нь байна. МАН ийм л сурталчилгааны багтай байв.

АН-ын сурталчилгааны хаалт өнгөлөг гоё байлаа. Наадамд түрүүлэх бөх цаанаа л нэг өнгө орчихоод гоё байдаг шиг АН ч сонгуулийн өмнө өнгө орсон байлаа. Халуун элгэн нутагийг нийгмийн төлөөлөл, үндэстэн ястан, аймаг, түүхэн дурсгалт газруудад нь дуулуулав. Гайхалтай. Бас сурталчилгааны хаалтын захиа гоёо байлаа. Нэр дэвшигч бүр нь үг, өгүүлбэр бүрээр нь уншаад л. 2009 оны нөхөн сонгуулиар анх Д.Зоригтийн сурталчилгаа ингэж үг өгүүлбэрээр нь уншиж гарч байсан. Одоо ийм сурталчилгаа моод боллоо. АН-ын зарим толгой муутай нэр дэвшигчид ганц өгүүлбэр цээжилчихэж чадахгүй цаас харж уншин гутаасныг эс тооцвол хаалтын сурталчилгаа зөв байлаа.
Ийнхүү АН, МАН-ын сурталчилгааг мессеж, дуу, стратеги, тактик, хаалт гэх мэт бүхий л зүйлээр нь харьцуулан дүгнэж болж байна. Аль ч харьцуулалтаар нь авч үзсэн АН-ынх арай л дөнгүүр, мэргэжлийн талдаа. Харин МАН-ын сурталчилгаа албаны ард түмэнд гэхээсээ илүү дарга нарт зориулагдсан нь илэрхий. Ард түмэн дарга хоёрын аль нь олонхи билээ. Тиймээс хариулт нь тодорхой л гарлаа.
Нэг хулгайч хөдөөний айлын гадаа очиж шарыг нь төхөөрч махыг нь авч явахдаа арьсыг нь тэнийлгэж нэг шил архи, захидалтай үлдээгээд явсан онигоо бий. Уг захидалдаа “Шилтэйг нь ууж сэтгэлээ засаарай, ширийг нь зарж хохирлоо багасгаарай. Нохойгоо сайжруул. Нойроо багасга. Эс тэгвээс ирэх жил ирж идшээ авна шүү” гэж бичсэн гэдэг. Үүн шиг юм болов. Тиймээс МАН сурталчилгааныхаа алдааг зас. Интернет орчинд сайн менежмент хий. Нийгмийн сэтгэл зүй, залуусын санаа бодлыг уншиж сур. Бусдаасаа суралц. Стратеги тактиктай бол. Эс тэгвээс ирэх жил ялагдана шүү.

Т.Сайхнаа

24цаг


URL:

Сэтгэгдэл бичих