Ардчилагчдын хүлээж авах “дампуу” засаг

Ардчилсан нам түүхэндээ хоёр дахь удаагаа засгийн эрх барих боломжтой бол­лоо. Мон­голын ард түмэн ардчи­лагч­­дад ямар ч байсан итгэл хүлээл­гэ­лээ. Тэд ирэх дөрвөн жилд за­саг барих учиртай. Засаг ба­рих­даа хэн нэгэнтэй хамтрах уу, үгүй юу гэдэг асуудал яриг­даж байгаа ч үндсэн эрх мэд­лийг яах аргагүй АН үүрэх ёс­той билээ. Өөрөөр хэлбэл, энэ удаад ачааны хүнд хэсэг ард­чилагчдын нуруунаа ирлээ. Ирэх дөрвөн жилд Ардчилсан нам энэ улс орныг тэгж, ингэж авч явна гэдгийг ирээдүйг хар­сан юм шиг ярих хэрэггүй байх. Гагцхүү өнгөрсөн дөрвөн жи­лийн хугацаанд энэ улс орны нөх­цөл байдал, эдийн засагт ямар өөрчлөлт оров. Ардчилсан на­мын­ханд сайн зүйлийг сай­наар нь, муудсан зүйлийг сайж­руулж авч явах үүрэг ногдлоо. Гэх­дээ яг үнэндээ сайн гэхээ­сээ илүү саар зүйлс илүү олон бай­на. Үнэнийг хэлэхэд МАН дан­гаараа засаг барьсан сүүлийн хэд­хэн сард нөхцөл байдал ийн “ор­вонгоороо эргээд” байгаа би­лээ. Харин одоо Ардчилсан на­мынхны тун удахгүй хүлээж авах засаг ямархуу нөхцөл бай­дал­тай байхыг шинжиж үзье.

Төрийн сан хоосорлоо

МАН-ын толгойлж буй Ар­дын тодотголтой Засгийн га­зар ахмад настан, хөгжлийн бэрх­шээлтэй иргэдэд “Эх орны хи­шиг” сая төгрөгийг өнгөрсөн тав­дугаар сараас эхлэн олгож эхэл­сэн. Ингэхдээ гурав ху­ваан олгосон билээ. Эхний ээл­жинд 330 мянгыг олгосон бол сон­гуулийн өмнөхөн мөн 330 мян­ган төгрөгийг тараасан. Гу­рав дахь ээлжийн 340 мянган төг­рө­гийг удахгүй олгоно гэж бай­гаа ч чухам хэрхэн, яаж ол­гох нь хараахан тодорхойгүй бай­на. Түүнчлэн санхүүжилт байх­гүй гэх мэдээлэл ч байгаа би­лээ. Энэ нь үнэний хувьтай байх магадлалтай. Засгийн газ­раас сар бүр тарааж байсан 21 мянган төгрөг гуравдугаар сард та­салдсан. Удаж, удаж олгогд­соны дараа Засгийн газар Мон­голбанкнаас мөнгө зээлсэн гэ­дэг нь тодорхой болсон би­лээ. Өөрөөр хэлбэл, тэр үеэс эх­лэн Төрийн сан хоосорсон хэ­рэг. Эхний ээлжийн 330 мян­ган төгрөгийг олгоно гэж аль гуравдугаар сараас эх­лэн мэ­дээ­лэгдсэн ч арай чүү тавду­гаар сараас эхэлсэн. Хоёр дахь удаагийн мөнгийг бол засаг “Эр­дэнэт” үйлдвэрээс зээлсэн гэх мэдээлэл байгаа билээ. Ир­гэ­дэд “Эх орны хишиг” ол­го­хын тулд Хөгжлийн бан­кинд орж ирсэн мөнгө рүү хүр­тэл “илүү харж” үзсэн. Үүнийг нь эсэргүүцэж буйгаа илэр­хийлээд тус банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргал албан ту­шаалаа өгөөд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк­­ны мөнгөөр Засгийн газар ши­нэ бүтээн байгуулалтуудыг сан­хүүжүүлж, үйлдвэр барих ёс­той байтал бэлэн мөнгөний, на­мын амлалтыг биелүүлэх гэж оролдсон нь ийнхүү тус банкны ТУЗ-ийн даргыг албаа өгөхөд хүр­гэсэн гэх “бор шувуу” нисч яваа билээ. Юутай ч энэ өдрүү­дэд Төрийн сан хоосорсон гэ­дэг нь бараг л тодорхой болоод бай­на. Иргэдэд хишиг, хувь ол­гох асуудлыг хариуцаж бай­гаа Хөдөлмөр халамж, үйл­чил­гээний газрын дарга Д.Баяр­сай­хан “Манай сан хөмрөг лав хоо­сорсон, юу ч байхгүй” гэж хэв­лэлд өгсөн ярилцлагадаа дурьд­жээ.

Хоёр дахь “Их өр” буюу 580 сая ам.доллар

Монгол Улсын Хөгжлийн банк гадаад зах зээл дээр 580 сая ам.долларын бонд зарсан. Ин­гэс­нээр шинэ бүтээн бай­гуу­лалтуудыг санхүүжүүлэх мөн­гөтэй боллоо гэж Засгийн газар баярлан хөөрцөглөж бай­сан. Гэвч аль гуравдугаар сард ав­сан зээлээр өнөөг хүртэл ямар нэгэн дорвитой ажил хий­сэн­гүй. Улмаар Засгийн газар өнгөрсөн хугацаанд өдөр бүр 98 мянган ам.долларыг зөвхөн хүүнд төлсөөр ирлээ. Хүүгийн төлбөртөө “шатахгүй”-н тулд засаг аль болох богино хугацаанд шинэ бүтээн байгуулалтын төс­лүүдийг хэрэгжүүлж, бодит ажил болгох ёстой. Гэтэл өн­гөр­сөн хугацаанд засаг барьсан МАН-ынхан арайчүү эхлүүлээд байсан төмөр замын ажлыг зогсоож, өөрсдөө эхлүүлнэ гэж зүтгэсэн ч өнөө хэр бү­тээ­гүй байна. Дээрээс нь Та­ван­тол­гойн хэлэлцээр таг зог­сон­ги байдалд орчихоод бай­гаа. Хөгжлийн банк ч бас ТУЗ-ийн даргагүй болчихлоо. Тэ­гэ­хээр энэ бүх хутгалдсан асууд­луу­дыг цэгцэлж, эмх журманд оруу­лахын тулд Ардчилсан засаг чамгүй хичээх шаардлагатай болно. Ядаж байхад МАН гэдэг маш хүчтэй сөрөг хүчин ирэх дөрвөн жилд парламентад ажил­лах нь үндсэндээ тодорхой бол­чихоод байгаа билээ. Бүтээн бай­гуулалтын ажлуудыг урагш­луулж, Тавантолгойгоо эдийн засгийн эргэлтэнд оруулж ча­дахгүйгээр хэдий чинээ удна, тө­дий чинээ “их өр” ард түмний ну­руун дээр ирэхээр болоод бай­гаа юм.

Халамжгүй Монголыг бий болгох уу

Өнгөрсөн дөрвөн жилд ард түмэн элдэв янзын хэлбэрээр сар бүр мөнгө авсаар байгаад бүр ижил дасал болчихжээ. Цааш­даа халамжийн бодлогуу­дыг цэгцлэх бодлого баримталж буй. Гэвч иргэд сар бүр авдаг 21 мянган төгрөгөө санасан хэвээр л байна. Тэднийг 21 мянгатай, мянгагүй амьдарч болно гэдэг сэтгэхүйтэй болгохын тулд шинэ Засгийн газарт ажлын байр бий болгох гэсэн ганц л даал­гавар ногдож байгаа. Азаар уул уурхайн салбар эрчимтэй хөг­жихийг дагаад дагалдах сал­баруудад ажлын байр олноор бий болох нь дамжиггүй бо­лоод байна. Тэртээ тэргүй хөг­жих гэж байгаа зах зээл дээр төр бага зэрэг дэмжээд өгөхөд л хангалттай юм. Ингэснээр аж­лын байрууд олноор бий болж, за­луус сайхан амьдрах боломж бүр­дэнэ. Бүр цаашилбал, халам­жийн мөнгөнд дулдуйдсан бус ажил хийж, ариун цагаан хөдөл­мөрөөрөө баялгийг бүтээж чад­даг Монголыг бий болгох үүрэг Ардчилсан намд ногдож бай­на. Үүний тулд тодорхой хэм­жээнд цаг хугацаа хэрэгтэй бо­лов уу. Яг одоогийн нөхцөлд бол иргэд бэлэн мөнгөний ам­лал­туудаас татгалзах дургүй бай­на. Мэдээж шүү дээ, зүгээр сууж байхад нь мөнгө өгвөл хэн ч гэсэн авч л таарна.

Эдийн засгийг зөв гольдиролд нь оруулах уу

2008 оны сонгуулийн дараа намууд бэлэн мөнгө амласан. Да­раа нь 2009 онд эдийн зас­гийн хямрал нүүрлэж, нэг банк дам­пуурч, нэг банк төрийн ивээлд үлд­сэн билээ. Хэдийгээр эдийн засаг хямрарч, банк дампуурсан ч гэсэн Монголын төр засаг ир­гэддээ амласан амлалтаа биелүүлж 2010 оноос эхлэн ир­гэдэд бэлэн мөнгөө тарааж эхэл­сэн билээ. Үр дүнд нь аж­лын байр бий болоогүй. Бас ард түмэн баяжаагүй. Гагцхүү ир­гэд ядуу дээрээ ядуу болж, са­рын орлогынхоо оронд 21 мян­г­ан төгрөгөө хүлээж суудаг бол­жээ. Түүнчлэн инфляцийн хөө­рөгдөл, мөнгөний хатуу бодлого гээд яривал улсын маань эдийн за­саг бэлэн мөнгөний амлал­таас болж эгээ л “өнхөрч унах” дөхлөө. Аз болоход бэ­лэн мөнгөний амлалтууд 2008 оны сонгуультайгаа цуг дуусч байна. Одоо амлалтаас болж савлагаанд орсон эдийн зас­гийг эрүүлжүүлэх үүрэг ши­нэ засгийн газарт ногдоно. Хам­гийн түрүүнд ажлын байр бий бол­гох ёстой гэдгийг дээр дурьд­сан. Бэлэн мөнгөний ам­лалтыг зогсоогоод ажлын байр бий болгочихвол эдийн за­саг аяндаа хөгжих нөхцөл нь бүрд­чих­нэ. Гэхдээ үүнээс гадна нефть бүтээгдэхүүний салбар гэж айхтар зүйл байна. Литр бен­зиний үнэд монголчууд дар­луулсаар. Үүнээс гадна махны үнэ байна. Килограмм мах 10 мян­ган төгрөгт хүрэх болсоор ба­гагүй хугацаа өнгөрлөө. Энэ мэт тулгамдсан асуудлуудыг шийдэх ёстой. Түүнчлэн банк, санхүүгийн салбарыг хөг­жүүлж, зээлийн хүүг бууруулах, биз­несийг дэмжих гээд эдийн зас­гийн салбарт зөв гольдролд нь оруулах зүйл олон байна. Тэр бүх ажлыг шинэ Засгийн газар ший­дэж чадна гэдэгт найдъя.

Л.Энхдэлгэр

mminfo


URL:

Сэтгэгдэл бичих