МАН одоо л бодитой шинэчлэлтийн замд орж магадгүй

МАХН-д өгсөн 20 хувийн санал МАН-д ирэх байсан

Дуулиан дэгдээж, дутуу нойртой хонуулсан сонгууль өндөрлөв. Иргэдийн нүд, чих амарч, хэдэн шөнө нойртой хонох нь уу гэтэл Сонгуулийн Ерөнхий хороо­ныхон гэдэг нуруугаа авсан морь шиг халирамтгай хэдэн нөхөр үнэнийг хэлэхээс хулчийж, хэрүүлтэй өд­рүүдийг өнгөрүүлж байна. Сонгогчдын нэрсийн жаг­саалтад орсон иргэдийн бараг гуравны нэг нь сонгуульд оролцсонгүй. Долоон зуун мянган иргэд гэдэг их том тоо.

Гадаадад 200.0 мянга хол давсан иргэд байдаг ч ердөө л 2000 гаруйхан хүн саналаа өглөө. Саналаа өгөөгүй иргэд манай гэрт ч байна, танайд ч бас бий.

Шинэ хууль зарим талаар амьдралд нийцсэнгүй. Сарын өмнө чухам хаана байхаа шийднэ гэдэг хөдөлгөөнт амьд­ралтай мон­голчуудын хувьд зохис­гүй гэдэг нь харагдлаа.

Энэ бол иргэдийнхээ боломжийг хан­­гаж, эрхийг эдлүүлж ча­даагүй монгол төрийн алдаа. Бас иргэд заавал сонгуульд оролцдог байх эрх зүйн үндэслэл байхгүйнх.

Намуудын алинд нь ч өгөөд нэмэргүй, худал ярьж чулуу хөөлгөдөг луй­варчид гэсэн бодолтой ир­гэд Монголоор дүүрэн бай­гаагийн гэрч. “Сая төгрөг өгнө” гээд бүтэн дөрвөн жил гэж хошгоруулж, ал­даг оног өгч, эцэст нь Сан­­гийн сайд Д.Хаянхярваа л тө­рийн мөнгөөр шоудаж, Дар­ханыханд 600 мянга га­руй төгрөг тарааж, санал худалдаж авав бололтой.

Унасан бөхөд шалтаг мундахгүй. Зарга заалхай хэдэн сар ч үргэлжилж магадгүй боллоо. Ямар ч гэсэн өөрсдийгөө ялна гэж эрдэж бардаж байсан МАН, АН-ын хоёрын аль нь ч дийлэнх олонхын са­нал авч чадсангүй. Хам­гийн өрөв­дөлтэй   бөгөөд   эм­гэ­нэлтэй нь  МАН  харагдаж байна. Жижигчүүлтэй нийл­­­­­чихсэн саналаа  га­раар  тоолуулна гээд гүйх хэм­­­жээнд жижгэрлээ. АН-ынхан ч нээрээ га­­­раар тоолчихвол яаж ч баларч мэднэ гэсэн шиг тэвдэж байгаа нь бас сэжигтэй.

Төр барьж байгаа нам ялагдах гэдэг зүүдэнд ч ор­мооргүй явдал мөн. Уйлах хүүхдийн хошного урд өд­рөөсөө умалзана гэж үг бий. Тийм дохио 2008 оноос эхэлснийг одоо эргэж санах гэж оролдох хүмүүс цөөхөн ч гэсэн бий гэдэгт итгэнэ.

2007 онд ээлжит бус их хурал хийж, намын удирдлагаа сольж, Засгийн газрын тэргүүнийг өөрчилс­нөөс хойш “Ху” намын до­тоод зөрчил дээд цэгтээ хүрс­нийг жирийн гишүүд, дэмжигчид тэр болгон мэд­дэггүй байж магадгүй. Яагаад гэвэл нам доторх фракцуудын толгойлогч нар нь цуг ажиллаж, эв найртай байгаа гэж ойлгогдохоор жү­жиг шоу тавьж, зурагтаар тэврэлдэж үнсэлцэж ха­рагддаг.

Тэд яаж ийж байгаад намаа сонгуульд ялуулан, төрийн эрхийг барьж, эдийн засгийн өсөлт гэж яриад байгаа уул уурхайн орлогоос ахиухан юм шомбодох гэсэн ижилхэн шуналтай.

“Ху” нам байгаад МАН болсон улстөрийн  хүчин     2012 оны сонгуульд сана­сандаа хүрч чадсангүй. Тэд дотоод  хэрүүл  тэмцлээ илэрнэ гэж айгаад сон­гуулийнхаа үр дүнг ч ярьж чадахаа болиод удаж бай­гаа юм. Тухайлбал, 2008 оны УИХ-ын, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр  дүнг ил тод ярьж, намаа муухай харагдуулж байгаа хүмүүстэй хариуцлага тоо­цож огт чадаагүй. Ер нь олон юм яривал намыг чинь бутраана гэж айлгадаг мангас олонтой. Үүний учир шалтгаан нь юунд оршино вэ.

2007 онд эрх мэдэл, идэх хоолоо булаалгасан хотын фракцынхны өшөө хорслоос хулчийж, тэдний асар их мөнгөнд цаламдуулж бас сонгуулийн өмнөх хагарлаас болгоомжилсон  намын удирд­­лагуудын арга барил олон түмнээс салгах эхлэл болсон гэж улстөрчид үздэг.

2009  оны Ерөнхий­лөг­чийн сонгуульд хэний нэ­рийг дэвшүүлэх вэ гэдэгт фрак­цууд нэгдсэн саналтай бай­сангүй. Н.Энхбаярыг да­гаж хоолонд хүрээд, муудалцаж салсан фракцынхан түүнийг огт дэмжээгүйгээс нийслэлд санал авч чадаагүй. Бага­бандийн фракцынхан гэж хэлж болох С.Баяр тэргүүтэй намын удирдлага ч дотроо дургүй байсан гэж ярьдаг.

H.Энхбаярыг хөлгүй далайд аврах цагираггүйгээр шидсэн мэт ямар ч дэмжлэггүйгээр өрсөлдүүлж, сонгуулийн пиарчид нь ч олны дур­гүйцлийг төрүүлж, харин өрсөл­дөгчид нь овжноор ашигласныг орон даяар харсан.

Муу дээр муу, муухай дээр улцан гэж 7 сарын 1-ний үйл явдал гэсэн том гай бас нэрмээс болж, жаг­саалыг дэвэргэсээр бос­лого болгосон. Бослогыг дарахгүй байсаар хүний аминд хүр­сэн буруутанг олох гэсэн нийгмийн бухимдал одоо ч дарагдаагүй байна.

Нам нь дэмжээгүйгээс болж сонгуульд ялагдсанаа мэдэрсэн Н.Энхбаярын зү­гээс ирэх дарамт ч шаналгаж байсан нь мэдээж. Ингээд тэд намдаа хайр­тайдаа биш, Н.Энхбаяраас салах эцсийн арга бодож олоод, намын нэрээ сольсон чинь бүр толгой дээрээ тогоо хөмөрч, намаа наад зах нь 28:20 харьцаатайгаар хагалснаа сая ухаарав бо­лолтой. МАХН-д өгсөн 20 хувь гэдэг МАН-д ирэх бай­сан санал.

С.Баяр даргын эрүүл мэнд муудахад нам доторх далд хагарлыг бутрал сарнил болгочихолгүй, эв эеийг нь олох хүн С.Батболдоос өөр байсангүй. Нүүр, нүдээ харалцаж, ширээ тойрч суугаад үнэн мөнийг ярьж чадахаа болиод удсан МАН, М.Энхболдын гэх хо­тын, У.Хүрэлсүхийн гэх зүүний хүчин буюу за­луучуудын, С.Батболдын гэх төвийг барьсан гэхчилэн олон фракцын эрх ашигт нийцүүлэх, намыг дэмждэг мөнгөтэй хүмүүсийн эрх ашигт тохируулах, бас Ц.Ням­­дорж мэтийн шударга хүмүүсийн хэл амыг да­рах сонголт хийх гэж оролд­соор үхрийн бөөр шиг баг бүрдүүлж өрсөлдөөд сон­гуульд бүтэлгүйтлээ.

Нэр дэвшсэн 48-ыг ха­рахад хэнийг хэн нь нэр дэвшүүлсэн, хэн нь хэн­тэйгээ нийлж, хэн нь  хэ­нээсээ салж, хэн нь яагаад уна­сан гэдгийг уншихад тун амархан. Хүнээ олж, нэр дэвшүүлсэнгүй гэж захын хүн хэлнэ. АН-д сул тавьж өгсөн суудал ч бий, өрөөлийн намынхан, бие даагчидтай нийлж өөрийнхөө хүнийг унагасан той­­рогч бий. Санал авахгүйг нь анхнаасаа мэдсээр байж нэрийг нь дэвшүүлсэн хүн ч бий. Нэрийг нь дэвшүүлсэн бол ялчих Одконы Мөнхбат, Төмөрзамын Р.Раш мэтийн хүмүүс ч олноороо үлдсэн. Тэд мөнгөгүй, өөрийн фракцгүй.

Н.Энхбаярыгаа Ц.Эл­бэг­доржтой нийлээд хү­ний ёсноос гадуур дээ­рэл­хэж доромжилсны шанг хүртлээ гэж ам­тай бүхэн хэлж байна. Мон­гол­чуудын хүн чанарыг дээ­дэлдэг, дийлд­сэнийх нь талд ордог сэт­гэхүйг МАН-ынхан тооц­сонгүй, бас тоосонгүй.

Н.Энхбаярыг УИХ-ын сон­гуульд өрсөлдөх эрхийг хааж боогоод ч нэмэр бол­сонгүй. Нэг Энхбаярыг ха­­сахад цаана нь найман Энхбаяр УИХ-д орж ирж бай­на. Монголчууд жудагтай эр хүнийг хүндэлдэг. Аварга бөхчүүдээс эхлээд шо­­ронгийн хулгайчид ч жу­даг гэж байдаг. Үүнийг МАН-ын залуус мэдэхгүй байж ч магадгүй. Тэд Д.Тэр­бишдагва, Ч.Улаан, Н.Удвал, Ц.Даваасүрэн, О.Чулуун­бат нарыг зүхэж суугаа.

Харин ард түмэн МАН-д нь дүнгээ тавьж байна. МАН-ыг “ху”, “ху” биш гэж хоёр хуваагдаад хэрэлдэж байх хооронд дундуур нь АН-ынхан ногоон гэрлээр сүнгэнээд гарч ирснийг ад­­гийн дүйнгэ толгой ч ойлгоно. Бас МАН-ын Зас­гийн газрын ажилд тавь­сан дүн, олигархиудад өгсөн хариу гэдгийг хэлэх хэрэгтэй.

Улс орны хувь заяаны төлөө биш, уралдаж идэхийн төлөө өрсөлдөөн юунд хүргэдгийг харуулсан МАН-ын энэ жишээ түүхэн сургамж болж үлдэнэ. Авар­гууд аархаж, ханхалзан яваад дангийн даваанд унадгийн жишээ энэ.

Нөгөө талаар энэ уналт энэ намыг улстөрийн цэвэр­шилтэд хүргэх сайн талтай гэж ярьж байна. УИХ-ын болоод нийслэлийн хо­тын фракцынхан олноор ялагдсныг улстөрчид сайн тал гэж үзэж байна.

У.Хүрэлсүхийг дагаж хөөр­цөглөдөг  олон залуучууд ч бор шувуу шиг дэрхийж одно.

Одоо машины тооллогыг гар тооллогоор шалгаад нэ­мэргүй. Анх тооны ма­шин гарахад нэг өвгөн ня-бо хятад сампингаар шал­гасан гэдгийн үлгэр л болно. Тоол­лоо ч сонгуулийн эцсийн үр дүнд нөлөөлөх хэмжээний өөрчлөлт гарах нь юу л бол. Хүний олноор хүч түрдэг цаг ч өнгөрчээ.

МАН-д хэдэн мянгаараа элссэн залуучууд нь хаач­чихав аа. Яриад байсан 220,0 мянган гишүүн нь, нэг нэг хүн дагуулаад саналаа өгөхөд л ялчих байсан биш үү.

Өвгөдөө гомдоосон айл өөдөлдөггүй. Ард түмэн шударга байж, бодитой ажил хийж, баялагаа жигдхэн эдэлж сайхан амьдрахыг л хүсч байна. Үүний тод жишээ нь  үйлдвэрчний С.Ганбаатар, шударга ёс­ны нэгдлийн Г.Уянга, Д.Бат­цогт, бие даагч Ц.Даваасүрэн нарыг сонгосон явдал бэлх­нээ харуулж байна. МАХН-д яагаад сонгогчдын 20 гаруй хувь нь саналаа өгөв өө. Нэг өвөөгийн “Насаараа явсан МАХН-даа саналаа өгнө” гэдэг үнэн боллоо.

Амьдрал өөрөө МАН-ыг үнэний дэнс рүү чирч байна. Тэднийг одоо яарал­тай хуралдаж үнэнээ ярьц­гааж, нөгөөх ялагдвал “Би хариуцлагаа үүрнэ. Аж­лаа өгнө” гээд байсан хү­­мүүс­тэйгээ хэрхэн хариуц­лага тооцохыг хүлээж байна.

Нэрсийн жаг­саалтаар гишүүн болоод хуульд оруулсан өөрчлөлт нэртэй өөрсдөө орогнохоор малтаж бэлтгэсэн нүхэндээ МАН-ын лидерүүд орж  амар сайхандаа жар­галаа гэхэд энэ намд үнэнч явсан олон мянган гишүүд, тэдний үр ач нар АН-ын тороор шүүрдүүлж, ажилгүй, амьд­ралгүй болохоо хүлээж байна.

Дэлхийн бөмбөрцөг эр­гэдгийн адил, дээр байгаа амьдрал бас эргэдгийн жишээ энэ. Дээр, дороо орж ноцолддог улстөрийн амьдралын жишиг энэ.

Одоо яах вэ. Арай олон санал авсан АН-д Засгийн газрыг байгуулах боломж бий. Хэнтэй нийлэх вэ. Эргээд МАНАН-г АНМАН болгох уу. Үүнийг МАН-ын гишүүд зөвшөөрөхгүй, хууртаж хаширсан. Эсвэл МАХАН болох уу. Н.Энхбаяр зөвшөөрөхгүй. Горьдов оо гэнэ. Харин АН угшилтай М.Энхсайхан, Г.Уянга, Н.Бат­цэрэг, М.Сономпил тэр­гүүтэй нөхөд МАХН-аас салж ижилтэйгээ нийлэх үү.

АН-ынхан бие даагчид, ИЗН-ын ганц хоёртой ний­лээд засаг барьж чадах уу. Ингэвэл гурав ч хонолгүй огцорно. Огцруулахдаа хүр­вэл МАН, МАХН хоёулаа нэг тал болж чадна. Ингээд Засгийн газраа байгуулж чадахгүй будилсаар дөчин тав хонож, дахин сонгууль хийх үү.

МАН-ынхан заргалдсаар ганц, хоёр суудал нэмж авч, бие даагч   хоёрыг нэмээд засаг барих хэмжээнд хүрэх нь үү. Тэглээ ч бас л насгүй. АН  тэднийг  ажил хийлгэхгүй байж бас чадна. Ц.Элбэгдорж тийм Засгийн газрыг тэр дотроо Н.Энхбаярын “Ху” нам­тай нийлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй.

2013  онд        Ерөнхий­лөг­чийн сонгууль болно. Тэр үед ямарч хамаагүй үнээр АН Засгийн газрыг тэргүүлж байх учиртай. Ингээд УИХ, Засгийн газар, Нийслэл хот гэсэн гурвал дээр Ерөн­хийлөгч нэмэгдвэл улс орон ардчиллын замаар дөрвөн дугуйтай машин шиг хурдлах тухай америк ах нартаа өгсөн амлалтаа хэрэгжүүлнэ.

Ардчилагчдын цорын ганц­хан хүслэн, яаж ч муу­далцлаа гэсэн тэднийг нэгт­гэдэг ганцхан хүчин зүйл бол “Ху” гаралтай намыг газрын хөрснөөс арчих явдал юм. Харин “Ху” гаралтай хэсэг нөхөд ийнхүү өөрсдөө энэ замыг нь засч өгч байх шиг харагдана.

Дорнын гүн ухаанаар бол аливаа зүйлийг мөхөөх хүч нь дотроо агуулагддаг, харин шинэчлэх хүч нь гаднаа оршдог гэдэг. Нийгмийн ши­нэчлэл ч цагаан морин жил гадны нөлөөгөөр эхэл­сэн. Одоо бол монголчууд монгол ухаанаараа шинэчлэл хийхийг хүсч байгаа нь энэ сонгуулиар харагдлаа.

Ард түмнийхээ  сэтгэхүйн цараанаас доогуур сэтгээд, басамжлаад  байвал чухам яадгийг үзсэн МАН-ынхан ялагдлаа хүлээн зөв­шөөрч чадахгүй тахимаа өгдөг­гүй бөх шиг аяглаж, жи­жигчүүдтэй нийлээд саналыг гараар тоолуулна гэж мэ­дэгдэл хийж байгаа нь бүр ч эмгэнэлтэй. Ийм эмгэнэлд хүргэсэн нөхдийг намаа шинэчлэнэ гэж ярихад одоо итгэх хүн байхгүй.

Дахин хэлэхэд энэ сонгуулийн хамгийн сайн тал нь МАН-ыг үнэ­хээр шинэчлэгдэх замд  оруул­санд оршино гэж улс­төрчид үзэж байна. Ха­рин шинэчлэх лидер хаана явна вэ. Ялагдал бол ялахын эхлэл биш гэж үү.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих