Баргилтын уурхайн тоосжилт Бор-Өндөр сумыг цөлжүүлж байна

Уул уурхайн балгаар хамгийн ихээр сүйдэж, байгаль экологи, газар нутгаараа хохирч байгаа аймаг бол Өмнөговь. Тэндхийн амьдрал тоосжилт, тоос, шороо гээд битүү манан дунд л өрнөдөг.

Тэгвэл Улаанбаатар хотын захад орших Хэнтий аймгийн Бор-Өндөр сум үүнээс дутахааргүй болчихож. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум угтаа бол тал, хээрийн бүс. Гэвч уул уурхайн компаниудад тавих хяналт байдаггүйгээс Бор-Өндөр сумын газар нутгийн ихэнх хэсэгт нь цөлжилт нүүрлэчихээд байна. Ганцхан жишээ дурдъя.

Бор-Өндөр сумын нутагт орших Баргилтын уурхай үйл ажиллагаанаас болж тус сумын тусгай хамгаалалттай уул цөлжиж, хүн, ан амьтан амьдрах нөхцөлгүй болжээ.

Орон нутгийн иргэдээс ирсэн энэхүү гомдлын дагуу бид Монгол Улсын хамгийн отгон сум болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумыг зорилоо. Бор-Өндөрийн уурхайг түшиглэж байгуулагдсан Бор-Өндөр хот өмнө нь Дархан сумын багийн харьяалалтай байв. Гэвч Дархан сумаас олон хүн амтай бяцхан хот болсон тул Бор-Өндөр сум болгон тусгаарласан билээ.

Улаанбаатар хотоос гарч, дөрвөн цаг орчим давхисны эцэст Бор-Өндөр суманд ирлээ. Сумын хэмжээнд томоохон асуудал болчихоод буй Баргилтын уурхай тус сумаас баруун хойно орших аж. Сумын төвөөс уурхай зорих замд л тоос шороо уугиж, тэрхэн хэсэгтээ битүү манан татсан харагдана. Дөхөх тусам өвсний ширхэг цөөрч, цемент цацаад хаячихсан юм шиг болчихов. Дээр нь гишгэх бүрт л нарийн ширхэгтэй цемент шиг шороо бургих аж.

Орон нутгийн иргэдийн ярьснаар уурхайн удирд­лагууд биднийг ирж байгаа гэдгийг мэдээгүй учраас үйл ажиллагаагаа зогсоож, тоос шороогоо дарж, далдлаагүй нь энэ аж. Шалгалт, сэтгүүлчид ирж байгаа сургаар уурхайн үйл ажиллагаа нам зогсдог гэсэн. Ингэж манан татсан их тоос шороог чиглэн явсаар Баргилтын уурхайд ирлээ. Харуул хамгаалалттай байсан тул үүднээс нь нэлээд зайтай зогсож хэсэг зураг авсан юм.

Нийт 84 га талбайг хамардаг энэхүү төмрийн хүдрийн уурхайг Хятадын 100 хувийн хөрөнгө оруу­лалттай “Лут чулуу” компани эзэмшдэг аж. Компанийн удирдлагуудынх нь хэлж байгаагаар Баргилтын уур­хайн ашиглалтын лицен­зийг 2010 онд “Голдензеүн интернейшнл” ХХК-иас худалдаж авсан гэнэ.

Хамгийн аймшигтай нь хятадууд энд олборлолт явуулж эхлээд тавхан жилийн дотор эргэн тойрны байгаль орчныг гамшгийн хэмжээнд хүргэчихээд байгаа уурхайг цаашид 30 жил ашиглах эрхтэй. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар Баргилтын уурхайн анхны эзэмшигч “Голдензеүн интернейшнл” ХХК-д 30 жилийн турш олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгожээ. Энэхүү тусгай зөвшөөрөл 2007 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Л.Болдын гарын үсгээр олгогдсон байна.

Харин “Голдензеүн интернейшнл” ХХК энэхүү тусгай зөвшөөрлөө “Лут чулуу” ХХК-д зарсан учраас энэ компани Баргилтын уурхайн төмрийн хүдрийг 25 жилийн турш зөөж, Бор-Өндөр сумын газар нутгийг сүйрүүлж эхэлжээ.

Эднийх хуурай бая­жуулалтын аргаар олборлолт явуулдаг учраас битүү тоос, шороо болохоос ч аргагүй. Баяжуулалт явуулж байгаа хэсгээ хавтангаар халх­лахыг хичээсэн ч тэр нь нэмэр болдоггүй аж. Яг энэ уурхайн урд талын том уулыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. Нутгийн иргэд энэ уулаа ихэд шүтдэг гэсэн. Харамсалтай нь хятадууд шүтлэгтэй уулынх нь хормойг сэндийлж, таван жилийн турш өдөр бүр битүү тоос, шороогоор даржээ. Улмаар уулын хойд хэсэг тэрчигтээ цөлжилт үүсч, ургамал ч ургахаа больсон байна. Өвс ногоо ургахаа больсон тул малчид ч нүүж, ан амьтан ч дайжсан гэнэ.

Иймээс орон нутгийн иргэд Баргилтын уурхайн ойр орчмын нутаг ингэж аймшигтайгаар сүйдэж бай­гааг зүгээр хараад суу­сан­гүй. Холбогдох байгууллагуудтай нь шалгалт хийж, хэл ам хийсний эцэст төмрийн хүдэр зөөвөрлөх замыг хатуу хучилттай болгохоор тохиролцож, хуурай бая­жуулалтын аргаар олбор­лолт явуулах битүү бай­гууламж барихаар то­хиролц­жээ. Мэргэжлийн байгууллагуудын шалгалтад унасан “Лут чулуу” ХХК-ийнхан ч байцаагч нарын даалгасны дагуу Баргилтын уурхайгаас Бор-Өндөр сумын төмөр зам хүртэлх есөн км замыг хатуу хучилттай болгохоор болжээ. Улмаар 2012 оны эхний хагаст замыг бүрэн хатуу хучилттай болгоно хэмээн торгуулийн өр төлбөрөөс мултарчээ.

Гэвч 2012 он гараад зургаан сар болж байхад “Лут чулуу” ХХК хүнд даацын машинд зориулсан хатуу хучилттай замаа барьсангүй. Нөгөө л бахь байдгаараа тоос, шороо нь суунаглаж, хуурай баяжуулалтын явцад байгаль орчин нь сүйдсээр байна.

Уурхайн гаднаас нэлээд зураг авч амжсан манай сурвалжлах хэсэг Баргилтын уурхайн харуулын үүдэнд ирлээ. Машины цонх нээх мөчид л нарийн ширхэгтэй цемент шиг цагаан шороо дүүрчихэв. Ингээд харуултай ярилцаж, уурхайн удирлагуудтай холбогдов. Харуулын үүдэнд хоёр цаг шахам хүлээсний эцэст Баргилтын уурхайд нэвтрэх эрхтэй боллоо. Энэ хугацаанд машин дотроо зураг авах бүрт л харуулууд сандралдан гүйж ирнэ. Зураг авахуулахгүй гэж гуйж нэг, уурлаж нэг үзнэ.

Уурхайн дотогш нэвтэрвэл хятад эзэнтэй, хятад уурхайчидтай гэдэг нь шууд л ашиглагдана. Салхины дээд талд, баяжуулах үйлдвэрээс нэлээд зайд боломжийн тохижуулсан ажилчдын байр нь байх аж. Түүний доод талд, баяжуулах үйлдвэрийн хажууд хэдэн навсгар гэр байсан нь монгол ажилчдынх юм байна. Нөгөө л уурхай дагасан монгол, хятад хүний эрс тэс амьдрал нүдний өмнө ярайж өөрийн эрхгүй уур цухал төрүүлнэ.

Ингэж явсаар хятадуудын байрладаг байрны гадна ирэв. Уурхайн удирдлага гэх нэгэн залуу биднийг угтаж авсан юм. Тэрбээр өөрийгөө “Лут чулуу” ХХК-ийн Баргилтын уурхайн Монгол талыг хариуцсан орлогч дарга Н.Наранмөнх хэмээн танилцууллаа.

Н.Наранмөнх өөрөө энэ ажлыг аваад удаагүй гэдэг шалтгаанаар бидний асуусан ихэнх асуултад хариулт өгөхөөс татгалзаж байлаа. Гэхдээ уурхайн удирдлагууд тоосжилтоос болж байгаль орчин аймшигтай сүйдэж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байсан юм. Цаашдаа ч уурхайгаас гарах тоосжилтыг зогсоох боломжгүй гэдэг нь Монгол талыг хариуцсан орлогч захирлыг ярианаас илэрхий байв.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих