Архангай аймагт 29-ны өглөө хүртэл санал хураалт явагдсан ноцтой зөрчил илэрсэн
МАН-ын Хяналтын хорооны дарга Л.Дондогтой сонгуулийн дүнгийн талаар ярилцлаа.
-МАН ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй санал тоолох машиныг сонгууль будлиантуулсан гэж эсэргүүцэл илэрхийлж байгаа нь ямар үндэслэлтэй юм бэ?
-Асуудлын гол нь ялсан, ялагдсандаа биш. Маш ойлгомжтой булхай луйвар явагдсан болохоор л МАН болон бусад улстөрийн хүчин дуу нэгтэй СЕХ-нд шаардлага хүргүүлсэн. Автоматаар санал тоолох асуудал байнга маргаан будлиан дагуулдаг гэдгийг дэлхийн олон улс орон батлаад, ном хүртэл гаргасан байна шүү дээ.
Сонгууль луйвардах буюу цахим сонгууль явуулах арга гэдэг номыг телевизийн баримтат киног үндэслэн гаргасан юм билээ.
Саяны УИХ, НИТХ-ын сонгуулийг будлиантай болсон гээд эсэргүүцээд байгаа юм. Тиймээс хэн хэндээ элдэв юм саналгүй гар аргаар саналаа тоолчихъё гэсэн хүсэлт тавьсан. Сонгууль будлиантай болж уу, үгүй юу гэдгийн бурууг автомат машинд чихээд байгаа юм биш. Машинд буруу байхгүй. Ганцхан программ алдаатай. Ингэж үзээд Сонгуулийн Ерөнхий хороонд гомдлын дагуу бүх материалаа хүргээд өгчихсөн. Автомат машинаас гадна СЕХ бас нэг илэрхий зөрчил гаргасан.
-Ямар зөрчил гэж?
-Санал өгөх нийт сонгогчдын тоо, санал авсан тоотой давхцах эцсийн тооцоог гаргасан. Энэ зөрчигдсөн. Хэсгийн хороо хуралдаанаараа санал тоолсон тохиолдолд хэлэлцэн шийдвэрээ сонсгосны дараа хүчин төгөлдөр саналын хуудсыг багцлан боож, битүүмжлэн хурлын тогтоолын тэмдэглэлийг сонгуулийн бусад баримт бичгийн хамт салбар хороонд өгнө. Салбар хороогүй бол тойргийн хороонд нэн даруй ирүүлнэ гэсэн.
Өөрөөр хэлбэл, саналын хуудсыг хүчинтэй, хүчингүй гэж ялгах тогтоол бий. 2012 оны тавдугаар сарын 15-ны 60 дугаар тогтоолоор батлагдсан зааврын “хүчинтэй, хүчингүйгээр” саналын хуудсыг ялгах, 68 дугаар тогтоолоор баталсан журмыг дугуйлснаас өөрөөр тэмдэглэснийг өөр тэмдэглэл хийсэнд тооцно гэсэн заалтуудыг хүчингүй болгосон. Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 46.4-ийн “Нам эвсэл, нэр дэвшигчийн авсан саналын дүнг саналын хүчинтэй хуудсаар тооцно зэрэг заалтыг илт зөрчсөн байна.
Гэтэл СЕХ-ноос 2012 оны зургаадугаар сарын 26-ны өдөр гаргасан 127 дугаар тогтоол нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн маш олон заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, СЕХ хууль бус 127 дугаар тогтоолыг санал хураах өдрөөс хоёр өдрийн өмнө гаргаж мөрдсөнөөр УИХ, НИТХ-ын сонгуулийн дүнг нэгтгэхдээ хүчинтэй, хүчингүй саналын хуудсыг ялган, багцлан боож битүүмжлэн, үүний дараа хэсгийн хорооны тогтоол үйлдэж, салбар болон тойргийн хороонд хүргүүлэх тухай хуулийн заалт хэрэгжихгүйд хүрч, санал хураалтын дүнг будлиантуулсан.
-Та бүхний гомдлын хариуг хэд хоногийн дараа өгөх ёстой вэ?
-Гурав хоногийн дотор өгнө гэж хуулиндаа заасан байгаа.
-Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд СЕХ ямар хариуцлага хүлээх вэ?
-СЕХ сонгууль будлиулсан бол бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоос эхлээд хуулиндаа хариуцлага хүлээх субъект нь тодорхой байгаа.
-СЕХ 127 дугаар тогтоолыг хүчингүй болговол 100 мянга гаруй саналын хуудсыг ахиж шалгаж нягтлах боломжтой болно гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хэлсэн. Энэ тоо танай намын саналд нөлөөлөх болохоор ийнхүү маш тодорхой хэлсэн юм уу?
-Ер нь бол урд өмнөх сонгуулиудаар нийт сонгогчдын 1.5-1.6 хувь нь хүчингүй болдог байсан. Одоо 10 гаруй хувь нь хүчингүй болчихоод байна. 120 мянган сонгогч Үндсэн хуулийн эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч байгаа юм. Хуучин 10 мянга байдаг байсан бол одоо 120 мянга болчихоод байна. 120 мянган хүний санал сонгуульд айхтар нөлөө үзүүлнэ гэж байхгүй л дээ.
Үнэхээр тэдгээр саналыг хүчингүй болгох хэрэгтэй байна уу, үгүй юу гэдгийг бид гараар тоолж байж мэднэ. Түүнээс машин илүү, дутуу будсан юмыг сонгуулийн дүнд тусгаж, зарчмыг алдагдуулж байна. Энэ нь хасагдахаар санал байна уу, харгалзаж үзэхээр санал уу гэдгийг шалгаж үзэх хэрэгтэй шүү дээ.
-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга мэдэгдэл хийхдээ “Сонгууль будлиантай болсон. Яагаад гэвэл, жирийн сонгогчийн хувиар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намдаа санал өгсөн. Гэтэл миний санал өгсөн тойрогт манай нам ганц ч санал авсангүй гэдэг дүн гарсан нь жирийн сонгогчийг ч эргэлзэхэд хүргэлээ” гэж байсан. Магадгүй улстөрийн намууд сонгуульд ялагдаж сураагүйдээ энэ мэтийн тайлбар арга саам эрэлхийлсэн юм болов уу?
-Маш тодорхой жишээ татъя л даа. Архангай аймгийн тойргийн нэгтгэсэн дүнг үзье. Архангай аймгийн Их тамир суманд 2285 хүн санал өгсөн. Гэтэл тухайн тойрогт нэр дэвшигчдэд санал өгсөн сонгогчдын тоог хуваагаад үзэхэд тус суманд 386 санал сох дутсан. Хүчинтэй саналын хуудасны тоо гэдэг дээр таарах ёстой нэр дэвшигчдийн нэр санал өгсөн тоотой тэнцэх ёстой биз дээ.
Нэг хэсгийн хороонд 386 санал дутсан гээд үзэхэд Архангай аймгийн хэмжээгээр нийтдээ 4588 санал хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон. Эдгээр хүмүүсийн санал хаана очоод алга болов гэдэг зүйл асуултын тэмдэгтэй үлдэж байгаа юм. Тиймээс машин үнэн тоолсон байна уу. Худлаа тоолсон байна уу гэдгийг юуны түрүүнд нягтлах ёстой. Дараа дараагийн сонгуульд энэ машиныг ашиглана. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглана. МАН сонгуульд ялагдах гээд байгаадаа биш. Ерөөсөө энэ удаа машинаа магадлаад үнэхээр үнэн зөв доголдолгүй машин байна гээд шалгаад, итгэх нь нэг хэрэг. Болохгүй байна гэдгийг нотлох юм бол өөр програм ашиглаж болно шүү дээ.
Ингэж үнэн зөв эсэх эргэлзээг гаргахын төлөө бид тэмцэж байна. МАН ялагдчихаад тахимаа өгөхгүйдээ гол нь биш. Бид ялж, ялагдаж, бас адил тэнцүү байж ч үзсэн. Одоогийн байдлаар сүрхий олон саналаар сонгуульд ялагдчихсан ч юм алга. 2-3 хүний л тооны асуудал байгаа шүү дээ. Хамтарсан Засгийн газар байгуулаад л явна. Нэг их харамсаж, халаглаад, айж, гуньж гутраад байгаа зүйлгүй. Дахин хэлэхэд, дараа дараагийн сонгуульд хэрэгтэй гэдэг утгаараа тэмцээд байна.
-МАН жагсаал цуглаан хийх гэж байна. Олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалан дуудлаа гэх зэрэг мэдээлэл гадуур тархах боллоо. МАН сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гээд жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа юм биш биз дээ?
-МАН-ын хувьд жагсаал цуглаанд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа. Асуудлыг дэвэргэж, нийгмийг эмх замбараагүй байдалд хүргэх замаар асуудалд хандахгүй. Ер нь бол бусад нам эвслээс жагсаж, шударга ёсыг тогтооё гэсэн санал их ирж байна. Орон нутаг, аймгуудаас ч ийм санал их ирсэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс СЕХ-той хэл амаа ойлголцоно гэж найдаж байна. Болж өгвөл улсын хэмжээнд саналыг гараар тоолъё гэсэн. Төвөгтэй байна гэвэл аймгууд дээр хийе. Нийт зургаан аймгийн санал тоолох асуудлыг хөндсөн.
-СЕХ гараар санал тоолох хүсэлтийг хүлээж авахгүй гэвэл танай нам ямар арга хэмжээ авах вэ?
-СЕХ-ны шийдвэрийг буруу гэдгийг нотлох газрууд бий шүү дээ. СЕХ бол маргаан шийдвэрлэх дээд байгууллага биш. Үндсэн хуулийн Цэц гэж бий. Бид шат дараатай арга хэмжээгээ авна. Яваандаа хууль бус 127 дугаар тогтоолын асуудлаар ҮХЦ-д хандана. Материалаа ч бэлдчихсэн.
-Асуудлын гол нь машиндаа юу, хуулиндаа юу?
-Энэ жилийн хувьд Сонгуулийн хууль маш сайн болсон. Тийм учраас сонгууль бүрээр элдэв бэлэг сэлт тараадаг асуудал арилсан. Хуучин цагийн хууль зөрчсөн зүйл ч эрс хумигдсан. Хамгийн гол нь асуудал санал тоолох машинд бий. Машиныхаа алдааг засах юм бол дараа дараагийн сонгууль хэл амгүй явагдах болно.
-Автомат машин санал будлиантуулсан гэдэг нь нотлогдвол төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэнтэй адилхан гэж ойлгож болох уу?
-Тэгж үзэхээс өөр аргагүй шүү дээ. Хэрвээ тэр нь нотлогдсон бол сонгууль будлиантуулсан АН-ын гишүүд төрийн эргэлт хийх ажиллагаанд оролцсон.
-МАН өнгөрсөн дөрвөн жилд эрх баригч байсан. Гэтэл бүх эрх мэдэл гарт нь төвлөрчихөөд байхад өнөөдөр сонгууль будлиантсан гэж автомат машинд буруугаа чихээд сууж болох уу?
-Хамгийн гол нь энэ асуудал Монгол Улсын Тэргүүн шадар сайдын эрхлэх хүрээнд багтдаг юм. Эрх мэдлийнхээ хүрээнд санал тоолох машин авах мөнгө нь түүний багцад багтсан. Тиймээс МАН-д дангаар шийдэх сонирхол байгаагүй. Хоёрдугаарт, төрийн хүн учраас Н.Алтанхуягт итгэл хүлээлгэсэн хэрэг. Гэвч энэ асуудалд хариуцлагагүй хандлаа гээд УИХ-ын гишүүд дараа нь ярьж байсныг санаж байгаа биз дээ.
-Хоёр ч удаагийн сонгуульд монголчууд жагсаж, нийгмийн эмх замбараагүй байдал гаргах болсон. Харин энэ удаа нам гүм өнгөрөх төлөвтэй. Өнөөдөр МАН сонгуульд ялагдсан ч өргөдөл гаргаад сууж байна. АН байсан бол аль хэдийнэ жагсчихсан байгаа даа?
-Ер нь л АН-ын санаачилгаар янз янзын юм гардаг. 1996 онд МАН цэвэр ялагдсан ч дараа нь чимээгүй л өнгөрсөн. Гэтэл АН ялагдсан 2004 онд юу боллоо. Мөн 2008 онд бүр ч муухай юм хийсэн. Тийм учраас жагсаал цуглаан, үймээн самуун бол АН-ын л хийдэг ажил.
URL: