Сэлэнгэ аймагт автомат машин гацаж, саналыг гараар тоолжээ
2012 оны УИХ-ын ээлжит сонгууль хөдөө орон нутагт хэрхэн явагдсан талаар өчигдөр СЕХ-ноос мэдээлэл хийлээ. Тодруулбал, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл аймгаас УИХ-ын 4, 12, 13, 17 дугаар тойргийг хариуцан ажилласан дарга нар СЕХ-нд дүнгээ танилцуулсан юм.
Хэвлэлийн бага хуралд Сэлэнгэ аймаг, УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойргийн ахлагч О.Буянтогтох, Булган аймгийн УИХ-ын дөрөвдүгээр тойргийн ахлагч Ц.Дагвадорж, Хөвсгөл аймаг, УИХ-ын 17 дугаар тойргийн ахлагч Г.Төмөрбаатар, Сүхбаатар аймгаас УИХ-ын 12 дугаар тойргийн ахлагч Ц.Лхамсүрэн нар хүрэлцэн ирлээ.
Мэдээллийн эхэнд Булган аймагт УИХ болон НИТХ-ын сонгууль хэрхэн явагдсан талаар УИХ-ын дөрөвдүгээр тойргийн ахлагч Ц.Дагвадорж тайлбар хийсэн юм. Тэрбээр “УИХ-ын сонгуулийн санал хураах ажил хуулийн хүрээнд явагдаж дууслаа. Манай аймагт 17 салбар хороо, 67 хэсгийн хороонд 500 орчим төрийн албан хаагч ажилласан.
Нийт 38 мянга 252 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс 36 мянга 320 гаруй иргэн санал өгч, 69.14 хувийн ирцтэйгээр УИХ-ын сонгуульд оролцлоо. Иргэдийг санал өгөх үеэр ямар нэгэн зөрчил гарсангүй” гэв.
Харин Сэлэнгэ аймгийн УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойргийн ахлагч О.Буянтогтох хэлэхдээ “Манай тойрогт нийт 69 мянга 407 сонгогчоос 45 мянга 291 нь саналаа өглөө. Энэ нь ирцийн 65.25 хувь юм. Зургаан нам, хоёр эвслээс 14 нэр дэвшигч өрсөлдсөн” гэлээ.
Ингээд “Санал хураах явцад хэд хэдэн сумдад автомат машин гацаж, улмаар гар аргаар саналыг тоолсон. Тухайлбал, Баянгол сумын 10 дугаар хэсэгт автомат машин саналын хуудсыг хүлээж аваагүй. Бид нөөц машинаар саналыг тоолсон.
Мөн Сүхбаатар суманд автомат машин гацсан. Харин Ерөө сумын 12 дугаар хэсэгт автомат машин нь огт ажиллаагүй. Тиймээс СЕХ-ноос зөвшөөрөл авсны дагуу саналыг гар ажиллагаанд шилжүүлж, гараар тоолсон” хэмээн онцоллоо.
Эх сурвалж: “Өглөөний сонин “
URL: