Зүүдэнд ч ороогүй явдал

Гудамжныхан гишүүн болсныг бодоход УИХ-ын гишүүний суудал тун ч хямдхан болж дээ
УИХ-ын сонгуулийн дүнг сонсоод “Зүүдэнд ч оромгүй явдал” гэдэг киноны нэр санаанд буулаа. Сонсоод байхаар үнэхээр зүүдлэгдээ ч үгүй нөхөд УИХ-ын гишүүний болзол хангачихаад байна.

Тухайлбал, Дорнод аймгаас НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр, Хэнтий аймгаас “Монроуд” ХХК-ийн захирал Б.Гарам­гай­баатар гээд л банк дампууруулсан, мөнгө идсэн уусан, охид, хүүхнүүдийг садар самуунд уруу татсан хэрэгт холбогдсон гээд л янз бүрээр хэвлэлд бичигдсэн элдэвтэй нөхдийн нэрс хөвөрч өгнө.

За, энэ хэдийг дүүрч гэж бодъё. Гэтэл жагсаалтаар УИХ-д орж байгаа хүмүү­сийн тухайд “даанч үгүй байлгүй дээ” гэхээс өөр хэлэх үг алга.

МАХН-МҮАН-ын “Шудар­га ёс” эвслээс жагсаал­таар УИХ-д орох боломжтой болсон хүмүү­сийн нэрийг сонсоод үнэхээр цочирдлоо. МАХН-МҮАН-ын эвсэлд 252077 хүн саналаа өгч, 22.31 хувьтай гарчээ. Ингэснээр намын жагсаалтаар УИХ-д Ч.Улаан, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэг, “Залуу Монгол” корпора­цийн ерөнхийлөгч М.Соном­пил, МАХН-ын мянгатын дар­га З.Баянсэлэнгэ, өмгөө­лөгч О.Баасанхүү, МҮАН-ын бодлогын зөвлөлийн дарга Ц.Цолмон гэсэн зургаан хүн УИХ-д суух магадлалтай болчихлоо гэнэ.

Хамгийн эмгэнэлтэй нь Н.Энхбаярыг дагаж энд тэнд орилж хашгирч, хэрүүл хийж явсан гудамжныхан өнөөдөр УИХ-ын гишүүн болчихлоо. МАХН-ын мянгатын дарга З.Баянсэлэнгэ, өмгөөлөгч О.Баасанхүү мэтийн хүмүүс УИХ-д орчихоор яах юм бэ. Улс орон, ард түмнээ төлөөлж, төрийн жолоог атгалцах үүрэгтэй УИХ-ын гишүүн гэдэг төрийн өндөр албан тушаал ийм хямдхан юм гэж үү.

Улстөрийн хүрээнийхэнд УИХ-ын гишүүний албан тушаал ийм үнэ цэнгүй байж болно. Харин ард түмэнд УИХ-ын гишүүн гэдэг хүн эрхэм хэвээрээ байна.

Өвөө, эмээ нар маань сонгуулиа өгөхөөр өглөө гэ­рээ­сээ гарахдаа хамаг байд­гаараа гоёно. Дөрвөн жил өөрийг нь, үр хүүхдийнх нь сайхан амьдралыг цогцлоох эрхэм төрийн түшээгээ сонгох хариуцлагатай өдөр учраас тэр шүү дээ. Гэтэл шилж сонгож, итгэж найдаж асар их шалгуур тавьж сонгуулиа өгчихөөд гэртээ ирэхэд нь З.Баянсэлэнгэ мэтийн гудамжныхан намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болчихлоо гэхээр ямар санагдах бол.

Мэдээж З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Цолмон, М.Сономпил, Н.Батцэрэг мэтийн хүмүүс тойрог аваад өрсөлдөх юм бол хэн ч, хэзээ ч сонгохгүй. Бүр өрсөлдөх тойрог ч олдохгүй. Тэгэхээр энэ хүмүүс нэг ёсондоо намынхаа нэр хүндтэй хүмүүсийн ачаар УИХ-ын гишүүний сэнтийд залрах дээрээ тулчихаад байна.

МАХН-МҮАН-ын жагсаалтыг харахад З.Баян­сэлэнгэ, О.Баасанхүү нараас бусад нь муу ч, сайн ч төрийн алба хашиж үзсэн хүмүүс байна. Ц.Цолмон Гадаад харилцааны сайд байсан бол М.Сономпил Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашиж байв.

Гэтэл З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү хоёрын тухайд төрийн алба хашиж байсан ямар ч туршлага алга. З.Баянсэлэнгэ Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа 1.5 сая төгрөгийн авлига авч, ажлаасаа хөөгдсөнийг эс тооцвол төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй. Харин гудамжиндаа бол хөндлөн л дөө. О.Баасанхүүгийн тухайд хуульч мэргэжилтэй, өмгөөлөгч хүн. Төрийн албанд бүр “А” ч байхгүй нөхөр.

Тиймээс би Монгол Улсын иргэн хүний хувьд ийм УИХ-ын гишүүнтэй баймааргүй байна. Хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Гэхдээ энэ хүмүүсийг Монголын ард түмэн УИХ-д сонгоогүй. Ард түмэн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү хоёрыг биш МАХН-МҮАН-ыг, энэ намын нэр дэвшигчдийг, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг сонгосон шүү дээ. Шударга бус байна.

Улстөрийн ямар ч мэдлэг байхгүй учраас салхины аясаар хийсдэг хамхуул шиг л намынхаа гишүүдийн хурууны үзүүрээр хөдлөх нь ойлгомжтой. Ийм хүмүүс монгол төрийн бодлогыг тодорхойлж, намайг, ард түмнийг төлөөлж, төрийн жолоо атгалцана гэдэгт би хэзээ ч итгэхгүй.

Харин З.Баянсэлэнгийн оронд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, О.Баасанхүүгийн оронд МҮАН-ын дарга М.Энхсайхан байсан бол олон юм ярих шаардлага алга. Хэдийгээр Н.Удвал, М.Энхсайхан нар ялагдсан ч улстөрд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс тул намын жагсаалтаар гараад ирэхэд ард түмэн юм хэлэхгүй.

ollloo


URL:

Сэтгэгдэл бичих