Умард Солонгосын байдал хүндэрчээ…

ВАШИНГТОН. /ИТАР-ТАСС/. БНАСАУ-ын хүн ам хүнсний хомсдолд орж, байдал хүндэрсэн учир яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй гэж Америкийн төрийн бус 5 байгууллага мэдэгдсэн байна. Энэ сард тус байгууллагуудыг Умард Солонгост нэвтэрч, хүнсний хангамжинд үнэлэлт дүгнэлт хийхийг Пхеньяны эрх баригчид зөвшөөрчээ.
Тэдний хэлснээр, өнгөрсөн зун Умард Солонгосын хэд хэдэн бүс нутагт ширүүн бороо орж, үер болсны улмаас хүнсний ногоооны ургацын 50 хувь, хүйтэн өвөл болж байгаагийн улмаас хавар хураасан улаан буудай, арвайн ургацын тал хувь нь алдагдаж магадгүй төлөвтэй байна. Өнгөрсөн онд тус улсын хөдөө аж ахуйн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 5,12 сая тонн болсон бөгөөд 24 саяар тоологдох хүн амыг хүнсээр хангахын тулд 7,93 сая тонн шаардлагатай ажээ.
«Умард Солонгосын эрх баригчдын тооцоолсноор, тус улсын хүнсний бүтээгдэхүүний нөөц зургадугаар сарын дунд гэхэд дуусна» гэж төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид тэмдэглэн хэлсэн байна. Мөн түүнээс гадна дэлхийн зах зээл дээр хүнсний бүтээгдэхүүний өсч байгаагийн улмаас Пхеньяны эрх баригчид гадаадаас худалдаж авахаар төлөвлөөд байсан улаан буудайн хэмжээг 200 мянган тонн хүртэл бууруулжээ.

Юуны түрүүнд Умард Солонгосын хүүхдүүд, өндөр настнууд, архаг өвчтэй хүмүүс болон хөхүүл эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэхийг төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид дэлхийн олон нийтэд уриалсан байна. Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Умард Солонгосын Засгийн газар хэд хэдэн улсаас хүнсний тусламж үзүүлэхийг хүсчээ.

Тухайлбал, 2009 онд цуцалсан жил бүр үзүүлдэг байсан 300 мянган тонн хүнсний бүтээгдэхүүний тусламжаа сэргээхийг Обамагийн Засгийн газраас хүссэн байна. Харин Вашингтон зохих хяналтын дор тухайлбал, олон улсын ажиглагчдын оролцоотойгоор тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрнө гэж мэдэгдсэн байна. «Тусламж хүрэх ёстой хүндээ хүрэхгүй байгаа» шалтгаанаар АНУ хэд хэдэн удаа, тухайлбал 2009 онд хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтээ зогсоож байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих