”Манай данс улайсан, сохор зоос ч байхгүй”
Байгалийн баялгаас орж ирж буй ашгийг ижил тэгш хуваарилах зорилготойгоор Монгол Улсын төрөөс иргэн бүрт сар бүхэн хишиг, хувь тараах болсоор хоёр жилийн нүүрийг үзсэн. Харин өнгөрсөн зургадугаар сараас энэхүү хавтгайрсан халамж цэгцлэгдэж байгаа бөгөөд тодруулбал, иргэн бүрт сар болгон өгдөг 21 мянган төгрөг тараах ажил дуусгавар болоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно, наадмаас өмнө 330 мянган төгрөгийг тараана гэсэн ойлголт байгаа билээ. Тиймээс дээрх асуултуудад албаны хүний хариултыг сонсох үүднээс Улсын хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханд хандсан юм.
-Төр, засгаас иргэн бүрт сар бүхэн олгож буй 21 мянган төгрөгийн асуудалд өнгөрсөн зургадугаар сараас дуусгавар болоод байгаа. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар хичнээн хэмжээний мөнгийг бэлнээр тараасан бэ?
-Байгалийн баялгаас орж ирж буй ашгийг ижил тэнцүү хуваарилах үүднээс Монгол Улсын төр, засгаас иргэн бүрт сар бүхэн бэлэн мөнгө тараах болсон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 800 тэрбум төгрөгийг бэлнээр тараасан байгаа. Сар бүр мөнгө тараах ажил өнгөрсөн зургадугаар сараар дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, иргэд энэ сараас 21 мянган төгрөгөө авахгүй гэсэн үг юм.
-Иргэдийн дунд нэг ийм ойлголт байна. Сар бүхэн иргэдэд өгдөг 21 мянган төгрөгийг цаашид үргэлжлүүлэн олгох юм гэнэ гэсэн яриа гараад байгаа. Яагаад ийм яриа гарах болов?
-Энэ бол өрөөсгөл ойлголт байна. Иргэн бүрт олгож байгаа 21 мянган төгрөгийг цаашид олгохгүй. УИХ, Засгийн газраас ингэж шийдвэрлэсэн болохоор иргэд хий хоосон зүйлд итгэж, өөрсдийгөө хуурах хэрэггүй. Хэн нэгэн ингэж ярьсан бол үүнийг худлаа гэж ойлгох хэрэгтэй. Монгол Улс цаашид хавтгайруулсан халамжаа цэгцлэх бодлого барьж байгаа. Үүнтэй холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс энэ хууль хэрэгжиж эхлэх юм. Тэгэхээр 21 мянган төгрөгийг цаашид үргэлжлүүлэн олгоно гэдэг худлаа яриа шүү. Ийм асуудал байхгүй. Энэ ярианд хууртах, хүлээлт үүсгэх хэрэггүй гэж хэлмээр байна.
-Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл 330 мянган төгрөгийг хэзээ тараах вэ. Наадмаас өмнө амжиж тараана гэсэн яриа байна. Энэ үнэн үү?
-Мэдэхгүй ээ. Би сайн мэдэхгүй байна. Мөнгө нь байхгүй юм чинь яаж өгөх юм бүү мэд. Би лав наадмаас өмнө өгч чадна гэж хэлэхгүй. Энэ талаар Сангийн яамнаас асуусан нь дээр байх. Сангийн яамныхан манай дансанд санхүүжилтээ хэзээ оруулж ирнэ, тэр цагт мөнгөө тарааж эхэлнэ. Мөнгө нь өнөөдөр ороод ирвэл бид маргааш хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 330 мянган төгрөгийг нь олгоход бэлэн байна.
-Яагаад дансанд мөнгө байхгүй гэж. Бөөнөөр нь өгөхөөр инфляци үүснэ гээд хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг бэлнээр өгөхгүй гурав тасалж өгч байгаа юм биш үү?
-Тийм ч асуудал бий. Гэхдээ надад энэ талаар үнэндээ мэдэх юм алга. Сангийн яам л сайн мэдэх байх. Санхүүжилтийг нь хэзээ оруулах талаар Сангийн яамны сайд нараас асуусан нь дээр биз. Манай данс лав улайсан. Дансанд сохор зоос ч байхгүй байгаа болохоор наадмаас өмнө хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж худлаа хэлж чадашгүй нь. Өнгөрсөн долоо хоногт өгсөн 330 мянган төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс авч өгсөн гэсэн. Үлдсэн 330 мянган төгрөгийг нь ямар эх үүсвэрээс санхүүжүүлэхийг бид мэдэхгүй шүү дээ. Бид мөнгө л тараах үүрэгтэй. Тэр дагуу дансанд хэзээ мөнгө орж ирнэ, тэр цагт л иргэдэд мөнгө тарааж эхэлнэ дээ.
-Зарим банкууд 21 мянган төгрөгөө цагтаа аваагүй хүмүүст мөнгийг чинь олгохгүй гэсэн гэнэ. Мөнгө дууссан, улсын орлого болсон гэж хариулж байгаа юм байна лээ. Уг нь 21 мянган төгрөгөө цагтаа аваагүй ч нөхөж олгоно гэсэн биз дээ?
-Төсөвлөсөн мөнгө нь дууссан л бол тэгээд олгохгүй гэсэн үг. Иргэдийн хувьд эх орныхоо хишгийг цагтаа авах хэрэгтэй байсан ч байж болно. Гэхдээ энэ талаар би сайн хэлж мэдэхгүй байна?
-Яагаад төсөвлөсөн мөнгө нь дууссан бол нөхөж олгохгүй гэж?
-Улсын төсөвт энэ оны зургаан сараар бодож мөнгө төсөвлөсөн. Тэр мөнгө нь дууссан байгаа. Тиймээс банкуудын буруу гэж байхгүй. Улсны төсөвт суулгаж өгсөн мөнгө нь дууссан болохоор нөхөж олгох боломжгүй. Энэ талаар бид судалж холбогдох яамд санал гаргахаар төлөвлөөд байна. Хөдөө, гадаа яваад эсвэл бичиг баримтын зөрчилтэйгөөс 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн асуудлыг яах вэ гэдгээр холбогдох яаманд хандана.
-Тэгээд энэ асуудлыг яаж шийдэх гэж. Цагтаа мөнгөө аваагүй иргэдийг хохь нь гээд хаячихаж болохгүй биз дээ. Тэр хүн ямар ч шалтгаанаар мөнгөө аваагүй юм билээ. Хүндэтгэх шалтгаантай байсан ч хамаагүй гэсэн үг үү, тэгээд?
-Улсын төсөвт зургаан сараар бодож мөнгө төсөвлөсөн, тэр мөнгө нь дууссан болохоор манайд хандаад ч нэмэргүй. УИХ төсвийн тодотгол хийж л энэ асуудлыг шийдэхээс Засгийн газар ч шийдэж чадахгүй шүү дээ. Нэгэнтээ хууль, тогтоомж гаргадаг төрийн дээд байгууллага нь шийдвэрээ зургаан сараар тооцож, мөнгө олгохоор гаргачихсан байхад бид яах билээ. Тэгээд ч би түрүүнд хэлсэн шүү дээ. Манай данс улайсан гэж. Батлагдсан төсөв нь дуусчихсан болохоор яах ч аргагүй. Энэ талаар мэдэж байгаа ч хүн алга. Ярьж, хөөрөх ч хүн алга болчихоод байна шүү дээ.
-21 мянган төгрөгөө цагтаа авч чадаагүй бол ирэх долдугаар сард мөнгийг нь нөхөж олгон гэсэн яриа байсан шүү дээ?
-Би мэдэхгүй байна. Засгийн газар л үүнийг мэдэх байх. Ямар ч байсан улсын төсөв суутгаж өгсөн “Хүний хөгжил сан”-гийн мөнгө дууссан.
-Хувьцаагаа авахгүй бэлнээр мөнгөө авна гэсэн хүмүүсийн мөнгийг хэзээ олгож эхлэх бол. Хүмүүс үүнийг сонирхоод байна л даа?
-Хувьцаагаа авахгүй нэг сая төгрөгөө бэлнээр авна гэсэн хүмүүсийн мөнгийг үндэсний аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлсэн мөнгөнөөс олгоно гэсэн тогтоолыг УИХ-аас баталсан. Энэ тогтоолын дагуу Засгийн газар хувьцаа худалдан авах аж ахуйн нэгжийн захиалгыг хүлээж авсан байгаа. Нийтдээ 1,5 сая хүн хувьцаагаа авахгүй нэг сая төгрөгөө бэлнээр, сургалтын төлбөр хэлбэрээр, орон байрны зээл маягаар авна гэсэн хүсэлтээ ирүүлсэн байна лээ. Үүний 98 хувь нь бэлнээр мөнгөө авах хүсэлтээ ирүүлсэн. Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдан авах захиалгаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийг өнгөрсөн зургадугаар сарын 30-ны дотор мөнгөө тушаасан байх шаардлага тавьсаны дагуу ямар ч байсан 82 компаниас хоёр тэрбум төгрөг төвлөрсөн гэсэн. Гэхдээ нэг сая төгрөгөө бэлнээр авна, хувьцаа авахгүй гэсэн иргэдийн мөнгийг Засгийн газар хэзээ яаж шийдвэрлэж өгөхийг би мэдэхгүй байна.
-Долдугаар сараас эхлэн өгөхөөр төлөвлөсөн юм биш үү?
-Ийм яриа бол байгаа. Гэхдээ яг хэзээнээс олгож эхлэх нь шийдэгдээгүй байна. Сангийн яам санхүүжилтийг нь хийсэн цагт бид мөнгийг нь тарааж эхэлнэ.
Ямар ч байсан Засгийн газрын шийдвэрээр эхний ээлжинд амьдралын орлого багатай, эмзэг бүлгийнхэнд эхэлж өгөхөөр болсон. Түүнчлэн нэг сая төгрөгийг нь шууд бөөнөөр нь өгнө гэдэг бас эргэлзээтэй.
Ж.ЭРХЭС
URL: