Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сая саяар нь мөнгө тараажээ
-Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслахыг баривчилж хориод байна-
УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Ард түмэн сонголтоо хийж, түүхэндээ анх удаа таван намын төлөөлөлтэй УИХ бүрдэх нь бололтой. Энэ жилийн сонгууль зургадугаар сарын 6-наас албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид сурталчилгаагаа хийж эхэлсэн. Түрүүчийн сонгуулиудыг бодвол сурталчилгааны хугацаа богино байсан.
Дээрээс нь шинэ хуулийн дагуу зохион байгуулагдсан гэдгээрээ онцлогтой. Сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу нэр дэвшигч элдэв шоу тоглолт хийх, мөнгө тараах, бэлэг сэлт өгөхийг хатуу хориглосон нь магтууштай хэрэг байсан юм. Бүр тодорхой хэлбэл, сонгуулийн тухай хуулийн 37.15.1-д сонгогчдод мөнгө, эд бараа үнэ төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглосон.
Харин Эрүүгийн хуулийн нэгдүгээр зүйлийн 821 дүгээр зүйл. Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн бүлгийн 821. 1-д “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 821.2-д “Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, их хэмжээний эд хөрөнгө болон бусад хор уршиг учирсан бол 16-25 жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа.
Хууль ийм хатуу байхад нэр дэвшигчид үл тоосон шинжтэй мөнгө тараасан нь тэд дүрэм журмыг уландаа гишгэж, хаан мэтээр авирладаг нь харагдаж байгаа юм. Үнэн мөнөөр явбал хаан байсан ч ял шийтгэлээ хүлээдэг юм гэдгийг санах хэрэгтэй. Бүр тодорхой жишээ дурьдах хэрэгтэй байх. Ардчилсан зургадугаар сарын 24-нд хийсэн албан ёсны мэдээлэлдээ Увс, Өвөрхангай аймаг болон нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчиж, бэлэн мөнгө тараасан хэмээн мэдэгдсэн. Тэдний мэдээлснээр, Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар зургадугаар сарын 17-ны өдөр иргэдэд 100-150 мянган төгрөг бэлнээр тарааж байсан аж. Мөн МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Д.Арвин М.Мөнхбаатар нар хүнээр дамжуулан иргэдэд 20 мянган төгрөг бэлнээр тараасан, гэтэл тухайн иргэд СЕХ-нд энэ мөнгөө 10 дахин өсгөж авах өргөдлөө өгсөн гэх мэдээллийг өгсөн юм.
Түүнээс гадна нийслэлийн 22-р тойрогт нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил дүүргийн халамжийн ажилтнаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй иргэнд 100 мянган төгрөг өгч, гарын үсэг зуруулан авсан байна. Энэ бүхнээс Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар энэ сарын 17-нд Өмнөговь, Улаангом сумын иргэдэд мөнгө тараасан бичлэг интернетээр цацагдаж батлагдсан. Нэр дэвшигчид өөрсдөө яваад мөнгө тараана гэж юу байх вэ. Харин тэдний доор ажиллаж байгаа хүмүүс энэ ажлыг шууд зохион байгуулж, ил цагаанаар мөнгө тараасан бололтой. Увс аймгийн оюутны холбооны тэргүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референт Ш.Чинбат, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох нар нэр бүхий оюутанд 150 мянган төгрөг тарааж буй бичлэг байгаа нь энэ бүхнийг баталж өгч байгаа юм.
Тиймээс өчигдөр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслахыг цагдан хориод байгаа аж. Эхний ээлжинд туслахыг нь хорих нь зөв байх. Цаашлаад нэр дэвшигч, мөнгө тараагч эрхмүүдэд сонгуулийн болон эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авах байх. Учир нь мөнгө тараах үүргийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар өгч, санхүүжилтийг ч гэсэн тэд өгсөн байж таарна. Цахим хуудсуудад байрлаж байгаа бичлэгүүд ч тэднийг улаан цагаан мөнгө тарааж буйг хангалттай нотолж байгаа. Зарим хүмүүст “Ахмадуудад мөнгө өгч байгаа юм” хэмээн жийптэй залуус 100-150 мянган төгрөг өгсөн аж. Мөн орон сууцны айлуудаар явж, “Байрыг чинь сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэж гэрээ хийгээд мөнгө өгье” хэмээн 100 мянган төгрөг тараасан юм билээ. Зарим айлд орж мөнгө өгөхийг завдахад нь шударга иргэн таарч телевиз, цагдаа дуудсан аж. Тэгэхэд мөнгө тарааж байсан хүн хаалгыг нь эвдээд зугтаасан гэж байгаа. Мөн мөнгө тарааж байсан нөхөр УНУ 0002 гэсэн улсын дугаартай “Хаммер” жийп унаж явсан бололтой. Харин хамт явж байсан эмэгтэй нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй багын найзууд болох тухай энэ талаар нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлч хэлж байна билээ. Түүнээс гадна н.Дэмбэрэл гэгч иргэнд Б.Чойжилсүрэн гишүүнийг дэмжээрэй хэмээн 100 мянган төгрөг өгснийг нь баримтаар нотолсон байсан. Ахиад ч нэг бичлэг байсан нь эрхэм гишүүдийн сонгуулийн штабынхан сурталчилгаанд ажиллаж байгаа оюутнуудад мөнгө өгч тараалгах гэж байгааг ч харуулж байна. Ерөөс Б.Чойжилсүрэн гишүүн 2008 оны сонгуулиар Увс аймгийн төв талбай буюу Б.Гиваан баатрын талбай дээр ил цагаан мөнгө тараасан.
Мөн Увс аймгийн Өмнөговь суманд уулзалт хийж, бэлэг сэлт, мөнгө тарааж байсан бичлэг нь цахим хуудсуудаар дүүрэн байна. Гэхдээ тухайн үед мөнгө тарааж болохгүй гэсэн хууль байгаагүй л дээ. Харин энэ удаад бол хууль чанга байгаа гэдгийг эрхэм гишүүн мартчихсан бололтой. Зөвхөн Увс аймагт гэлтгүй бусад олон газар их хэмжээний мөнгө тараасан тухай мэдээлэл гарсаар байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр нэг аймагт ахмадуудын дансанд сая төгрөг хийсэн байсан гэнэ. Ямар аймаг болохыг нь дурьдаад яах вэ. Эрхмүүд өөрсдөө мэдэж байгаа байлгүй.
Хэн гэдэг хүний ямар тоот дансанд сая төгрөг аль намаас шилжиж орсныг ч мэдэх боломж байгаа юм. Энэ мэтээр олон газар бэлэн мөнгийг сая саяар нь тараасан нь баримтаар нотлогдож эхэллээ. Тиймээс хөдлөшгүй баримтаар нотлогдсон, мөнгө тараасан нь илэрхий болсон нөхдүүдтэй хуулийн дагуу хариуцлага тооцох нь зөв болов уу. Эрх мэдэлтнүүдэд ч хууль үйлчилдэг юм шүү гэдгийг харах цаг болсон бус уу.
Н.Пунцагболд
mminfomn
URL: