Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахыг баривчилжээ

-ТЭДНИЙГ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ХУЙВАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭХ” ҮНДЭСЛЭЛЭЭР ШАЛГАЖ БАЙНА-

УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид Увс аймгийн сонгогчдод мөнгө тараасан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгаж байгаа. МАН-аас Увс аймагт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгуулийн штабт ажилласан хоёр залууг уржигдар баривчилжээ.

Тэднийг сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод мөнгө тараах ажлыг зохион байгуулсан гэх үндэслэлээр Увс аймгийн Тагнуулын газарт шалгаж эхэлжээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Ардчилсан намаас нэр дэвшигчид өрсөлдөгчдөө мөнгө тараасан гэж хэсгийн хороонд гомдол гаргасан ч хүлээж аваагүй. Тиймээс шүүхэд хандахаар явсан. Харин мөнгө тараасан гэх хэргийг Тагнуулын газар шалгаж байгаа. Шалгалтын дагуу Ш.Чинбат, Я.Баттогтох нарыг “Хархираа” амралтын газар байхад нь өнгөрсөн ням гаригт баривчилсан” гэв. Харин цагдаагийн байгууллагын эх сурвалж “Энэ хэргийг Тагнуулын газар шалгаж байгаа учраас манайх хариуцахгүй байгаа. Ш.Чинбат, Я.Баттогтох нарыг баривчилж ирээд байцаалт авсан гэж сонссон. Харин хориогүй байх” гэлээ.

Ш.Чинбат нь өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д референтээр ажиллаж байсан билээ. Мөн Увс аймаг дахь НАМЗХ-ны даргаар ажилладаг. Түүнийг улс төрд Ч.Хүрэлбаатар оруулсан гэдэг.

Тиймээс ч сонгуулийн үеэр Ч.Хүрэлбаатарын штабт ажиллажээ. Харин Я.Баттогтох нь Б.Чойжилсурэнгийн туслахаар ажилладаг. Тариалан сумын нэг хот айлын арван иргэн дээрх залуусыг 100, 100 мянган төгрөг тараасан гэх баримтыг хуулийн байгууллагад авчирч өгсөн гэнэ.

Тиймээс нэр дэвшигчдийн сонгуулийн штабт ажилласан Ш.Чинбат, Я.Баттогтох нарыг сонгууль будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.

Ц.ӨРНӨХ


URL:

Сэтгэгдэл бичих