Хүний гараар могой бариулах
Төрийн албыг орхин ганзагын наймаа, пүүс компани бараадан явцгааж байсан цаг саяхан. Тэрхүү сийрэг толгойтнуудын ард төрийн албаны голомтыг сахин үлдэж ороо бусгаа цагт төсвийн хэдэн төгрөгөөр гэр бүлээ тэжээсэн нэр зүүж цалингаас цалингийн хооронд өртэй амьдарсаар ирсэн үнэнч сэтгэлтнүүд байсан юм шүү. Одоо ч байсаар л байгаа. Гэхдээ тэр үеийнх нь хичээл зүтгэлийг нь таг мартаад тухайн байгууллагын албан хаагчдын тээр хойно шинэхэн даргын нүдэнд үл оногдохыг хичээн ажилдаа нухлуулж суугаа.
Төрийн албыг ядуу хэмээн хаалгыг нь саван гарагсад одоо бэлтэй чинээлэг болж, өөрийнхөө бор ходоодыг цатгасан хойноо улс төрчид, хурган дарга нарын өлөн нүд, ёроолгүй халаасыг төрийн албанд насаараа зүтгэсэн хүний санаанд багтамгүй мөнгөөр дүүргэн хүч түрэн орж ирээд, өнөөх төрийн албандаа насаараа зүтгэсэн “доожоогүй” нөхдийг тас гэдрэг нь мөргөж унагаад гайгүйхэн албан тушаалд нь сууцгааж байгаа нь нэн үнэн болсон юм.
Мэдээж хэрэг, төрийн албанаас олон жил хөндийрсөн хүмүүс чинь албаны ёс зүй, соёл, төрийн албан хаагчийн жудаг, хүнлэг чанарыг таг мартсан байдагийг хэн ч хэлнэ. Тиймдээ ч, хамт ажиллаж байхдаа хамгийн хуншгүй зан гаргах, худал ховлон матах, даргад өмнөөс нь ичиж үхмээр долигнох, өчүүхэн зүйлийг дэлбэртэл нь хөөргөх, хүний ажлыг булшлан дарах зэрэг аль болж бүтэхгүй юмыг сүүхээчлэн хэрэгжүүлэхдээ гарамгай байхыг нь яанаа.
Төрийн албыг хүчгүйдүүлэн сулруулж буй хамгийн гутамшигт зүйл бол энэ мэт эрээ цээргүй байдлыг дээрээсээ өөгшүүлэн дэмжиж байгаад байгаа юм даа. Ёстой алба ёсоороо явагддаг байхад аливаа салбарын удирдлага нь тэр салбараасаа тавигдаж, түүнийг хамт олон хүлээн зөвшөөрч удирдлагад нь хичээнгүйлэн зүтгэдэг байсан юм. Тэгэхээр албандаа амжилт гаргаж өсөн дэвжих хүслээр өөрийгөө тордож боловсруулагчид ч олон байлаа. Тэдгээрийг ч боловсон хүчний алба анхааралдаа авч залж удирдах, дэмжин чиглүүлэх бодлоготой байсан билээ.
Одоо бол хэн нэгэнд хамгийн долдой хэлбэрээр ойртож, эрхэмсэг нэр төр, бардам байдлыг уландаа гишгэн гүйлдсэн адгийн шаарууд хариуцлагатай албанд очиж байна. Өөдгүй шаарууд очоод ч зогсохгүй эцсийн харицлага, хожмын уршгийг ч тооцохгүйгээр амин чухал албан тушаал, ажлын байруудад өөрсдийн адил хувалзнуудыг хүчээр оруулж байгаагаас нийгэмд төрийн албаны нэр хүнд шалдаа бууж, иргэдэд хор уршигтай гамшиг хохиролууд улам бүүр гаарч байна.
Өөрөө хэн нэгнээр шууд дэмжүүлэн ажилд орсон хүн төрийн албыг ийм байдгаар ойлгож дараа дараачийн хүний гуйлтуудыг маш энгийн зүйл мэтээр хэрэгжүүлж эхэлнэ. Энэ нөхрийг гуйж, эсвэл шахаж, тулгаж хууль, ёс журманд харш үйлдэл хийлгүүлэх маш амархан болж байгаа юм. Онцгой байдлын алба, Эрүүл мэндийн салбар, хууль сахиулах байгууллага гэсэн хүний амь нас, иргэдийн эрх чөлөө, хүний эрхтэй холбоотой байгууллагуудад энэ мэт шинээр орогсдын балаг маш хор уршигтай бөгөөд тэр хор уршгийг гуйж ажилд оруулсан дарга, хэрэгжүүлж өгсөн гар хөлүүд үүрэхгүй нь аймшигтай. Хүний гараар могой бариулж хийсэн бусармаг үйлдлийн хор уршгийг албандаа чин сэтгэлээр зүтгэж байгаа олон жилийн туршлагатай жирийн нэгэн албан хаагч үүрч байдаг юм. Энэ нь туйлын харамсалтай.
Амьдрал дээр улс төр, хувийн хүчин зүйлээр шууд ажилд орж байгаа тохиолдол маш олон. Тэдгээр ажилд шууд орогсдын ажлаас гарч явах нь анх орсоноосоо тэс эсрэгээр өрнөдөг. Өөрсдийнхөө хэн байсан, яаж орсоноо мартаад “намайг хууль бусаар халж, сольж байна” хэмээн шүүхээр өргөдөл барьж, танил тал, хээл хахуулиараа л түрий барин хөөцөлдөж эхэлнэ дээ.
Төрд зүтгэж байсан нэгэн нь бол удирдлагын бодлого, шийдвэрийг даганаа хэмээн дуугүй одох нь олонтаа.
Эцэстээ төрийн албанд орох гэж хэн бүхэн бодож мөрөөдөх нь хүний эрхийн асуудал. Мэдлэг чадвар, дадлага туршлагатай хэн нэгэн ажиллах л ёстой алба л даа. Харин бусдын эзэмшсэн мэргэжил, хийж байсан ажлыг хэн нэгнээр дулдуйдан булааж авах л ёсгүй эд. Тухайн байгууллагад анх орсон ажилтны хийх ёстой ажил, дамжих ёстой үе шатыг дамжаад очих газраа хүрвэл хууль ёсондоо ч таарна, хүний жудагт ч зохистой баймаар юм.
Энэ өгүүллийг төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн мянга мянган шударга албан хаагчдын төлөө бичлээ. Тунгаан үзэж саналаа нэмэрлэнэ үү.
Б.Эрдэнэбаяр. Парис хот
URL: