“Сайн эхнэрийг сардаа нэг” гэдэг үгийн цаана…

“Сайн эхнэрийн тоосыг сардаа нэг удаа гөвж байх хэрэгтэй” хэмээн эрчүүд тоглоом шоглоом болгон хээв нэг хэлдэг. Харин өнөөдөр энэ үг амьдралд биеллээ олж, бүрэн төгс хэрэгжиж байна гэхэд хилсдэхгүй. Сардаа битгий хэл өдөр бүр хань ижил, үр хүүхэддээ гар хүрч, амьдын зовлон амсуулдаг мөчидхөн бодолтой эрчүүдийн тоо буурах бус нэмэгдсээр байна. Хүний амьдрал эрээнтэй бараантай.

Зарим нэг нь эхнэр хүүхдээ ганц удаа зодоо л биз, амьдралд байх л асуудал гэж хэлэх байх. Гэвч ганц удаагийн энэ болчимгүй үйлдэл давтагдсаар гэр бүлийн хүчирхийлэл болон хувирч, цаашлаад гэр бүл салалт, хүүхдүүд гэр орноосоо дайжих, хүн амины хэргүүдийн нэлээдгүй хувийг эзлэх үндэс болж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь хувийн орчинд, далд үйлдэгддэг учраас илрүүлэхэд төвөгтэй, хохирогч нь хүчирхийлэл үйлдэгчийн хяналтад байдгаас үргэлж давтагддаг байна. Мөн судалгаагаар 44 хувь нь орон байрны асуудал, 21 хувь нь архидалтыг гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлдөг хүчин зүйлс хэмээжээ. Манай улсад “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв» ТББ-аас өөр иргэдээ хүчирхийллээс хамгаалах газар байдаггүй гэхэд хилсдэхгүй. Тус төвийн харьяанд нийслэлд нэлээд хэдэн хамгаалах байр ажилладаг юм билээ. Тус байгууллагад хоногт дунджаар хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүд болох 7-8 хүн ханддаг ажээ.

Цаана нь мэдээлэлгүй, хамгаалж өмгөөлөх газар байдгийг ч мэддэггүй олон зуун эмэгтэйчүүд хатуу ширүүн нөхрийнхөө гарт зовж байна. Хэдийгээр хамгаалах байгууллага байгаа гэж байгаа боловч тэнд нэг хүн ердөө долоо л хононо. Ингээд нөгөө зэрлэг балмад нөхөртэйгөө эвлэр гээд л буцаана. Эвлэрлийн хугацаанд эвлэрэх нь бүү хэл амь насаа алдах нь энүүхэнд. Жишээ дурьдахад, хэдэн жилийн өмнө салсан эхнэрээ уулздаг залуутай нь зодож, эцэст нь машинтай  нь шатаасан аймшигт хэрэг гарч байсан. Энэ мэтчилэн гэр бүлийн хүчирхийллээс шалтгаалан хэчнээн хүүхэд гэр орноосоо дайжиж, цаашлаад гэр бүл салалт, гэмт хэргийн хэдэн хувийг гэр бүлийн хүчирхийлэл эзэлдэг болохыг харуулахыг зорьсон юм. Аль ч нийгмийн амьдралд гэр бүл хамгийн үнэт зүйл байсаар ирсэн. Гэр бүлийн хүчирхийлэл хэмээх далд хэлбэрээр бугшиж буй энэхүү “аюул”-ыг хянаж хязгаарлахгүй бол хэдэн хүүхэд гудамжинд гарч, хэчнээн гэр бүл салж, хэн хэн шоронгийн хаалга татахыг таах аргагүй. Хүчирхийлэл гаарч, хүний нулимс урссаар байна.

Э.Энх


URL:

Сэтгэгдэл бичих