“Эх оронч” үзэл буюу хятадуудыг бууд!

Би энэ өгүүллийг гурван жилийн өмнө ХИС-н хоёрдугаар ангид байхдаа бичиж байсан юм.

Өнгөрсөн улиралд манай орчуулгын хичээл сургуулийн хятад хэлний тэнхим байрлах нэг давхрын ангид орсон юм. Нэг өглөө хичээлдээ хоцорч ирээд хамгийн хойд талын ширээн дээр суутал миний суусны хажуу талын ширээн дээр арилдаггүй үзгээр “don’t kill people, but kill chinese” /хүн бүү ал харин хятадуудыг ал/ гэсэн өгүүлбэрийг тодоос тод, томоос том зурайтал биччихэж. Миний хувьд үүнтэй ажил бичвэрүүдийг анх удаагаа харсан нь энэ биш байв. Нийслэл хотынхоо төв гэгдэх гудамжуудаар явж үзсэн хэн ч гэсэн үүнтэй адил “эх оронч” бичвэрүүдтэй нэг бус удаа тааралдсан байх ёстой. Эдгээрийг уншин өнгөрсөн хүмүүс өөрийн мэдлэг боловсрол, ертөнцийг үзэх үзэл, хүмүүжлээсээ хамааран өөр өөрийнхөөрөө тусган авч ойлгосон биз. Харин би тэдгээрийг харах тоолондоо харуусал, ичгүүр сонжуургүй байдал, тэнэглэлийг мэдэрдэг.

Одоогийн залуус эх оронч үзэл гэдгийг санаанд орсон хэдэн бодлогогүй, ухвар мөчид үгсээ өөрийн зоргоор байрнуудын ханан дээр сараачих төдийхнөөр ойлгож байна гэж үү?!

“Хятадуудыг үзэн ядах сэтгэл бидний цусанд байдаг”. Би л хувьдаа үүнд итгэдэггүй. Зүгээр л юм үзээгүй, мэдлэг боловсролгүй арчаагүй дэмийн хүний яриа. Нас биеэнд хүрч, үзэл бодол нь төлөвшсөн байх учиртай танил маань надад дээрх үгсийг өөртөө их л итгэлтэй царай гарган бас дуугаа өндөрсгөн хэлсэн юм даа. Арай ч дээ. Харь оронд очоод өөрийн эх орны нэрийг “засвар авахын” аргагүй болтол хугалдаг монголчуудтай адил олон хятад хүн монголд байгаа нь үнэн л байх. Гэвч хөдөөний бүдүүлэг, боловсронгуй хэдэн барилгачнаар хятадын ард түмнийг төсөөлнө гэдэг бол утгагүй зүйл. Энэ өгүүллийг бичиж байхад нэг багшын (Цэмбэл) маань хэлсэн “ард түмэн хэзээд ард түмэн л байдаг, тэр дунд сайн хүмүүс ч байдаг, муу хүмүүс ч байдаг — америк, орос эсвэл хятад байх нь ямар ч хамаагүй” гэдэг үг санаанд орж байна. Багш маань үнэн хэлжээ. Энэ үгийг ойлгож хүлээн зөвшөөрөхөд тийм ч их зүйл шаардлагагүй санагдана. Бид даяарчлагдаж буй ертөнцөд амьдарч байна. Хүн хүнээ хүндэлж, хайрлах ёстой ертөнцөд амьдарч байна.

Харин одоо эргээд эх оронч үзлийн тухай яриа руугаа эргээд ороё. Ингэхэд таны хувьд эх оронч үзэл гэж яг юу юм бэ? Би энэ асуултыг нийтийн байрны ханан дээр “Хүн бүү ал, харин хятадуудыг ал” гэж бичсэн хүмүүсээс асуумаар байна. Би бас тэднээс та эх орныхоо “төлөө” ханан дээр “Хүн бүү ал, харин хятадуудыг ал” гэж бичсэнээс өөр юу хийсэн бэ асуумаар байна. Үзэж сонссон бага, сурч мэдсэн зүйл нимгэн, эх оронч үзлийн тухай тогтсон тодорхойлолт мэдэхгүй ч надад үүний тухай өөрийн гэсэн бодол бий. Энэ байна. Эх орон ч үзэл, зажилсан бохьныхоо цаасыг, татсан тамхиныхаа ишийг, уусан ундааныхаа лаазыг, идсэн алимныхаа үлдэгдлийг ил задгай хаяхгүй байх, хаа тааралдсан газраа биё засахгүй байх, гар нүүрээ угаахын тулд 10 литр ус зарцуулахгүй байх гэх мэт хамгийн энгийн зүйлсээс эхэлнэ.

Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд санаа зовсон дүр эсгэж, их мэдэгч их “эх оронч” суухын оронд гадаа гараад орцныхоо үүдэнд байгаа хогыг цэвэрлэлдээ.

Эх орны минь гэрэлт ирээдүй болох учиртай залуус маань миний хэлэх гээд байгаа энэ өчүүхэн зүйлийг ойлгох чадваргүй болчихсон гэдэгт би өөрөө тэдний нэгэн адил залуу хүний хувьд итгэхгүй байна.

Тэгэхээр би залуусдаа нэг зүйлийг уриалж байна. Залуусаа! Ном уншицгаая, өөрсдийгөө боловсруулцгаая, юмыг өргөн цар хүрээнд харч сурья. Эх оронч үзэл жижигхэн зүйлээс эхэлдэг юм шүү! Монгол улс миньмандтугай!


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих