Бага дунд орлоготой иргэд баярлан гомдов оо гэж
Нэг хэсэг орон сууцны эрэлд хатаж, Эд хөрөнгө бүртгэлийн газрын үүдэнд хонон өнжих шахам дугаарлаж, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн хаалгыг онголзуулж явсан иргэд хааччихав аа гэмээр нам гүм болоод удаж байна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг бүхэл бүтэн дөрвөн жил гаруй ярьсан Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард нэгэнт жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргасан нь орчин үеийн орон сууцанд амьдрахын мөрөөсөл болсон олон иргэнийг нойргүй хонуулахад хүргэсэн юм. Гэхдээ анхнаасаа л иргэдийг ялгаварлан гадуурхсан, бага, дунд орлоготой иргэдийг биш баячуудад зориулсан хөтөлбөр байна хэмээн хэл ам дагуулж, нэг л итгэл муутайхан, бүтээмжээр маруухан эхэлсэн энэхүү хөтөлбөр сонгуулийн шоу биш биз гэх хардлага ч дагуулсан. Арга ч үгүй биз, хөтөлбөрт хамрагдсан, бага дунд орлоготой иргэдэд зориулсан гэх барилгын компаниудын байрны үнэ метр квадрат нь хамгийн багадаа нэг сая 400 мянга тэгээд хоёр сая 200 мянган төгрөг байсан нь олон хүний мөрөөдөл руу ус цацсан мэт, бага дунд орлоготой иргэдийг баярлуулан гомдоосон үйлдэл болчихсон билээ.
ОССК-д гуравдугаар сараас хойш нэг мянга гаруй хүн орон сууцны зээл авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн гэхээр, өнөөдөр 144 хүн л Төрийн банкнаас жилийн зургаан хувийн хүүтэй зээл авсан гэхээр нөгөө их оволзож байсан хүмүүс хаашаа алга болов, яагаад чимээгүй болчихов гэсэн асуулт хариултгүй үлдэж байгаа юм.
Уг нь тухайн үеийн байдлыг харахад тийм их хүнээс ядаж л 500 орчим нь байр, орон сууцтай болох боломж бүрдэх ёстой байв. Ямар ч байсан урьд нь байргүй байсан гэдэг алгын чинээхэн цаас авахын тулд иргэд Эд хөрөнгө бүртгэлийн газар “алалцаж” байсныг л сайн санаж байна. Тэрхүү олны сэтгэлийн хөдлөл, олон жилийн мөрөөдөл, орох оронтой болох гэсэн хүсэл дээр тус газар багагүй мөнгө халаасалж чадсан гэдэгт харин эргэлзэх юм алга. Өмнө нь өдөртөө 200 хүнд үйлчилдаг байсан газар 800 хүнд үйлчилж, нэг иргэнээс 5000 төгрөгийн төлбөр авдаг байсан гэхээр тухайн үед Эд хөрөнгө бүртгэлийн газар хэр их орлого олсон нь хэлүүлэлтгүй тодорхой байгаа. Мөн жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн сургаар иргэдийн хэрэгцээн дээр дөрөөлж, барилгын компаниуд байрныхаа үнийг метр квадрат тутамд 100-200 мянган төгрөгөөр нэмсэн нь бий. Түүнчлэн журамд 55 метр квадрат хоёр өрөө байранд 50 сая төгрөгийн зээл өгнө гээд заасны дагуу борлуулагдаагүй үлдсэн талбай томтой байраа аль болохоор шахах гэсэн оролдлогыг ч барилгын компаниуд гаргаж байлаа. Үнэндээ нэг метр кавадрат нь нэг сая 400 гэхээр бараг 70-80 сая төгрөгөөр байр авах бага, дунд орлоготой иргэд хэр олон байх бол. Тэгээд байрныхаа зөрүүг иргэн өөрөө төлсөн байна гэхээр 20-30 сая төгрөг бага орлоготой Балданд лав байхгүй нь ойлгомжтой.
Засгийн газраас гаргасан жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн талаар өчигдөрхөн дэлгүүрт хоёр хөгшин хуучилж байхыг нь хальтхан сонсов. Нэг хөгшнийх нь охин байртай болох гэж оролдоод одоо хүртэл бүтээгүй байгаа, бүтээгүй байгаа гол шалтгаан нь барьцаа хөрөнгө болчихоод байгааг, мөн сарын орлого нь 790 мянган төгрөг байх ёстой гэсэн шалгуурт охиных нь орлого тэнцэхгүй байгааг, тэтгэврийн хоёр хөгшин батлан даагч болж чадахгүй, төрсөн эгч нь батлан даагч больё гэхээр өөрөө зээлтэй гэдгээр боломжгүйд хүрснийг нөгөөдөө ярьж суусан.
Үнэндээ ч ОССК-тай жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн талаар Төрийн банк, Капитал гэрээ байгуулсан ч өнөөдрийн байдлаар ганцхан Төрийн банк л ганц салбараараа дамжуулан энэхүү зээлийг 144 хүнд олгоод байгаа аж. Хөгжлийн банкнаас энэхүү зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх ёстой ч өнөөдрийг хүртэл Төрийн банкны дансанд мөнгө орж ирээгүй, тус банк өөрийнхөө хөрөнгөнөөс энэхүү хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа, эрсдлээ өөрөө үүрч буй тул маш хатуу шаардлага тавьж байгаа бололтой юм.
Хэрвээ барьцаа хөрөнгө байхгүй бол ашиглалтад шинээр орсон барилгын компанитай гэрээ байгуулахыг иргэдэд сануулж байгаа бөгөөд хөтөлбөрт хамрагдаагүй барилгын компанитай гэрээ байгуулж урьдчилгаагаа өгсөн иргэд хохироод үлдэж байгааг ч ОССК-ийн мэргэжилтнүүд тайлбарлаж байна лээ. Энэхүү зээл сонгуулийн дараа үргэлжлээд явна гэж холбогдох албаныхан тайлбарлаж байгаа ч иргэд итгэл муутай байна. Уг нь нэгэнтээ эхлүүлсэн хөтөлбөрөө цаашид үргэлжүүлсэн шиг үргэлжлүүлж, зөвхөн иргэд ч гэлтгүй барилгын компаниудад жилийн зургаан хувинй хүүтэй зээл өгөн нийлүүлэлтийг нь нэмэгдүүлж, эрэлт нийлүүлэлтийг хангаж чадвал үүн шиг иргэдэд хэрэгтэй хөтөлбөр үнэндээ байхгүй. Даанч сайхан үлгэрт итгэсэн бага, дунд орлоготой иргэп өнөөдөр баярлан гомдоно гээч л болчихоод байна.
Ж.ХҮСЛЭН
URL: