Баянзүрх-Налайх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулахаар боллоо
Сонгуулийн ерөнхий хороо мэдээлээгүй байсан таван тойргийнхоо дүнг өнөөдөр танилцуулсан бөгөөд энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариу өгсөн юм.
“Сонгуулийн 22, 26 дугаар тойрог буюу нийслэлийн Баянзүрх- Налайх, Сонгинохайрхан дүүрэг тус бүрийн нэг мандат дахь нэр дэвшигчийн саналын хувь 28-д хүрэхгүй байгаа учир дахин санал хураалт явуулах уу” гэсэн асуултад Н.Лувсанжав дарга хариулахдаа “хуулийн дагуу нийт сонгогчдын 28 хувийн санал аваагүй учир УИХ-ын гишүүний босго оноог авч чадаагүй гэсэн үг. Тиймээс дахин санал хураалт явуулах шаардлагатай. Хэзээ дахин санал хураалт явуулах зэргийг тухайн тойргуудын хороо хуралдаж шийдвэр гаргах ёстой” гэлээ.
Сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх- Налайх дүүрэг гурван мандаттай байснаас АН-с нэр дэвшигч Ж.Батзандан 33,77 хувь, мөн АН-с нэр дэвшигч Д.Ганхуяг 33,21 хувийн саналыг тус бүр авсан. Энэ хоёр нэр дэвшигчийн араас МАН-с нэр Б.Батзориг 24,66 хувь, АН-аас нэр дэвшигч И.Нарантуяа 24,41 хувийн саналтайгаар жагсаад байгаа юм.
23-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн тухайд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвшигч Д.Тэрбишдагва 37,19 хувь, АН-с нэр дэвшигч Л.Эрдэнчимэг 31,22 хувийн саналтайгаар болзлоо хангаад байна. Харин тэдний араас АН-с нэр дэвшигч Л.Эрхэмбаяр 26,9 хувь, МАН-с нэр дэвшигч Д.Сумъяабазар 25,02 хувьтайгаар жагсжээ.
Хуулийн дагуу үлдсэн мандатын тоо буюу тойрог тус бүрийн нэг мандатад хоёр хоёр хүн буюу хамгийн их санал авсан Б.Батзориг, И.Нарантуяа, Л.Эрхэмбаяр, Д.Сумъяабазар нар өрсөлдөх юм.
Ч.Болортуяа
URL: