Далдыг хардаг “Буян” Жагаа буюу “хар” машиныг хэрхэн хардав

Сонгууль болж өнгөрөв. Өчигдөр орой хэдэн намын удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Ялагдлаа хүлээхгүй байгаа бололтой юм.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан ард түмнийг тэнэг гэж бодоо юу гэж ирээд хоёр флэшний талаар ярилаа. Түүнийхээр урд өдөр нь нэг флэш дээр маргаашийнх нь сонгуулийн дүнг өөрсдөдөө тааламжтайгаар бэлдсэн юм байх. Тэгээд хольж сольсон юм байх.

Энэ дээр л би гайхаад байгаа юм. Аль нэгэн сонгуулийн хороо, хэсэгт хэдэн хүн өгөхийг урьд өдөр нь хүний зөрүүгүй таамаглаад тэдэн хувийн саналаар тэр ялжээ гээд айхавтар бэлдсэн юм гэнэ. Үгүй мөн мундаг далдыг харж, гайхамшигтай тооцоолж байгаа юм шүү. Юун нөгөө АНУ-ын ТТГ-ын суперкомпьютер. Гэхдээ нэг л юман дээр алджээ. Тэр нь Жаргалсайхан гэж далдыг харах увидастай нөхрийг урьдчилж тооцоолоогүй байгаа юм даа. Тэгээд л нөгөө Жаргалсайхан гуай тэрийг нь илчилж байхгүй юу. Мундаг шүү. Яагаад заавал хоёр флэш гэж, Жаргалсайхан дарга аа? Хэд хэдэн хувилбартай хэдэн флэш байж болоогүй л юм байх даа. Эс бөгөөс флэш авах мөнгө нь хүрээгүй юм болов уу…

Мөн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Заяа гэх бүсгүй “Манай нам мянга хэдэн зуухан санал авчээ. Уг нь биднийхээр бол жаран мянга орчим байх ёстой” гээд бас л “далдыг” харж, тохой нийлэн суусан, өөр намтай эвсэл байгуулж оролцоод жар гаруй мянган хүний дэмжлэг Б.Жаргалсайхантайгаа барьцаад авлаа. 1990-ээд оны дундуур Уламжлалын нэгдсэн намд энэ эмэгтэй байсан санагдах юм. Бас тэр үед “Алтан шагай” гэдэг бас ч гэж шаггүй нэр хүндтэй компанийн захирал байсан бөгөөд “Буян” Жагаа гэдэг шиг л “Алтан шагай”-н Заяа гуай гэж хүндлэгддэг байсан санагдана.

Харин өчигдөр л тэр хэвлэлийн бага хурлыг харж суугаад өөр нам байгуулж, дарга болж гэж мэдлээ. Хэвлэл мэдээллийн ажилтнууд намынх нь нэрийг өчигдөр л бараг анх сонсч байхад ард түмэн /улс төрч эрхмүүдийн хэрэглэх дуртай үгийг ганц удаа хэрэглэж үзье/ энэ намыг ер нь хэр зэрэг мэдэх бол оо?

Түүнийхээр бол мянга хэдэн зуу тун чамлалттай бололтой… Гэтэл сэтгүүлч бидний зовж зүдэрч байж хийдэг сонин мянга гаруй захиалагч авахад яасан их баярладаг гээч. Одоо Монголд арван мянган захиалагч авдаг сонин тоотой хэд л байгаа шүү дээ… Дийлэнх нь гарын таван хуруунд л багтах уншигч, захиалагчтай байгаа. Энэ нь бидэнд бол улс төрчдийнхөөр бол сонгуулийн дүн юм даа. Үүндээ бид харамсдаггүй, үүнийгээ чамладаггүй, хувь заяатайгаа эвлэрээд л явдаг.

Би худлаа санаагүй бол улс төрийн намыг бүртгүүлэхэд 801 дэмжигчийн гарын үсэг шаардлагатай болдог санагдах юм. Заяа гуайн нам ямар ч байсан энэ босгыг даваад, улс төрийн нам гэдгээ баталж чадсан л байна шүү дээ.

МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар бас хэвлэлийн бага хуралд сууж харагдсан. Тоон дотор үсэг гэдэг шиг л харагдсан. СЕХ-н дарга уг нь тус намынх санагдах юм. Тэр эрхмийг “но”-той гэж хардаад байгаа юм болов уу. Я.Содбаатарыг том улс төрд оруулж ирсэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нь намаа сонгуульд ялуулахгүй бол гэж ирээд л бөөн юм ярьчихсан болохоор даргынхаа төлөө л “тун их” санаа зовсон байх даа.

Хүний хүчин зүйлийн нөлөөллийг багасгая гэж ярилцаад нэг “хар машин” оруулж ирсэн, тэрэндээ ч итгэдэггүй. Манай улс төрчид хүнд, ард түмэндээ итгэдэггүй юм гэхэд ардчиллын өлгий нутаг гээд байдаг америк “хар” машинд ч итгэхгүй, “хар” нь дэндсэн улс байдаг юм уу даа.
Би хартай улс төрчдөд бус, “хар” машинд итгэж байна.
Н.Дэлгэр /www.wikimon.mn/


URL:

Сэтгэгдэл бичих