Түүх тэдний талд ч бид Италиас айхгүй
Германы шигшээгийн лидерүүдийн нэг Бастиан Швайнштайгер италичуудтай хийх шийдвэрлэх тулааны өмнө өгсөн нэгэн ярилцлагыг толилуулъя. -“Евро 2012”-т түрүүлэхэд ердөө хоёрхон тоглолт үлдлээ дээ гэж бодоход ямархуу байна?
-Миний хувьд Италийн багтай хийх тулааны тухай л бодож байна. Манай багийнхан “Италичуудыг хождоггүй” гэсэн айдсаа толгойноосоо авч хаясан тохиолдолд л тэднийг ялж, улмаар түрүүлэх тухай бодож болох юм.
-Бүгд л “Скуадра Аззура”-гийн хагас хамгаалагчдыг шагшин магтаж байна…
-Италийн хавбекүүд бүгдээрээ төстэй тоглолттой, нэг нэгнээ харцаараа л мэдэрч чаддаг. Хэрвээ бид прессинг (хувийн хамгаалалт)-ийг шургуу хийж чадвал тоглолтын хэмнэлийг нь алдагдуулж чадна.
-Өрсөлдөгч багаас тань нэг багт хамтдаа тоглож үзэх юмсан гэж хүсдэг тоглогч бий юу?
-“Бавари”-гийн түвшин, шаардлагад нийцсэн нэг бус тоглогч тэдэнд бий. Тэдгээрээс Андреа Пирлогийн тоглолт надад илүү таалагддаг. Даанч тэр 34 настай болохоор энэ бол боломжгүй зүйл.
-Та талбайн төвд Пирлотой тулгарах нь мэдээж. Түүнийг хэрхэн зогсоох аргаа боловсруулчихсан уу?
-Хэргийн гол нь Пирлог зогсоохдоо биш, өөрийн тоглолтоо бүрэн дүүрэн гаргахдаа.
-Пирло хэвлэлийн бага хурал дээр германчууд биднээс айж байгаа гэж мэдэгдсэн. Тэр та нарыг нервтүүлэх гэж үүнийг хэлсэн юм болов уу?
-Андреа чухам юу бодсоныг мэдэхгүй юм. Тэр асар их туршлагатай тоглогч болохоор юу хэлснээ сайн мэдэж буй нь тодорхой. Мэдээж бид италичуудыг хүндэтгэнэ. Бундестим тэднийг албан ёсны ганц ч тоглолтод хожиж үзээгүй гэдгийг ч мэднэ. Хэдийгээр түүх тэдний талд ч гэсэн Англи, Аргентин, Бразил, Голландыг хожсон бид яагаад италичуудаас айх ёстой гэж.
-Талбайн төвд хамтран тоглох Хедирагийн талаар юу хэлэх вэ?
-“Реал”-д Моуриньогийн удирдлага дор тоглохдоо Сами ихийг сурсан нь илт байна. Бөмбөг таслахдаа гаргуун, үргэлж нээгдэж дамжуулалт өгөх боломжийг олгодог, хаалганд хүчтэй цохидог чадвар нь түүнийг аль хэдийнэ Германы шигшээ багийн гол тоглогчдын нэг болгосон.
-Бэлтгэл дээр 11 метрийн цохилтыг хэр давтаж байгаа вэ?
-Торгуулийн цохилтод төдийлэн анхаарахгүй байгаа. Учир нь бэлтгэл дээр цохилт давтах, олон мянган хүний өмнө пенальти цохих хоёр тэс ондоо байдаг. Хэдий тийм ч бэлтгэл болгон дээр 10 орчим цохилт хийдэг.
М.Оргил
Эх сурвалж: Таванцагариг
URL: