Гараар тоолбол 7 сарын 1 дахина шүү
Сонгуулийн ажиглдагч өгүүлж байна:
26-нд сурталчилгааны ажил зогссоноос хойш хяналт дээр 3 шөнө нойргүй ажиллалаа.
Хэрэв гараар дахин тоолбол 7 сарын 1 үүсэх зам руу орно шүү хүмүүс ээ. Учир нь, урд шөнө хяналт хийн ажиллаж байхад саналын хуудсыг сольж хийх, мөн хэсгийн хорооны тогтоолыг дахиж үйлдэх боломж МАН-д бүрэн байгаа нь харагдсан. Яагаад гэдгийг тайлбарлая.
Миний ажилласан БЗДүүрэгт 80 орчим хэсгийн хороо буюу санал авах байр байгаа юм, тэнд санал хураалт хаагдсаны дараа намуудын ажиглагчдын хяналттайгаар хэсгийн хорооны гишүүд тогтоол үйлдэж, тайлан гаргах, түүнийгээ тойргийн хороо буюу манай жишээн дээр БЗД-н Засаг даргын тамгын газар луу хүргүүлэх процесс явагддаг.
Одоо энэ намуудын яриад байгаа урьдчилсан дүн гэдэг маань тайлангаа шуурхай гаргаж, ажлаа цэгцэлсэн хэсгийн хороонуудын дүнд үндэслэн дүн юм. Тайлангаа өгөхгүй заваараад байгаа хэсгийн хороод гэдэг маань ямар нэг аргаар булхай оруулах гээд байж ядаад байна гэсэн үг. Хэсгийн хороод гэдэг маань ерөнхийдөө МАН-ын хүмүүс гээд ойлгочиход болно. Учир нь орон нутаг, анхан шатны хэсгүүд дээр МАН энэ 22 жилийн туршид бараг 100 хувь МАН-жуулсан байгаа. Тиймээс энэ сунжраад байгаа хэсгийн хорооны дүнгүүд урьдчилсан дүнг эргүүлээд хаях аюултай. Тэгдэггүй юмаа ч гэсэн хэрэв гараар дахин тоолбол сонгуулийн дүнг хүссэнээр өөрчлөх боломжтой.
Учир нь эдгээр хэсгийн хороон дээр намуудын ажиглагчдын гарын үсгийг авсны дараа хаалгаа хаагаад 1- 2 цаг таг чиг болсон, дотор нь юу ч явагдаж байж болно. Бид гадаа нь хүлээхээс цаашгүй байв. Тэнд ямар ч хяналт орох боломжгүй байлаа.
Дараа нь саналын хуудастай хайрцагууд болон тогтоол зэрэг баримтуудыг аваад хэсгийн хорооны гишүүд Тойргийн хороо буюу БЗД-н ЗДТГазар луу явсан, бид 3-4 машинаар дагаж олуул хамгаалж явсан. Учир нь хамаг юмаа аваад шууд зугтах явдал зарим хэсгийн хороон дээр гарсан бөгөөд, ингэж хянаж явахгүй бол замдаа юмнуудаа солих боломж бас нээлттэй үлдэх юм. Зөвхөн БЗД дээр гэхэд 80 орчим хэсгийн хороо байгаа учир энгийн арифметикаар тооцоход 240 орчим машин, 800 орчим хүн ингэж хянах ёстой болж байгаа биз? Мэдээж тийм их хүн хүч, машин унаа байхгүй учир байгаа бололцоогоороо л ажиллаж, хүн хүч хэрэгтэй газар луу хуваарилагдсан очих ажиллаж байсан. Жижиг намуудын хувьд энэ бол ямар ч боломжгүй зүйл гэдэг нь тодорхой. Үнэндээ АН гэдэг маш хүчтэй сөрөх хүч байгаа учраас сонгуулийн луйврыг хязгаарлах боломж гарч байгаа юм байна гэдэг гүнзгий сэтгэгдэл төрсөн.
Тойргийн хороон дээр очиход энд тэндээс зэрэг зэрэг хэсгийн хорооны материал, эд юм цуглараад бөөн хүн, шахцалдаан, цагдаа, голцуу АН-ын ажиглагчид, хяналт хийж байгаа хүмүүс, хэрүүл уруул, хэл ам… Тойргийн хороо буюу БЗД-ийн ЗД-ын тамгын газрын байран дотор АН-аас 3 хан хүн ажиглагчаар орсон бөгөөд, бусдыг нь оруулсангүй. Гэтэл 80 орчим хэсгийн хорооноос ирж байгаа анхан шатны материалууд (саналын хуудас үүнд орно) нэгэн зэрэг цугларч, бөөн хүн овоорч байгаа учир 3-хан хүн хяналт тавих боломж бараг байхгүй, тэд юу дуртайгаа хийх боломж бүрдсэн байсан. БЗД-ийн Засаг дарга Батзориг өөрөө УИХ-д нэр дэвшигч, мань хүний “хувийн” ордон дотор бүх материал орсон гэсэн үг, өөрөө унахгүйн тулд яаж улайрч байгаа бол гэдэг нь нүднээ ил харагдах шиг.
Дээрхийг нэгтгэвэл, ажиглагчдын хяналтаас үндсэндээ гарчихаад байсан тайлан гарсны дараах 1-2 цагт хэсгийн хорооны байран дээр, эсвэл хүлээн авч нэгтгэж байгаа Дүүргийн ЗД-н Тамгын газарт нэмж хуурамчаар бөглөсөн саналын хуудсуудыг багц багцаар нь оруулах замаар “гараар дахин тоолох” үед сонгуулийн дүн эсрэгээр гарах маш өргөн боломж нээлттэй байна.
Тулгат
URL: