“Хоншооргүй” Хонгорын хийморьтой Хаянаа
Өнгөрөгч жил Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга асан Э.Наранбаатар, Д.Нямхүү, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга асан Д.Амгалан гэх мэт албан тушаалтнууд долоон жилийн ял шүүхээс авч билээ. Сургууль, цэцэрлэгийн байрнуудын засвар, хүүхдүүдийн хоолны мөнгөнөөс найман жил зөөж байхад “төрийн түмэн нүд” огт хараагүй л байдаг юм. Дээрх нөхдийг төр засагт хэн шургуулав, хэрхэн хаацайлж байсан бэ гэсэн асуултууд аандаа гарч ирдэг.
Эдгээр нөхдийг Дархан-Уул аймгийн Засаг дарга асан, Сангийн сайд Д.Хаянхярваа төрд шургуулсан байдаг юм. Түүгээр ч зогсохгүй Засаг дарга Д.Хаянхярваагийн фракц гэсэн нэртэй байжээ. Өнөөгийн Сангийн сайд Д.Хаянхярвааг Засаг даргаар найман жил ажиллах хугацаанд дээрх албан тушаалтнууд 800 сая төгрөг төрөөс хулгай хийсэн. Засаг дарга Д.Хаянхярваа аймгийн хөгжлийн сангийн нэгдүгээр гарын үсгийг зурдаг байсан юм билээ. Тэгсэн хэрнээ л тэр том хулгайг хараагүй гэдэг юм. Санхүүгийн өндөр мэдлэгтэй гэх тэрээр “Би тэр Э.Наранбаатар, Д.Нямхүү нарын нууцаар байгуулсан “Баатархүү” хэмээх хуурамч дансыг мэдэхгүй” хэмээн АТГ-т мэдүүлсэн аж.
Төр засгаас 800 сая төгрөг хулгайлсан албан тушаалтнууд Засаг дарга Д.Хаянхярваад хир халцаагаагүй. Д.Хаянхярваагийн хэлдгээр “жудагтай” загнасан юм билээ. Харин Д.Хаянхярваа “Би энэ хэргийн талаар мэдэхгүй, сонсоогүй” гэж байснаа үнэнд гүйцэгдэн хууль хяналтынханд байцаалт өгч байснаа хүлээсэн аж. Албан тушаалтнууд ганц нэгээрээ төрөөс хулгай хийхээ болиод удаж байна. Харин бүлэглэлээрээ, намаараа хулгай хийгээд нэг хоёр нь хэргээ үүрдэг болсон. Сангийн сайдын суудалд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Улаан, С.Бямбацогт нар нэр дэвшсэн ч Д.Хаянхярваа ялсан. Дархан-Уул аймгийн төсвийн 800 сая төгрөгийг хамар дороосоо алдчихсан гэх түүнийг Монгол Улсын сан хөмрөгийг аваад явна гэхэд олон хүн эргэлзсэн.
Гэвч тэрээр Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр Сангийн сайд болчихоод “Халамжийн засаглалтай Засгийн газраа” муулаад суудаг
Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч шоронд орсон түүх цөөхөн байдаг. Шатрын ноён аятай хүү түлхэн түмэн хамгаалагч нарынхаа дунд дараагийн нүүдлээ бодоод зүүрмэглэж байдаг биз ээ. “Юмны эзэн, сумны занги” гэгдэж байсан Д.Хаянхярваа ямар ч байдалд орсон мултарч чаддаг шидтэй. Энэ бол түүний төрмөл авьяас юм билээ.
ХОЁР НҮҮРТЭЙ ХҮН
Хордлоготой Хонгор сум. Улиг болсон сэдэв л дээ. Гэхдээ цианит натри, мөнгөн ус улиг болдоггүй сэдэв юм байна. 1930 оны дундуур япончууд Өвөр Монголын өөртөө засах орны зарим нэг худгийг хордуулсан аж. Гэтэл тэр хорны нөлөө одоо хүртэл илэрч өдгөө иргэдийн нь биен дээгүүр идээт үрэвсэл туурдаг байх юм. Цианит натри, мөнгөн усны хор нөлөө цаг хугацаа алсрах тусам илэрдэг байна.
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 2007 онд цианит натри алдсан уу гэвэл алдсан. Засаг дарга Б.Батнаран, түүний ах Б.Батболд нарын “Мич” компанийн байранд цианит натри, мөнгөн усаар алт угаажээ. Химийн бодисоор алт угаасан ус урсан нуур тогтоод зогсохгүй засмал зам даван бохирын шугамтай нийлсэн аж. Бохирын шугамтай хаяа нийлэн тэдний нэрлэж заншсанаар Древенийн гэх айлууд амьдарна. Хашаалаагүй бохирын уснаас уусан мал тэр дороо үхэж аюулын харанга дэлдсэн билээ. Мөн иргэдийн биеэр идээт үрэвсэл туурч “хамуурсан” юмдаг.
Анх Дархан-Уул аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа “Манай аймгийн Хонгор сумын хүн мал хордчихоод байна” гэж мэдээлж байсан юм. Үүнээс нэг их удалгүй УИХ-ын ээлжит сонгууль дөхөөд эхлэнгүүт Засаг дарга Д.Хаянхярваа “Хонгор сум хордоогүй. Алдагдсан цианит натрийн хор нөлөө арилсан” гэж мэдэгдэх болсон.
Мэргэжлийн эмч нар ч гэсэн ёс зүйгээ умартан “Хонгор сумын хордлого арилсан” хэмээн нүүрээ улалзуулан мэдэгдэж байв. Нэг намын дарангуйлал, хэвлэл мэдээллийн тархи угаалт хоёр сар Хонгор суманд ажилласны хүчинд Д.Хаянхярваа УИХ-ын сонгуульд ялалт байгуулж чадсан. Тэрээр Хонгор сумын иргэдтэй уулзахдаа “Би та нарын адил бодолтой явна. Хордсон гэдэгтэй санал нэг байдаг. УИХ-ын сонгууль өнгөртөл хэл ам битгий гаргаач” гэсэн гэдэг. Тэр ч бүү хэл иргэдэд мөнгө төгрөг өгөх, хахуульдах санал тавьсан юм билээ.
Үнэн чанартаа бол Засаг дарга Д.Хаянхярваа Хонгор сумын хордлогыг сайн нууцалж чадсаны төлөө УИХ-д нэр дэвших эрхээр шагнуулсан аж. Тухайн үеийн МАХН-ын удирдлага Д.Хаянхярвааг Дархан-Уул аймгаас холдуулах цаг болсныг мэдэрсэн. Зүгээр нэг халаад явуулчихъя гэхээр Хонгор сумын хордлогыг хүлээн зөвшөөрчихсөн мэт харагдаад байсан учир дэвшүүлэн холдуулжээ.
Түүнийг УИХ-д сонгогдсоны дараагаар цианит натрийн голомтын ойролцоо амьдардаг 70 гаруй хүн хорт хавдраар нас барсан. Урд Древенд нэг гэр бүлийн таван хүн нас барсан байдаг. Үүнээс улбаалан эмч нар “Хонгор сум хордсон нь үнэн. Эдгээр иргэд цианит натрид хордсоны улмаас нас барсан байна. Төр засаг иргэдийн эрүүл мэндийнх нь төлөө нөхөн олговор өгөх ёстой” гэж мэдэгдсэн.
Нуруугаа авахуулсан морь шиг болсон Хонгор сумын иргэдэд эмч нарын ярилцлага, дүгнэлтүүд итгэл найдвар авчирчээ. Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн хордсон, хэдэн хүнээ алдсан тухайгаа ярьж эхэлтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Сангийн сайдад нэр дэвшсэн билээ. Цаг хугацаа нь тэгж таарсан л даа. Нэг талаараа Хонгор сумын иргэд азгүй гэлтэй. Яг цианит натри алдагдсан үеэр нь УИХ-ын сонгууль таараад улс төржөөд явчихсан. Сая нэг дуугаръя гэхээр Д.Хаянхярваа Сангийн сайдад нэр дэвших үетэй нь таардаг байгаа.
Албан тушаалд хүрэхийн тулд давахгүй даваа болох Хонгор сумын иргэдтэй уулзсан. Тэгэхдээ хэдхэн хэвлэл мэдээллийн нөхдийг хөлслөн аваачиж “Хонгор сум хордоогүй” гэсэн мэдээллийг цацуулсан юм. Нэг их гайхаад байх зүйл биш, түүний ажлын арга барил нь. Тэрээр Хонгор сумын хордсон иргэдтэй уулзахдаа “Та нарын талд байгаа шүү. Тэмцлийг чинь дэмжиж байна” гэх утгатай зүйл ярьсан байдаг.
Харин Улаанбаатар хотод ирэнгүүтээ “Хонгор сумын иргэд химийн хоронд хордоогүй шүү дээ. Хэвлэлийнхэн сенсаац хийж байгаа хэрэг. Жудаггүй юм” гэж ярилцлага өгнө. Тэрээр өөрийнх нь булхайг ярьсан, Хонгор сумын хордлогыг бичээд эхлэхээр “Жудаггүй зүйл хийлээ” гэж буруушаана. Нэг л их жудагтай хүн. Үнэн чанартаа бол түүн шиг жудаггүй хүн алга. Түүний цэргүүд төсвийн хөрөнгөөс 800 сая төгрөг нүдэн дээр нь хулгай хийж байхад зогсоогоогүй. Энэ жудагтай хэрэг гэж үү. Ийнхүү Хонгор сумын аз харих тоолонд Хаянаагийн аз гийх юм даа. Тэгээд ч улс төрийнхөн дотроо “Хоншооргүй” Хонгорын хийморьтой Хаянаа гэж хоч хүртээд авчээ.
Цэргүүд нь ялтан болоод шорон руу маршалж байхад өөрөө сугарч үлдээд Сангийн сайд болсон нь жудагтай явдал уу. Хонгор сумын иргэд болохоор “Та нар минь хордсоон” гэж мэдэгдээд намынхаа байранд ирэхээр “Амьдрал ядуу, ажилгүй иргэд төр засгаас мөнгө салгахын тулд хордсон гээд байгаа” гэж хэлэх нь жудагтай хэрэг гэж үү.
Сүүлийн үед Д.Хаянхярваа шиг хэвлэлийнхнийг дагуулж явдаг албан тушаалтан үгүй боллоо. Бараг л морь харснаа хүртэл бичүүлэх дөхөх юм даа. Гэтэл улс оронд өөдтэй зүйл алга болов. Таван толгой таг чиг, та бидний 21 мянган төгрөг ч алдаг оног тараагдах болсон. Зуун мянган айлын орон сууц зураг төсөл төдий л үлдлээ. Ирээдүйгээ барьцаалж идчихсэн учир сан хөмрөгийн зүрхний хэмнэл алдагдаад удаж байгаа билээ.
Д.Хаянхярваа улс орны санхүү, эдийн засгийн байдлын галаар юу ч хийсэнгүй. Зургаан сарын дотор найман зуун тэрбумаар л алдчихгүй суувал барав бололтой.
Ийм л хоёр нүүртэй хүн улс төрд амжилт гаргадаг билээ. Түүний амжилтын нууцыг “хоёр нүүртэй” гэдгээр томьёолж болмоор. Эргэн тойронд нь хулгай зэлгий, өвчин эмгэг гарч байхад үзээгүй, хараагүй, сонсоогүй гээд сууж байдаг төрийн төлөөлөгч байдаг юм байна. Төрийн төлөөлөгч юм харахгүй, сонсохгүй болохоор энэ төр таг дүлий, сохор л суудаг байх даа.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=56773
URL: