Хуурамч дипломтой хүн НИТХ-д нэр дэвшиж байна

Боловсон хүчнээрээ гайхуулдаг МАН хууль хяналтын байгууллагаар гэм буруутай нь тогтоогдож төрийн албанаас хөөгдсөн хүнийг хүртэл сонгуульд “ширэн нүүр гаргаж” нэр дэвшүүлээд буй нь хэний эрх ашигт үйлчилж, юуны төлөө, ямар үнэ цэнээр төр, засаг, нийслэлийн удирдлагад үлдэх гээд байгаа далд зорилгын сэжүүрийг атгуулна бус уу.

Хуурамч дипломоор төрийн хариуцлагатай албанд очиж илчлэгдэн хөөгдсөн Д.Бат-Эрдэнийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 19-р тойрогт дэвшүүлжээ. Түүнийг дүүгийнхээ дипломыг ашиглан Нийслэлийн авто замын газрын даргаар томилогдсон болохыг Авлигатай тэмцэх газраас шалган тогтоож огцруулж байсныг эдүгээ үгүйсгэж, мэлзэж ч мэднэ, МАН-ынхан. Мэлзэж, зугтах аргагүй  баримт нотолгоог дэлгэе.

Юун түрүүн энэ залилагчийн жинхэнэ нэр Д.Бат-Эрдэнэ бус харин Д.Батмөнх болохыг АТГ хэдийн тогтоосон, гэтэл тэр “бүр цайчихсан” хүн гэдгээ нотолж нөгөө л хуурамч нэрээрээ дахиад нэр дэвшсэнийг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэчихсэн байх юм. Нийслэлийн сонгуулийн хороог хэн бүрдүүлж байгаа билээ, түүний гэмт хэргийн талаар огт сонсч дуулаагүй гэвэл хэн итгэх вэ.

2009 онд Автозамын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцдаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс Батмөнх гэгч өөрийн төрсөн ах Бат-Эрдэнийн нэрийг 1981 оноос хойш ашиглаж, уг нэрээр төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх гаргуулсан бөгөөд Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөж дээд боловсрол эзэмшсэн нь мөн худал, хуурамч бичиг баримт ашиглаж ирснийг тогтоожээ. Бодит байдалд Батмөнх нь 1984 онд Увс аймгийн Цагаанхайрахан суманд төрсөн, сумын дунд сургуульд 7-р ангийн боловсрол эзэмшсэн бөгөөд “Сүхбаатарын зам” нэгдэлд малчин байгаад 1981 онд Улаанбаатарт шилжин ирсэн аж.
Авто замын газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг учир Засаг даргын захирамжаар Д.Бат-Эрдэнийг томилжээ. Харин  Нийслэлийн Засаг даргын 2006 оны захирамжийг Төрийн албаны зөвлөл 2009 оны тавдугаар сард цуцалжээ.
Хуурамч Бат-Эрдэнэ Нийслэлийн авто замын газрын даргын албан тушаалаас хөөгдсөн ч зургаан сар гаруйханы дараа дахиад л нийтийн өмчит байгууллага “Улаанбаатар зам засвар арчлалт” компанид мөн л даргаар нь томилогдов. Энэ албан тушаалд нөгөө л Нийслэлийн Засаг дарга 2010 оны 1-р сарын 20-ны захирамжаараа томилсон байна. Жирийн шударга хүнд гайхан цочирдом ийм хэрэг увайгүй гэмт хэрэгт “гаршсан” өчүүхэн сэтгэлт хүмүүст бол байдаг л зүйл, гол нь  иргэд мэдэхгүй, мэдсэн ч хэл ам хийхгүй л байх нь чухал болтой юм. Харин иргэд зүгээр байсангүй, Ерөнхийлөгчийн ажлын албанд гомдол мэдүүлсэнээр Төрийн албаны зөвлөлд дахин уламжлагдаж тус алба дахиад л Засаг дарга Г.Мөнхбаяраас шийдвэрээ цуцлахыг 2010 оны 4-р сарын 23-ны албан бичгээр шаарджээ.

Энд бас нэгэн баримт байна. 2008 оны 4-р сарын 23-ны Удирдлагын академийн захирлын тушаалын дагуу Дамжин овогтой Бат-Эрдэнэд олгосон төрийн удирдлагын менежерийн дипломыг хүчингүй болгожээ. Хүчингүй болгох тушаалыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн 2011 оны 7-р сарын 18-ны албан бичигийг үндэслэн 2011 оны 8-р сарын 25-нд гаргажээ.

Худалч, зальхай энэ хүнд Чингэлтэй дүүргийн иргэд итгэл үзүүлэн хоёр ч удаа НИТХ-ын тэргүүлэгчээр сонгосон юм билээ. Санаатайгаар, удаа дараа төр, хүн ардыг хууран мэхэлж буй ийм хүн санамсаргүй байдлаар хэрэгт орсон хүнээс долоон дор гэмт хэрэгтэн бөгөөд хүн чанар ёс суртахууныг умартсан ийм хүмүүс юу ч хийж болзошгүй нь тодорхой.

Иргэдийг төлөөлж, тэдний эрх ашиг, сайн сайхны төлөө үнэнч шударгаар зүтгэх учиртай төрийн албанд өөрсдийн явцуухан эрх ашгийг л дээдэлдэг ёс зүйн доройтолд орсон гэмт хэрэгтнүүд дахиад шургалж мэдэх нь байна шүү. Нүд хурц, чих соргог байж сэрэмжлээрэй.

http://politics.time.mn/content/14516.shtml


URL:

Сэтгэгдэл бичих