АН-ыг сонгохгүй байх наад захын найман шалтгаан

“Ардчиллын залууст өгөөд үзье” гэсэн ард түмний их итгэлийг хөсөрдүүлсэн,1996-2000 онд Сангийн сайдаар багахан хугацаанд ажиллаж байсан , “Монгол надаар дутна уу гэхээс би Монголоор дутахгүй” хэмээн нэгэнтээ цээжээ дэлдэж байсан Баабар “Ялагдах эрхгүй сонгууль” гэсэн улс орныг тогтворгүй байдал, жагсаал цуглаанд уриалсан бодит ажил биш, бухимдал цөхрөл, хий хоосон улс төржилтийг дэвэргэсэн, “7 сарын 1-нээс гадна “8 сарын 1″, “9 сарын 1″ болно, “нулимс урсана”гэсэн утгатай юм бичжээ. Ардчиллыг сүүлийн 20 жил өмчилж, хамаг өрөм дээжийг нь хүртэж яваа олигархиуд “ялагдах эрхгүй сонгууль” хэмээн айж сандрахын учир юу вэ?

Эрэгцүүлэн бодоцгооё. Ард түмнийхээ ой санамжийг эргэн сэргээцгээе.
Бид юуг мартах ёсгүй вэ?
Шалтгаан-1
Ардчиллын залуус (тэд одоо ардчиллыг өмчлөгч цөөн тоотой олигархиуд болсон)-т ард түмэн өгөөд үзсэн 1996-2000 онд дөрвөнЗасгийн газар огцорч, улс орны хөгжил удааширч, эдийн засаг уруудан доройтсон гашуун түүхийг БҮҮ МАРТ, МАРТВАЛ УЛС ОРОН ХОХИРНО, АРД ТҮМЭН ХОХИРНО.
Шалтгаан-2
Ардчиллын залуус(тэд одоо ардчиллын билэг тэмдэг биш ардчиллыг дотроос нь ялзруулсан нян болсон)-т ард түмэн өгөөд үзсэн 1996-2000 онд тэтгэврийн хөгшчүүл маань тэтгэврээ авч чадахгүй хэдэн сараар гадаа гандан, хөдөө хөхрөн, банкнуудын үүд сахиж суусныг БҮҮ МАРТ, МАРТВАЛ ӨВГӨД ХӨГШИД, АХМАД БУУРЛУУД МААНЬ ХОХИРНО.
Шалтгаан-3
Ардчиллын залуус(тэд одоо ялагдах эрхгүй сонгууль гэж айж байгаа)-т ард түмэн өгөөд үзсэн 1996-2000 онд олон мянган төрийн албан хаагчид, эмч, багш нар маань 3-6сар цалингаа авч чадахгүй, улс төрийн шахалтаар ажпаасаа халагдаж, өр зээлэнд баригдаж, өвлийн хүйтэн, хаврын хавсарга, зуны халуунд жагсаж цуглаж, үймж бужигнаж байсныг БҮҮ МАРТ, МАРТВАЛ ТӨРИЙН АЛБА ХҮЧГҮЙДНЭ, ТӨРИЙН АЛБА ХОХИРНО.
Тэр он жилүүдэд чадал чансаагүй, төрийн алба гэж юу байдгийг мэдэхгүй, ардчиллын нэр зүүсэн олон зуун үл мэдэгчид төрийн албанд шургалж, яам, агентлагуудын ажил нуран унасныг бүү март. Өнгөрч буй 4 жилд АН-аас засаг барьж байсан Завхан, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь аймаг, Хан-Уул дүүрэгт намын харьяаллаар олон зуун төрийн албан хаагчид ажлаасаа халагдаж, гудамжинд лааз өшиглөн, тэдний ард талд гэр бүл, үр хүүхэд нь хохирсоныг БҮҮ МАРТ, МАРТВАЛ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХОХИРНО.
Шалтгаан-4
Ардчиллын залуус(тэд өнөөдөр ардчиллын өвгөн партизанууд болж залуу үеэ жийж байгаа)-т ард түмэн өгөөд үзсэн 1996-2000 онд УИХ-д олонх байхдаа 1997 онд Ашигт малтмалын тухай цоорхой хуулийг баталсан юм. Энэ хуулийн лай ланчигаар гадны хөрөнгө оруулалт нэртэй баг өмссөн эдийн засгийн алуурчид болох Фрийдланд, Паушик гэх мэтийн гадаадын луйварчид,”Айвенхоу Майнз”, “Рио Тенто” зэрэг дэлхийд зартай уул уурхайн акулууд Монгол орны минь газар нутгийг лиценз болгон эзэмшиж, Монголын ард түмний өмч хөрөнгө, газрын доорх баялаг, алт эрдэнэсийн үүцийн эзэн болж суусан юм. Энэ хуулийн балгаар Монголчууд бид Оюун толгойнхоо 34-өөс дээш хувийг эзэмших эрхгүй болж, стратегийн олон ордоо харийнханд алдаж, Хөшөөтийн уурхайгаа Хятадуудад луйвардуулж, тэдгээр гадны луйварчид эх орны минь газар нутаг, баялгийг олон улсын хөрөнгийн бирж дээр биднээс асуулгүй зарж, гүйлгэн асар их ашиг хонжоо олсоор байна.
Зөвхөн 1996-2000 оны ардчилсан засаглалын үед эх орны минь газар нутгийн 40 гаруй хувь буюу 5000 гаруй лиценз харийн луйварчдад олгогдож, тэдгээрийн дийлэнхийг одоогийн АН-ын олигархууд зуучлан, харийнхантай нийлэн “Хотны нохой хээрийн чонотой нөхцөх”-ийн адил эрх мэдлээ ашиглан түйвээсэн гашуун түүхтэйг БҮҮ МАРТ, МАРТВАЛ ЭХ ОРНЫ МИНЬ ГАЗАР ШОРОО, ЭД БАЯЛАГ МИНЬ ДУУСНА.
АН-аас 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 76 хүний дотор уул уурхай, ашигт малтмалын томоохон лиценз эзэмшдэг хэд хэдэн олигархууд, тэдгээрийн үр хүүхдүүд байгааг ард түмэндээ сэрэмжлүүлж байна. Шаардлага гарвал хэн хэн, хаана хаана, ил далд лиценз эзэмшдэгийг баримт нотолгоотойгоор олон түмэндээ хүргэх болно.
Шалтгаан-5
Ардчиллын залуус(тэд одоо ардчиллыг санаачлан, гардан хийлцсэн анхдагч партизануудаа золигт гарган мартаж, МоАХ-ны жирийн гишүүд, дэмжигчдээсээ айж байгаа нь Баабарын нийтлэлээс ойлгогдоно)-т ард түмэн өгөөд үзсэн 1996-2000 онд ардчиллын алтан хараацай С.Зориг алагдаж, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт(талийгаач), Р.Амаржаргал нар ээлж дараалан нэг нэгнээ унагааж Ерөнхий сайд болцгоож, бусад УИХ-ын гишүүд нь бараг бүгд Засгийн газрын гишүүн, сайдын сэнтийд заларцгааж , төрийн ажил албыг залгуулахыг урьтал болголгүй, албан тушаал, эрх мэдэл, зөөлөн сэнтийд тачаадан дурлаж, төр засгийн ажлыг яаж самарсаныг БҮҮ МАРТ, МАРТВАЛ ТӨР САМУУРНА.
Хэрэв АН-д ард түмэн итгэл үзүүлэх аваас ирэх 4 жилд Ерөнхий сайд болохыг тачаадан мөрөөдөж буй АН доторхи том, жижиг фракцийн толгойлогч нар (Н.Алтанхуяг, “Женко”Х.Баттулга, 3.Энхболд, “Фортуна”Н.Батбаяр, С.Эрдэнэ, Лу.Гантөмөр, Лу.Болд, С.Батхүү, С.Баярцогт г.м) буйг БҮҮ МАРТ, МАРТВАП Засгийн газар дор хаяж 5-6 удаа огцорч, фракцууд хоорондоо алалцаж, албан тушаалын бялуу хуваалт, хий хоосон улс төржилт улс орныг минь улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал руу түлхэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг БҮҮ МАРТ, МАРТВАЛ АРД ТҮМЭН Ч ХОХИРНО, АН Ч ХОХИРНО. Баабарын хэлсэнчлэн ёстой ардчиллынхан дараа дараагийн сонгуулиар юу ч горьдолтгүй болох юм.
Ардчиллыг дэмжигч жирийн ард иргэдийн өмнө ардчиллыг зайдагнагч, ардчиллыг муухай харагдуулж удаа дараа сонгуульд ялагдуулж байгаа одоогийн хэдхэн олигархиуд хариуцлага хүлээнэ, тэд л улс төрийн орон зайгүй болно. Тэгж байж АН цэвэршинэ, ардчилал цаашид цэвэр ариунаар оршин тогтноно гэдгийг бүү март.
Шалтгаан-6
Ардчиллын залуус(тэд одоо том том банк, зочид буудал, уул уурхай, зам, барилга, газар тариалан, архи, мах, талх, хүнсний үйлдвэрүүдийн эзэд болжээ)-т ард түмэн өгөөд үзсэн 1996-2000 онд тэд ХОТШ, Ард, Сэргээн босголтзэрэг үндэсний томоохон банкуудыг зориуд дампууруулж, олон үйлдвэр, заводыг хувьчлал нэрийдлээр луйвардан авч, олон зуун ажилчдыг халж, техник тоног төхөөрөмжийг нь төмрийн хаягдал нэрээр Хятад руу зөөж үндэсний үйлдвэрүүдийн хаалгыг нь барьсан гунигт түүхийг БҮҮ МАРТ, МАРТВАЛ МОНГОЛД ҮЙЛДВЭРЖИЛТ ЗОГСОНО, ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬСГАЛ БИШ эдийн ЗАСГИЙН ДАМПУУРАЛ НҮҮРЛЭНЭ ГЭДГИЙГ САНАГТУН.
АН-ын олигархиуд болох “Женко”Х.Баттулгын Худалдаа Хөгжлийн банк, “Баянго”л зочид буудал, “Мах Импекс”, “Талх Чихэр”, Лу. Болдын “Голомт”банк, “Бодь”групп, Д.Зоригтын “Монгол Шуудан”банк, Г.Батхүүгийн “АПУ”, генсек Д.Эрдэнэбатын “Залуучууд зочид буудал”, “Ажнай”Бат-Эрдэнийн жижиг Таван толгой, Л.Гүндалайгийн “Атилла”зочид буудал, “молекул”Батбаяр,түүний хүү Батбилэг, Р.Бадамдамдин, түүний хүү Баттүвшин нарын лиценз гээд энэ цуваа цааш үргэлжилнэ. Ийм л хүмүүст эх орныхоо эрх мэдлийг атгуулвал юу болохыг ядарч зүдэрсэн ард түмэн минь өөрсдөө шийдэцгээ.
1996-2000 онд З.Энхболд, Д.Зоригт нарыг ТӨХ-ны дарга байхад энэ бүх луйвар, эрх мэдлээ ашиглан бялуу хуваасан үйлдлүүд хийгдсэн бөгөөд тэд өмч хөрөнгө, эрх мэдэл, эдийн засгийн шуналаасаа болж “Сэгэн дээр зодолдсон ноход” мэт бие биеэ хэмлэн уран тасдаж, тарж бутран фракцлаж, дөрвийн дөрвөн засгийн газраа огцруулж, шившигээ дэлгэсэн түүхтэй.
Баабарын бичсэнчлэн тэд одоо эдийн засгийн их өсөлт, их мөнгөний сургаар эцсийн боломжоо ашиглан дайралт хийх гэж буйг БҮҮ МАРТ, МАРТВАЛ тэд улсын сан хөрөнгийг доош харуулан сэгсэрч мэднэ. Улсын баатар Э.Бат-Үүлийн эцэг Эрдэнэ Баавай экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг “алсын шуналтай хүн” хэмээн тодорхойлсны нэгэн адил АН бол “алсын шуналтай нам” гэдгийг ард түмэн БҮҮ МАРТ, МАРТВАЛ ард түмэн, айл өрх үгүйрэн ядуурна. Харин ардчиллын цөөн хэдэн олигархиуд хагартлаа баяжина гэдгийг бүү март.
Шалтгаан-7
Ардчиллын залуус (тэд одоо ардчилал хэмээх баг өмссөн авилгачид болсон)-т ард түмэн өгөөд үзсэн 1996-2000 онд Монгол улсын түүхэнд анх удаа казино, авилгын хэргээр Баттулга(одоо Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга), Энхбаатар(БХЯ-ны генерал), Батчулуун (хууль зүйн сайд асан, талийгаач) нар шийтгүүлсэн гэдгийг БҮҮ МАРТ, МАРТВАЛ авилга Монголд бүр даамжирна. 2012 оны УИХ, НИТХ-ын сонгуулийн өмнө ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгож, даргыг нь томилдог институт болох АТГ, Шүүх, Прокурорын байгууллагууд гэнэт ухаан орсон юм шиг дуу дуугаа авалцан Ардын намынхныг баривчлан хорьж шийтгэх, улмаар нэр хүндийг нь унагах замаар сонгуульд өөрсдөө ялах тактик баримтлан, зөвхөн нэг талыг барьж улс төрийн хэлмэгдүүлэлтийг эхлээд буйг нийгэм харж байна.
Яахаараа зөвхөн Ардын намынхныг барьж хориод байгааг ард түмэн гайхаж байна. АН-ын дотор байгаа олигархууд, авилгачид, гэмт хэрэгтнүүд шударга Ерөнхийлөгчийн хаагуур өнгөрөөд буйд нийгэм эргэлзэж байна. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр(авилгалын загалмайлсан эцэг хэмээх гуншинтай) тэргүүтэй нөхдүүд МАХН хэмээх цоо шинэ нам байгуулж гарсанаараа харин ч Ардын намд цэвэрлэгээ явагдаж байна хэмээн олон түмэн үнэлж дүгнэж байна. Зөвхөн сүүлийн 2 жилд 60000 гаруй залуу шинээр Ардын намыг сонгосон нь үүний баталгаа биш гэж үү?
Шалтгаан-8

Ардчиллын залуус(тэд одоо залуу насаа ардаа орхиж, залуучуудаа жийсэн бурхинууд болжээ)-т ард түмэн өгөөд үзсэн 1996-2000 онд АН-аас сонгогдож, томилогдсон олон агентлаг, аймаг, сумдын Засаг дарга нар яаж холион бантан хутгаж, хариуцсан салбар, аймаг, орон нутгаа сүйрүүлснийг олон түмэн БҮҮ МАРТ, МАРТВАЛ түүх давтагдана. Тэр он жилүүдэд “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэсэн ардын үг амьдралд биеэлсэн юм.
АН-ынханд өнөө хэр нь шат шатандаа төр барих туршлага, төрийн ажлын дөр суусангүй. Тэд ялахаараа төрийг самраад хаячихдаг, ялагдахаараа “7 сарын 1-ийг турхирчихдаг. Хамтарсан засагт урьж ажиллуулахаар замын дундаас хаяад явчихдаг. Ачаа даах чадваргүй, Айлаар бол эрх танхи нэгэн, киногоор бол “Тунгалаг Тамир”-ын Түгжил,”Гарын таван хуруу”-гийн Шагдар лугаа аашилдаг нөхөд. Тэд ажил хийхээс өмнө ам хэлээ билүүдэж, хоосон улс төр, мөрөөдөл ярихдаа гарамгай. Тэдэнд ардчиллын 20 жилд хийж бүтээсэн ажил хомсхон, харин нурааж бусниулсан, түйвээн самарсан үйлдэл их. Эцсийн эцэст ардчиллынхан засаг барихаар эдийн засгийн өсөлт удааширч, инфляци 2 оронтой тоонд хүрч, нийгэм тогтворгүй байдалд ордог нь жам ёсны үзэгдэл, зүй тогтол болчихоод байна. Үүнийг  БҮҮ МАРТ, МАРТВАЛ СӨНӨНӨ.
Ам, ажлын алийг сонгохоо, хийж бүтээсэн, хаяж зугатаасан хоёрын алийг сонгохоо манай ард түмэн мэднэ.

http://asunews.mn/main/fact/fact/1206220015/%D0%90%D0%9D-%D1%8B%D0%B3-%D1%81%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D1%85%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B1%D0%B0%D0%B9%D1%85-%D0%BD%D0%B0%D0%B0%D0%B4-%D0%B7%D0%B0%D1%85%D1%8B%D0%BD-%D0%BD%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B0%D0%BD-%D1%88%D0%B0%D0%BB%D1%82%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD-.html


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих