Дайсантайгаа нэг хөнжилд орсон барьцгүй нөхөр
Гуя дагуулж хүзүү гэдэггүй биш билүү?
Хөдөлгөөнөөсөө, тойргоосоо урвасан хоёр шарваачийг МАН хөтлөлцүүлээд нэг тойрогт сойчихсон нь өнгөрсөн сонгуульд гаргаж байгаагүй тактикийн том алдаа болсон бололтой. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойргийн нэр дэвшигчид УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав нарыг “Урвагчид” гэж цоллон, сурталчилгааг нь хийж буй ухуулагч, шадар туслахуудад хандан “Тойргоо сольсон, хөдөлгөөнөөсөө урвасан шарваачдыг ямар гавьяа байгуулсан гэж манай дүүрэгт нэр дэвшүүлсэн юм бэ. Наад рецедивүүдийг чинь сонгохгүй. Яаж ч ухуулаад нэмэргүй” хэмээн зад загнаж буй сурагтай. Нэр дэвшигчдээ хамгаалаад, сөргүүлээд үг хэлье гэхнээ хариулт ч олддоггүй гэнэ лээ, ухуулагч нарт.
Үнэндээ ч УИХ-ын гишүүн Ц.Батбаяр 2008 оны сонгуулиар Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшихдээ гэр хорооллынхныг гурван өрөө байранд амьдруулна гэх амлалт өгсөн ч УИХ- д сонгогдоод “сэрүүн зүүдээ” ор тас мартсанаас буцаж тойрогтоо нэр дэвших нүүргүй болсон юм. Тиймдээ ч Багахангайг хөлдөөж байсан хуучны хэрэг нурууг нь хүйт оргиулавч, сонгогчдыг санахгүй юм шиг нүдэн балай, чихэн дүлий царайлан 21 дүгээр тойрог руу мацсаар…
Нэр дэвшигч Б.Лхагважав ч мөн л ялгаагүй, тойргоо сольсон нэгэн. УИХ-ын 2008 оны сонгуульд бие даан нэр дэвшихдээ өнөөгийн МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдтой Сүхбаатар дүүрэгт халз үзэж байв. Иргэний хөдөлгөөнөөр имижээ хийсэн тэрбээр өрсөлдөгчөө “Бороо гоулдын алтыг ухаж, гадаадад гарган, ухсан нүх, овоолсон шороо үлдээсэн олигархид Монголын ард түмэн итгэл үзүүлж сонгож болохгүй” гэх сөрөг PR-ыг хүчтэй хийн ач тач үзэж байсан ч сонгогчид түүнд итгэл үзүүлээгүй тул ялагдал хүлээсэн. Ялагдалдаа шарлахсан тэрбээр гудамжинд гарлаа, С.Баярын Засгийн газартай дайн зарлав. 2009 оноос дайны гал улам дүрэлзэв, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний зохицуулагч тэрбээр “Миний Монголын газар шороо”, “Эрс шинэчлэл” зэрэг хэд, хэдэн хөдөлгөөнүүдтэй хүч хавсран Монгол Улсын Засгийн газрыг “Айвенхоу майнз Монголиа инк” компанитай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах замд нь бүхий л талаар хориг тавихаар үзэлцэж эхлэв.
Монгол Улс энэ том ордын эзэн нь атлаа ердөө 34 хувийг эзэмшээд, хөрөнгө оруулагч тал 66 хувьд эзэн суух болсон нь ард түмэнд ч таалагдсангүй, тиймээс иргэний хөдөлгөөнийхний эл тэмцэл олон нийтээс хамгийн их дэмжлэг хүлээж байсан юм.
Энэ үйл явдалтай давхцан тэр жил Монгол Улсад нэг том үйл явдал тохиосон нь Ерөнхийлөгчийн сонгууль байлаа, эл сонгуульд Ардчилсан намаас өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялалт байгуулж, экс ерөнхийлөгч Н.Энхбаяр өвдөг шороодсон нь эрхгүй намынхаа эсрэг босч, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэн иргэний хөдөлгөөнийхөнтэй нэгдэхэд хүрэв. Тэр үед хөдөлгөөнийхнөөс одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамгийн ойр дотно шадарлаж эл гэрээг эсэргүүцэн тэмцэгчийн нэг нь нэр дэвшигч Б.Лхагважав байсан гэхэд бүр итгэж ядам. Тухайн үед телевизийн сувгаа TV-9 –дээр тааруулахад л Б.Лхагважав ярьж байлаа шүү дээ, бурхан минь. Гэвч тэдний үерхэл урт насалсангүй, Н.Энхбаяр нь МАХН-аа шинээр эмхлэн байгуулж завгүй болсон бол МАН-ыг хөгшин коммунистаар нь дуудан, үзэж чадахгүй байсан Б.Лхагважав бүр “хөнжилд” нь гүйгээд орчихов оо, “хөөрхий”. Нөгөө аймшгийн коммунист мэнгэт Ц.Нямдорж, С.Баяр гээд хуучцуултай нэг оронд орчихож байгаа байхгүй юу. Түүнийгээ мань хүн “Дотор нь орж байгаад цэвэрлэгээ хийнэ” гэж хэлж байсан ч цэвэрлэж харагдаач… Өөрөө бүр тархиа угаалгаад, өнөөх хөдөлгөөнд байснаасаа дор үзэл бодолтой болчихдог байгаа. Хүний араншин хувирна хувирна гэхэд, ингэтлээ үзэл бодлоо худалдаж болох уу.
Үзэл бодлоосоо төдийгүй хөдөлгөөнөөсөө, тойргоосоо урвасан түүний хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвших нүх сүв олохын тулд л хийсэн алхам байж… Тэр одоо “дайснуудтайгаа” цуг намдаа суудал авчрах их тулаанд тэмцэж явна.
Хаврын хавсарга, зуны халуун, өвлийн тэсгим хүйтэнд хамтдаа тэмцэж явсан хөдөлгөөнийхнөө жийгээд шүү.
Гэхдээ сонгогчид тэнэг биш, тэр тусмаа зургаа дахь сонгуулиа өгөх гэж байгаа Монголын ард түмний хувьд “Урвагчид” ямар хариу барихыг бичихэд илүүц биз. Сонгогчдын итгэл үнэмшлийг урвагчид худалдаж авах боломжгүй болохоор одоо тэдэнд ялагдал л харагдаж байна даа.
http://dayarmongol.mn/
URL: